Чойнхорын Найдандорж хэмээх бие хүнийг монголчууд эрс хурц үгтэй, язгуурын эрэлхэг төрхтэй Зэв жанжины дүрээр мэддэг билээ. Харин түүний хувь хүнийг театрын олон бүтээлээр нь төсөөлнө. Ч.Найдандорж найруулагч ихэвчлэн туульсын мөн чанартай бүтээл туурвиж ирсэн. Цэргийн театр, Улсын Драмын Эрдмийн театр, “Инээдмийн ТҮЦ”-д тавьсан түүний жүжгүүд сонгодог туульсаас нийгмийн драм, инээдэм гээд асар олон өнгө аястай. Гэхдээ тэр ямагт хурц дүр, эрс эргэлт, ёс суртахуун хийгээд гүн ухааны гүнзгий асуудлыг хөндсөн “сонгодог хийц”-тэй жүжгүүдийг сонгож, амилуулж иржээ. Хамгийн товчхондоо түүний уран бүтээлчийн замнал, уран бүтээлчийн танин мэдэхүй бол Монголын театрын сонгодог уламжлал хийгээд шинэчлэлийн гүүр юм.
“Урлагийн заал”-ыг цоожны нүхээр харсан хүүхэд нас
Таныг хотын хүүхэд гэж дуулсан юм байна. Уламжлалт асуултаар яриагаа эхэлье дээ...
Би хоёр ах, хоёр эгч, нэг эмэгтэй дүүтэй хүн. Миний бага нас хуучнаар 500 айл, одоогийнхоор бол III, IV хороолол хавьцаа өнгөрсөн. Бас 5-6 настайдаа Төв аймагт байсан. Хотод нүүж ирээд 10 жил болоогүй хөдөөгийн айлуудыг тухайн үеийн төр засгийн шийдвэрээр нутаг руу нь буцааж нүүлгэсэн юм. Манайх Төв аймгийн Өндөрширээт сумаас хот руу орж ирсэн. Буцаад Өндөрширээт рүүгээ нүүх гэхээр хотод нүүж ирээд удчихсан учраас мал маллаад амьдрах боломжгүй. Тиймээс аргаа бараад Төв аймаг руу нүүж хоёр жил болоод хууль хуучрахаар нь буцаад хот руу нүүсэн. Нэгдүгээр ангидаа 28 дугаар сургуулийн Гомбо гэж хөгжмийн багшийн ангид орж байлаа. Өөрөө хөгжмийн багш учраас ангийнхаа 42 хүүхдэд бүгдэд нь мандолин бариулаад тоглохыг нь зааж байж билээ. Хөгжмийн багш учраас багаас нь хөгжимтэй ойр байлгах зорилготой байж л дээ. Хоёрдугаар ангиасаа 22 дугаар сургууль руу, гуравдугаар ангидаа 40 дүгээр сургууль руу шилжсэн. Нэг ангид ногдох хүүхдийн ачаалал их байсан учраас ойр хавийнхаа сургууль руу их шилжүүлдэг байж дээ.

Гэр нь ойрхон, эсвэл харьяаллын дагуу гээд л олон зүйл нөлөөлдөг байсан байлгүй дээ. Би яагаад тэгж их олон шилжсэнээ хэлж мэдэхгүй юм. 40 дүгээр сургууль бага сургууль байсан учраас дөрөвдүгээр ангиа төгсөөд дахиад өөр тийш явах шаардлагатай болж, дөнгөж ашиглалтад орсон 47 дугаар сургуульд орсон. Энэ сургуульдаа 14 хоног л сурсан байх. Тэгээд Таван шарын 12 дугаар сургууль руу шилжсэн. Эндээ харин нэг тогтож, 10 дугаар анги төгстлөө сурч, тэр хавиар чулуугаар байлдаж, хөлбөмбөг, тэвэг тоглож өссөн дөө.
Та багаасаа л урлагийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байв уу?
