Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмаас 2008 онд монгол хүн анх удаа алтан медаль хүртсэнээс хойш монголчууд дараагийн олимпыг хоног тоосон хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас дараагийн олимп 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Япон улсын нийслэл Токио хотноо болно гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Мөн 2008 оны олимпоос өмнө “Ямар нэгэн медаль авч л байвал болоо” гэж үздэг байсан монголчуудын сэтгэхүй өөрчлөгдөж олимп бүрээс алтан медаль хүлээх болсон юм. Токиогийн олимпоос ч ялгаагүй алтан медаль хүлээх нь ойлгомжтой.

Токиогийн олимп бол монголчуудын хувьд онцлог ихтэй. Монгол Улс хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байлаа. Анхны олимпоосоо медаль авч чадаагүй ч олимпод оролцож эхэлсэн гэдэг нь том амжилт байсан юм. Түүнээс хойш олимп дэлхийн томоохон хотуудад ээлж дараалан зохион байгуулагдсаар Монгол Улс анх удаа оролцож эхэлсэн Токио хотод эргэн ирж байна. Мөн энэ удаагийн олимпыг Монгол хүн нээх магадлалтай. Тодруулбал, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Токиогийн олимпыг ёокозунагийн ёслолоор нээх магадлалтай юм. Хэрэв ийм зүйл болбол 2020 оны Токиогийн олимп нээлт монголчуудад сайхан дурсамж үлдээнэ. Тамирчид маань өндөр амжилт үзүүлбэл бүр ч сайхан. Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зохион байгуулагч орон олимпын бэлтгэлээ хэдийнээ базааж эхэлсэн бөгөөд тамирчдын медалийг дахин боловсруулсан хаягдал материалаар урлаж, олимпын бэлэг тэмдгийг анх удаа амьд амьтан бус роботоор дүрслэхээ дуулгасан. Олимп зохион байгуулагч орон ийнхүү бэлтгэлээ базааж байгаатай адилхан манай улс ч олимпод оролцох бэлтгэлээ хангасаар байна. Тус олимпод Монгол Улсын тамирчид ямар ажилт үзүүлэх нь одоо хийж буй бэлтгэл сургуулилтаас шалтгаална. Монголын үндэсний олимпын хороо “Токио-2020” олимпод хэрхэн бэлтгэл хангаж байгаа талаар тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы байр суурийг сонирхлоо.

2020 оны олимп болоход жил гаруй хугацаа үлдлээ. 2020 оны олимпод Монгол Улс 40 эрх авах зорилго тавьсан. БСШУСЯ-тай хамтран ажиллаж, дэд хороо, ажлын хэсэг байгуулан олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Олимп ойртон тамирчдын дунд өрсөлдөөн ширүүн болж шинэ эм, витаминууд нэмэгддэг. Тэр ч утгаараа Оросын тамирчдаас допинг илэрч байсан гашуун туршлага бий. Гэхдээ Биеийн тамир, спортын газар, олимпын хорооноос допингийн шинэ мэдээллийг тухай бүрт нь шигшээ багийн багш, дасгалжуулагчдад сургалт, семинар зохион байгуулан өгдөг. Тамирчид үүнд маш анхааралтай хандах хэрэгтэй. Манай шигшээ багийн тамирчдын хувьд олимпын эрх авах оноо цуглуулалт өндөр байгаа. Олимпын эрх авах голлох тэмцээн уралдаанууд 2019 оны сүүл, 2020 оны эхээр болно.

Паралимпын 3 төрөлд 4 тамирчин эрхээ авчээ

Манай баг тамирчид “Токио-2020” олимпод чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, таеквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, пара таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара байт харваа, пара пауэлифтинг төрлүүдээр оролцохоор бэлтгэлээ базааж байна. Олимпын өмнөх жил болон олимп эхлэхээс өмнөх хагас жилд оноо олгох гол тэмцээн уралдаанууд болдог. Одоогийн байдлаар манай улс паралимпын 3 төрөлд 4 эрх авсан.

