Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Өрийн дарамтад орж, зээлээс зээлийн хооронд амьдардаг иргэдэд энэ бол магнайг нь тэнийлгэсэн мэдээ. Харин санхүүгийн салбарынхны үзэж буйгаар зээлийн хүүг хууль баталж буулгах нь “Эдийн засгаа хөмөрч байгаа хэрэг" гэдэг тайлбар өгч буй.
Зээлийн хүү өндөр байх нь ерөөсөө л бэлэн мөнгөний хомсдолоос үүдэлтэй. Аливаа банкууд зээл гаргахын тулд иргэдээс хадгаламж татна. Өнөөдөр хадгаламжийн хүү 13-14 хувь байгаа. Иргэдээс татсан энэхүү хадгаламжийн мөнгөө буцаан зээл болгон гаргахдаа банк зарим нэг зардлаа мэдээж нэмнэ. Жишээ татъя л даа. Хятадаас бараа аваад Улаанбаатарт ирж зарахдаа авсан үнэ дээрээ замын болон бусад төрлийн зардлаа нэмээд, бас ашиг олон үүднээс ч гэсэн үнээ нэмдэг. Түүн шиг банк үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал зэргээ тухайн иргэдээс татсан хадгаламж дээрээ нэмж тооцоод зээл гаргана. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин, АТМ-ны тоог нэмэх, үйл ажиллагаагаа сайжруулах, баримт өгөх, цахилгаан, дулааны мөнгөө төлөх гэх мэт банк бас зардал гаргана шүү дээ. Тэгэхээр нөгөө 13-14 хувиар татсан хадгаламжаа зээл болгон гаргахад хүү нь дунджаар 18-19 хувь болж байгаа юм. Тэгвэл одоогийн хэлэлцэх гэж буй хуульд дурдсанчлан 14 хувь руу хүү унавал ямар эрсдэлтэйг Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл дараах байдлаар танилцуулсан юм. Тэрээр, “Арилжааны банкнаас олгосон зээлийн нөхцөл байдлыг харахад 18-19 хувийн хүүтэй зээл нь хэрэглээний буюу цалин тэтгэврийн зээл байна. Харин 14-15 хувийн буюу харьцангуй бага хүүтэй зээлийг томоохон аж ахуйн нэгжүүд авсан байдаг. Үүнээс харахад хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн зээл авах боломж хумигдана. Учир нь арилжааны банкуудад одоогийн олгож байгаа хүүтэй нь ижил тул аж ахуйн нэгжүүдэд зээл олгох нь мэдээж. Ингэхээр зах зээлд эргэлдэх бэлэн мөнгө ч хумигдана” гэсэн юм.
Зээлийн хүү буурах нь эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтайг өнгөрсөн түүх харуулсан. Ойрын жишээ л гэхэд 2016 онд эдийн засаг доод цэг рүү унахад, хүү эсрэгээрээ дээшээ чиглэж байлаа. Сүүлийн хоёр жилд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр өндөр, экспорт ч түүхэн дээд амжилтад хүрсэн. Ингэхэд 20 хувьтай байсан хүү 18-19 хувь руу унасан. Энэ оны эхний улирлын байдлаар гэхэд 17 хувь руу буугаад байна. Ингэхээр яах аргагүй хүү буурах шалтгаан бол эдийн засгийн өсөлт юм. Тэгвэл зээлийн хүүг тогтоох гэдгийг салбарынхан улс төрийн зорилгоор гэж харж байна. Нэгэнт хэлэлцэхээр орж ирсэн энэ хуулийг гишүүд дэмжинэ, дэмжихгүй гэдэг л сонголтоор шийднэ. Хэрэв дэмжвэл эдийн засгаа хөмөрнө. Дэмжихгүй бол зээлийн хүү өндөр байхад дэмжээгүй иргэдэд “хайргүй” гэсэн нэр зүүж, олон нийтэд үзэн ядагдана. Ингэхээр зээлийн хүүг дэнчинд тавиад их “ухаалаг” улс төр хийж байгаа хэрэг аж.