Ер нь урлагт дуртай шинж хар багаас л байсан шиг... Гомбо багш маань хөгжмийн багш учраас сургуулийнхаа шинэ жилийг зохион байгуулна. Багшийг урлагийн зааланд ороод хүүхдүүдийн концертыг найруулахаар араас нь дагаж очоод цоожны нүхээр харж байснаа санадаг юм. Цаасаар жанжин малгай, бамбай энэ тэр хийчихсэн хүүхдүүд “Шивээ Хиагт” дууг дуулж концертоо бэлдэхийг хараад хорхойсож билээ. Харин дараа нь 40 дүгээр сургуульд очоод, гуравдугаар ангидаа хамгийн анх тайзан дээр гарсан. Нэг хүүхэдтэй хамт
“Ногоон зүлэг байна аа гээд Наадмын ёстой бөх шиг Хамаагүй чанга унагаавал Харин би чинь уурлана шүү Чи өөрөө барилдъя гэчихээд Чанга унагаавал уурлана гээд Яагаа ч үгүй байхад хулчийдаг Янзын жаал чинь чи шүү дээ” гэдэг дууг дуулж урлагийн үзлэгт орсон юм. Тэр үед ганцхан Монгол телевиз (МҮОНТ) л гардаг байсан. Телевизийн хүүхдийн нэвтрүүлэг гарахаар хөтлөгч хүүхдийг нь харчихаад “Би энэ нэвтрүүлгийг хөтөлж үзэх юмсан, би чадна даа” гэсэн бодол цээжинд багтдаг байлаа. Хүүхэлдэйн театрын гавьяат жүжигчин Б.Чимэддорж гуайнх 28 дугаар сургуулийн урд манай хашаанд хоёр жил болсон юм. Тэр үед салаад уначихсан хүүхэлдэйн толгойд даавуу залгаж оёод хуруугаараа тоглуулдаг хүүхэлдэй хийгээд, тэрийгээ Чимэддорж гуайд тоглож үзүүлтэл нэг их магтуулж билээ. Манай нагац эгч Должин гэж уран хүн байсан. Тэр эгч маань дөрөв билүү тавдугаар ангид байхад надад жанжин малгай хийж өгсөн юм. Нөгөө малгайгаа өмсөөд нэг модон сэлэм барьчихаад өөрийгөө толинд хараад Сүхбаатар жанжин болчихлоо гэж л төсөөлдөг байлаа. Би туранхай, өндөр хүүхэд байсан юм. Тухайн үед Сүхбаатар жанжныг “Гоймон баатар” гэж нэрлэдэг байсан болохоор “Над шиг л хүн байсан байх даа” гэж дотроо бодно.
Та сурагч байхаасаа жүжигчин Б.Батзаяатай найзалж эхэлсэн гэдэг байх аа?
Тийм. Намайг тавдугаар ангидаа 12 дугаар сургуульд шилжээд очиход Б.Батзаяагийнх манай нүүж очсон байранд байсан юм. Бид хоёр нэг байрны найзууд л даа. Б.Батзаяа маань насаар бол надаас хоёр ах. Ангиар бол надаас дөрвөн ангийн дээр. Одоогийн хүүхдүүд шиг зургаан настайдаа сургуульд орчихсон юм билээ. Нэг өдөр гэртээ байж байтал Б.Батзаяа орж ирээд гутлаа тослоод, их л чухал юманд явах гэж байгаа бололтой байна. “Хаачих гэж байгаа юм” гэсэн чинь “Өсвөрийн залуу инээлгэн баясгагч, алиа хошин шогчдын клубт явна аа“ л гэж байна. Тэгэхээр нь “Би хамт явья л даа” гээд дагаад явсан. Түүнээс хойш урлагийн салбарт явсаар өдий хүрлээ дээ.

Багшийн дээдийн Кино драмын ангид ч бас Б.Батзаяа гуай бэлдэж байсан гэж сонссон юм байна?
Найз минь намайг шалгалтад ёстой сайн бэлдсэн. Б.Батзаяа намайг паркийн зуны театрт дагуулж очоод шалгалтад бэлддэг байлаа. Өөрөө өмнө нь шалгуулж байсан учраас яаж шалгалт авдгийг нь мэддэг. Яг шалгалтын комисс шиг суучихаад “12 дугаар сургуулийн төгсөгч Чойнхорын Найдандорж ороорой” гэж зарлаад, бэлдсэн үзүүлбэрийг минь шалгаж зөвлөгөө өгөөд л... Ингэж хэд хоног бэлдээд шалгалтандаа орж тэнцсэн дээ.
Тэр үед жүжигчин Б.Батзаяа кинонд тоглоод үзчихсэн мундаг жүжигчин болчихсон байсан уу?
“Хөдөөгийн баясгалан” кинонд тоглочихсон, төгсөх ангийн оюутан байсан. Б.Батзаяа төгсөөд би элссэн байхгүй юу.
Нэг сумаар гурван туулай: Зэв жанжин, багш, найруулагч
Та бас оюутан байхдаа найруулагч Г.Доржсамбуу агсны найруулсан “Найрын ширээний ууц” жүжигт тоглосон биз дээ?
