1942 хүүхэд хамгаалагч нийслэлд ажиллана

Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр улс орон даяар зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр ХНХЯ, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлж байгаараа онцлог юм.

Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг болж, Ерөнхийлөгч Х.Баттулга, ХНХ-ын сайд С.Чинзориг болон албаны төлөөлөл оролцон үг хэллээ.

“Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 740 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ

Нээлтийн арга хэмжээнд ХНХ-ын сайд С.Чинзориг “Энэ онд Засгийн газар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тал дээр албан даалгавар гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоолоор Хүүхэд хамгааллын жишиг бодлого, Байгууллага бүрд эцэг эхийн зөвлөл ажиллах зөвлөмжийг батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хамгааллын үйлчилгээний чанар, үр дүн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 2018 онд 5.6 тэрбум төгрөг, 2019 оны улсын төсөвт 8 тэрбум төгрөгийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 60 дугаар зарлигаа гаргаж, “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлиг буулгасан. Монгол Улсын Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөс хүүхдийн  эрх, аюулгүй байдалд онцгойлон анхаарч байгаа нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын оролцоо, хамтын ажиллагаа өргөжиж байгаа гэж бид үзэж байна. ХНХЯ-наас Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг баталж, ЦЕГ-тай хамтран 2019 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлэн боллоо. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад ахмад настны оролцоо , хамтын  ажиллагааг дэмжиж ахмад настны тухай хуульд заасан ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, хамтын хөдөлмөрийг дэмжих хүрээнд төсөв батлуулсан. Ингэснээр  “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороо, 21 аймагт нийт 1949 хүүхэд хамгаалагчийг ажиллуулахаар зардал, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлээд байна. Энэхүү “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг хэрэгжүүлэхэд нийт 740 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд  хүүхэд хамгаалагчдад олгох цалин хөлс, урамшууллын зардал болох 460 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, хүүхэд хамгаалагч нарын сургалтын зардал, иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын зардалд 235  сая төгрөгийг Хүүхэд, хөгжил хамгааллын хөтөлбөрийн зардлаас 45 сая төгрөгийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас тус тус санхүүжүүлэхээр бид шийдвэрлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хамтран ажиллана. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад салбар дундын хамтын ажиллагаа өргөжиж, иргэд олон нийтийн ойлгоц хандлага нэмэгдэж хүүхдийн эсрэг хүчирхийлэл өмнөх оноос буурсан байх болно гэж хүсэн хүлээж байна“ гэв.

“Хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой”

Арга хэмжээг нээн Ерөнхийлөгч Х.Баттулга “Улсын үндэс, үндэсний ирээдүй болсон гэр бүл, хүүхдийг эрхийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад бүхний анхаарлыг хандуулах төрийн бодлогыг чиглүүлэхээр та бид энд хуран цуглаад байна. Монгол Улс хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй , бие даан амьдрах чадвартай,  нийгмийн хариуцлагатай өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг  хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлган хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн 3 илийн байдлаар хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, 4922 гэмт хэргийн улмаас  хүүхдүүд хохирсон. Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль , гэрийн хооронд  ирж очих замдаа гэмт хэрэгт өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна. Иймээс хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн хүүхдийг олон нийтийн газарт гэмт хэрэгт өртөн хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийн аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх Хүүхэд хамгаалагч төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй  ажиллаж байгаа иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Миний бие зарлиг гаргаж 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон  зарласан. Энэ зарлигт хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, хууль, хөдөлмөрийн хэрэгжилт уялдаа холбоог хангах хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх зэрэг ажлуудыг Засгийн газарт чиглэл болгосон. Хүүхдээ хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөн сурган хүмүүжүүлж боловсруулах нь хүн бүрийн үүрэг гэдгийг мартаж болохгүй. Хүүхдийн хагжилд хамгааллын жилийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна. Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна” хэмээв.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрджээ

Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харьяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгт ирсэн иргэд нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдсэн байв. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ буюу 60 гаруй томоохон аж ахуйн нэгжид ажлын захиалга өгөх боломжтой. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлж байлаа. Тиймээс өдөрлөгт ирснээр ажилд зуучлуулах боломж нээгдэнэ гэдгийг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа онцоллоо.

Бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлэн ажил хайж байгаа хүмүүст том боломж олголоо. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Дашрамд сонирхуулахад Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө шаардлагатай байгаа бол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. dahiad l untchij... haha

    0 0 Хариу бичих