“Токио-2020” паралимпын эрх авсан дөрвөн тамирчин:

Пара таеквондогийн төрөл (эрэгтэй) 61 кг-д Г.Болор-Эрдэнэ Пара таеквондогийн төрөл (эмэгтэй) 49 кг-д Х.Энхтуяа Пара буудлага 10 метрийн ганцаарчилсан зайн төрөлд ОУХМ З.Ганбаатар Пара пауэрлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ

Мөн хэдхэн хоногийн өмнө  БНХАУ-ын Бээжин хотод Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд онч сорьсон, спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноогоор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэхийн сацуу ОУХМ цолны болзол хангаж, "Токио-2020" олимпийн наадмын эрхийг авчирсан. Өчигдөр мөн уг тэмцээнээс ОУХМ Э.Даваахүү 10 метрийн хийн гар бууны төрлөөр олимпийн эрх авлаа.

Аливаа улс орнууд спортын хөгжлийг даган спортын шинжлэх ухаанаа дээд түвшинд хөгжүүлсээр байна. Харин манайд спортын шинжлэх ухаан сайн хөгжөөгүй. Энэ нь олимпоос медаль хүртэх өндөр магадлалтай, монголчуудын хувьд итгэл найдвар болсон чөлөөт бөхийн тамирчнаас допинг илэрснээс харагдаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос допинг илэрсэн. Олон нийтийн хамгийн их итгэл найдвар тавьдаг спортын төрөл бол чөлөөт, жүдо, бокс. Хамгийн их итгэл найдвар тавьж байсан чөлөөт бөхийн тамирчнаас допинг илэрсэн нь “Түүн шиг өндөр амжилт гаргах магадлалтай тамирчид маань анхаарал болгоомжгүй байдлаасаа болж допингийн асуудалд орох вий” гэсэн болгоомжлолыг монголчуудын дунд бий болгоод байна. Түүнчлэн энэ салбарыг удирдаж байгаа хүмүүсийн эв зүйгүй байдал нь допингоос ч илүү санаа зовоох хэмжээнд хүртэл. Гаргасан амжилт, байгаа байдалдаа харьцангуй сэтгэл хангалуун байдаг гэж ойлгодог Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга МҮОХ- ны гишүүн М.Бөхбат зарим зүйл дээр бухимдалтай явдгаа хэлсэн юм.

Миний хувьд МҮОХ-нд сэтгэгдэл дундуур байдаг. Бид өнгөрсөн сонгуулийн үеэр алдаатай шийдвэрүүд гаргасан. Тиймээс удирдлага, зохион байгуулалт, дүрмээ шинэчилж нийт тамирчид, сонирхогчдодоо хандсан байгууллага болох ёстой. Шинжлэх ухааныг илүү ашиглаж тамирчдаа бэлддэг менежмент нэвтрүүлэх хэрэгтэй. Манайд спортын шинжлэх ухаан сайн хөгжөөгүй, орхигдсон. Гэтэл гаднын улс орнууд спортоороо дамжуулан шинжлэх ухаанаараа өрсөлддөг. Түүний нэг хэсэг бол яах аргагүй допингийн асуудал. Манайхаас жил бүр үндэсний бөх болон бусад төрлийн спортын тамирчдаас допингийн асуудал илэрдэг. Шинжлэх ухааны нотолгоотойгоор тамирчдын бэлтгэл сургуулилтад хэрэглэж байгаа бүхий л бүтээгдэхүүнийг нэг газар зангидах ёстой. Тэр газар нь МҮОХ байх ёстой гэж боддог. Гэвч энэ тал дээр төрийн байгууллага, МҮОХ, спортын хороод дандаа зөрчилдөөнтэй явсан учраас тамирчин хохирдог. Манай холбооны тамирчдын тухайд олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд үргэлжилж байна. Харамсалтай нь, улсын эдийн засаг төдийлөн сайн биш учраас бидэнд олгож байгаа мөнгө, санхүүжилт дутагдалтай байгаа. Ялангуяа Токио-2020 олимпод жүдо багийн тэмцээнээр орохоор болсон ч тамирчдын тоо, тэмцээн уралдаанд явах зардлыг нэмээгүй. Тиймээс бид өөрсдөө санхүүжилт босгож байгаа" гэв.