Багш нар шалгалт дээр суудаг учраас аль ангид ямар хүүхэд сурч байгааг мэддэг. Манай анги их онцгой анги байсан. Одоо энэ Д.Сосорбарам, Ж.Сүххуяг, Дорноговийн найруулагч Э.Санчигдан, “Гарын таван хуруу” кинонд тоглодог Я.Оюунцэцэг, Л.Баярсайхан гэх мэт авьяаслаг, нөлөө бүхий, сахилгагүй хүүхдүүд байсан юм. Сургууль дээр бид хэд ёстой салдаггүй, хичээлгүй үед гурван давхрын шатан дээр байнга зогсож байдаг, түүнийгээ тэхийн зогсоол гээд нэрлэчихсэн. Заримдаа сургууль дээр хичээлээ бэлдээд хонодог байлаа. Энэ үед л Г.Доржсамбуу найруулагч хичээл зүтгэл сайтай хүүхдүүд байна гэж анзаарсан байх. Манай ангийн хэдэн хүүхэд театрт дадлага хийж байх үед Г.Доржсамбуу найруулагч “Найрын ширээний ууц” жүжгээ тавьж таарсан юм. Тэгээд энэ жүжгийн зоо техникчийн дүрд Д.Сосорбарам бид хоёрыг өрсөлдүүлээд намайг сонгож тоглуулсан. Би Г.Доржсамбуу багштай цөөхөн уулзаж ярилцсан. Гэхдээ л асар их үлдэцтэй зүйлс надад хэлсэн байдаг юм. Би “Эрхүүд болсон явдал” жүжгийн Сергейн дүрээр гуравдугаар курсийнхээ ажлыг хийсэн. Багшийг сургууль дотор явж байхад нь таараад Сергейн дүр дээр ажиллаж байгаагаа хэлээд юм асуусан чинь “Би чамд бэлэн будаа өгөхгүй. Гэхдээ чамд баяр хүргэе. Ингэж асууж, сурч яваагаас чинь харахад чамд өсөж дэвжих ирээдүй байна. Их сайн байна. Харин наад асуудлаа өөрөө судал” гэж хэлчихээд яваад өгсөн. Энэ мэт хэлсэн үгүүд нь надад их тод үлдсэн. Театрт найруулагч байхад нь манай ом хүү Ариунболд төрсөн. Жүжгийн сургуулилтын үеэр чөлөө авч төрөх рүү явах гээд Г.Доржсамбуу найруулагчид хэлтэл “Алив чи үсэр” гэдэг юм байна. Би гайхаад дороо үсэрсэн чинь “Аан за за чи хүүтэй болох юм байна” гээд инээж зогсож билээ.
Гэхдээ үзэгч түмэн таныг жүжигчин гэхээсээ илүү найруулагчийн хувиар танина. Хэзээ анх “Найруулагч болох ёстой юм байна” гэж бодов?
Намайг жүжигчнээр ажиллаж байхад найруулагч Б.Мөнхдорж багш С.Эрдэнэ гуайн “Сандрал” зохиолоор жүжиг тавьсан юм. Би тэр үед жүжгийн найруулга их сонирхдог байлаа. Б.Мөнхдорж багш түүнийг маань анзаарсан юм шиг байгаа юм. Намайг жүжгийнхээ ассистент найруулагчаар авсан. Би жүжигчидтэй л ажиллана. Түүнээс биш жүжгийн найруулга руу орохгүй. Дараа нь Г.Доржсамбуу найруулагч театрт ирээд “Туйлшрал” гэж дөрөвдүгээр сарын 1-нд зориулсан тоглолт хийсэн юм. Ингэхдээ намайг бас ассистент найруулагчаар ажиллуулсан. Найруулагч Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу хоёр жүжигчинтэйгээ маш сайн ажиллаж хөгжүүлж, өөрчилж, авьяасыг нь нээж чаддаг найруулагчид байсан. Би энэ талыг нь их сонирхож, шүтэж, “Найруулагч болбол ийм л найруулагч болох юм сан” гэж боддог байлаа. Тэгээд найруулагчаар суръя гэж лав л гурван жил өргөдөл гаргасан. Театрын ерөнхий найруулагч Б.Мөнхдорж багш дээр өргөдлөө бариад орохоор “Битгий дэмий юм яриад бай, чи. Дуугүй жүжигчнээ л хий” гэнэ. Тухайн үед Москва хотын Театр урлагийн дээд сургуульд Б.Жаргалсайхан, Г.Урнаа тэргүүтэй залуучууд сурч байсан юм. Тэр үед надад нэг бодол төрсөн. “Удахгүй орос хэлтэй 20 орчим залуу хүрээд ирнэ. Аягүй бол театр орос хэл дээр жүжиг тавина. Тэгэхээр ер нь орос хэл сурахгүй бол болохгүй нь” гэсэн бодол. Ер нь уур амьсгал тэр тал руугаа хэлбийх хандлагатай байсан юм. Дээрээс нь жүжигчний уран чадвар, театртай холбоотой бүх мэдээлэл орос хэл дээр байсан. Ер нь орос хэл дээр далай шиг их материал байдаг байлаа. Гэвч би хэлгүйгээсээ болоод бүрэн ашиглаж чадахгүй. Энэ дутагдлаа нөхөхийн тулд Орос руу сургуульд явах хэрэгтэй. Энэ бодлоо ойр дотны хүмүүстээ ч хэлсэн. Талийгч болчихсон миний ангийн анд, амьдралд минь маш том үүрэг гүйцэтгэсэн найруулагч Санчигдан гэж найз минь байлаа. Сургуулиа төгсөөд би драмын театрт, Санчигдан Дорноговь руу найруулагчаар очсон. Энэ анддаа Орос руу явж сурах тухайгаа хэлтэл “Битгий тэнэгтээд бай. Найруулагч бол төрдөг болохоос сурдаг мэргэжил биш” гэсэн. Б.Мөнхдорж багш, найз хоёр маань дэмжихгүй болохоор жаахан эргэлзсэн байдалтай. Тэр үед 28 нас хүрээгүй залуусыг Орос руу сургуульд явуулдаг байсан юм. Ингэж байтал 1987 он болж Г.Доржсамбуу найруулагч театрын Ерөнхий найруулагчаар ирлээ. Тэгэхээр нь нөгөө өргөдлөө бариад л орсон доо. Би 27-той байсан учраас энэ хамгийн сүүлийн боломж. Г.Доржсамбуу найруулагч намайг дэмжиж өргөдөл цохож өгсөн. Тэгэхдээ “Чи миний төлөвлөж байсан олон жүжгийн гол дүрийг хаяж явлаа шүү. Чи үүнийхээ хариуцлагыг сайн найруулагч болж хариулаарай. Чи найруулагч болчихвол миний араас орно. Ийм ч дүрд тоглох юмсан, тэр ч дүрд тоглох юмсан гэж олон удаа харамсдаг миний зовлонг эдэлнэ” гэсэн. Би цохож өгсөн өргөдлийг нь бариад театрын А.Таяа дарга руу орсон чинь миний дэргэд шууд Соёлын яамны боловсон хүчин рүү залгаад, “Театрын Таяа байна. Би нэг хүүхэд явуулна. Манай театрын ирээдүйн найруулагч. Та нар энэ хүүхдийг сургуульд явахад нь тусал” гэсэн. Гэтэл цаанаас нь “Уучлаарай, Таяа гуай. Бүртгэл дуусчихсан” гэдэг юм даа. А.Таяа дарга “Юу ярьж байгаа юм. Ямар ч байсан энэ хүүхдийг бүртгэлдээ оруул” гэж байна. Тэр дор нь Соёлын яам руу гүйгээд очсон чинь “Таяа дарга ярьсан учраас л бүртгэлээ шүү” гэж хэлээд бүртгэсэн дээ. Ингэж л Орос явж сурах олон жилийн мөрөөдөл биелсэн.

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Зэв жанжины дүрд тэгэхээр та Орост сурч байхдаа тоглож дээ?
Тэгсэн. Таван жил сурсан. Намайг дөрөвдүгээр курст байхад “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийх гэж байгаа тухай яриа гарч бэлтгэл ажил нь эхэлсэн юм. Би ч яахав энэ кинонд оролцмоор санагдаад үс, сахлаа ургуулаад л байлаа. “Монголчууд Чингис хааныхаа тухай кино хийх гэж байхад таван жил театрт жүжигчнээр ажилласан би энд сураад байж байх ч гэж” гээд харамсаад л... Бид тавуулаа сурч байсан юм. Нөгөө дөрөвтөө “Та нар намайг харж байгаарай. Би өвлийн амралтаар яваад “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг киноны олны хэсэгт орно. Камер миний урдуур өнгөрч би танигдах төдий гарахад л болно. Миний зорилго ердөө л энэ” гэдэг байлаа. Ийм л зорилготой дөрөвдүгээр курсийнхээ өвлийн амралтаар Монголд ирсэн. Ирээд олны хэсэгт нь орохоор очлоо. Тэнд байсан хүмүүс намайг таньдаг учраас арай өнгөтэй өөдтэй хувцсаа өмсүүлээд бусад хүмүүсээс өөрөөр хүлээж авсан. Тэгээд зураг авалтад орох гээд нүүрээ будуулаад сууж байсан чинь Б.Балжинням найруулагч ороод ирлээ. Намайг харснаа “Хүүе, чи хаанаас гараад ирэв” гэж байна. Толгойгоо маажаад “Харин кинонд дүрээ үлдээх санаатай л явна” гэсэн чинь “Чи хаана байгаа юм” гэхээр нь Орост найруулагчаар сурч байгаагаа хэллээ. Гэтэл “Өө тийм балай юм байхгүй. Алив наад хувцсаа тайл” гэснээ Б.Нагнайдорж гуайг дуудаад “Энэ Найдандоржид Зэв баатрын хувцсыг хурдан өмсүүлээтэх” гэдэг юм байна.

Нөгөө олны хэсэгт хальт орох зорилготой ирсэн хүн чинь бүр Чингис хааны есөн өрлөгийн нэгт тоглохоор болчихдог...
Тэгэлгүй яахав. Зэв баатрын хувцсыг өмссөний дараа Б.Балжинням найруулагч “Май энэ үгээ ав” гээд нэг цаас өгөөд “Чамайг фото пробонд оруулахгүй шууд видео пробонд оруулна” гэв. “Хятадын жанжны цөс чинийхээс их гэж үү” гээд инээдэг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийнхээ үгийг хэлээд пробонд орсон. Проб дуусангуут Б.Балжинням найруулагч “Найдандорж оо асуудалгүй. Чи бол миний хүлээж байсан Зэв байна. Яамны коллегийн хурлаар орно. Гэхдээ тэд миний үгийг л дагана даа” гэж билээ. Тэгэхээр нь би бас өөдгүй зан гаргасан. Кинонд тогловол жилийн чөлөө авах шаардлагатай болох учраас “Би чинь оюутан, эхнэр хүүхэдтэй. Жилийн чөлөө авах боломжгүй” гэсэн чинь “Битгий олон юм яриад бай Соёлын яамнаас бичиг аваад сургуульдаа өг” гэлээ. Соёлын яамнаас бичиг авсан чинь “Мөнх тэнгэрийн хүчин дор” Монголын олон ангит киноны гол дүрд тоглохоор тэнцсэн тул туслалцаа үзүүлж чөлөө олгоно уу” гээд биччихэж. Энэ бичгээ аваад сургууль руугаа буцаж очоод удирдагч багшдаа өглөө. Багш намайг “Хүлээж бай” гэж хэлээд гараад явлаа. Таван минут л болсон байх, буцаж орж ирснээ “За Найдандорж оо чиний хүсэлтийг биелүүлсэн. Чи өнөөдрөөс хичээлийн чөлөөт хуваарьтай оюутан боллоо” гэж байна. Чөлөөт хуваарьтай оюутан гэдэг нь би зөвхөн шалгалтаа л өгнө, бусад үед чөлөөтэй гэсэн үг. Ингээд дөрөвдүгээр курсийн сүүлийн семистр, тавдугаар курсийнхээ хичээлд бүтэн суугаагүй.
Нэг сумаар хоёр туулай бууджээ?
Ёстой л тэр чинь болсон доо. Очоод дипломоо хамгаалчихаад л хүрээд ирсэн. Энд Багшийн дээдийн кино драмын ангийг төгссөн учраас ихэнх программ энд үзсэн хичээлээр бөглөгдчихдөг байсан. Чөлөөт хичээлийн хуваарьтай оюутан болгоход энэ байдал нөлөөлсөн байх. Харин тавдугаар курсийнхээ ихэнх хугацаанд дадлага хийх шаардлагатай байдаг юм.
Кинонд тоглохоос өөр илүү дадлага гэж юу байхав дээ?
Тэгэлгүй яахав. Кинонд тоглох чинь жинхэнэ дадлага шүү дээ. Киноны зураг авалт зун эхлэх байсан учраас тэр болтол хийх ажилгүй. Нэг өдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд явж байсан чинь театрын дарга байсан Б.Зориг ахтай таарлаа. Тэр үед СУИС-ийн хичээлийн эрхлэгч байсан юм. “Чи юу хийгээд байна” гэхээр нь “Зун кино зураг эхлэхийг хүлээж байна” гэсэн чинь “Чи ингэж дэмий тэнэхгүй ээ. Маргааш СУИС дээр хүрээд ир” гэж байна. Маргааш нь яваад очсон чинь СУИС-ийн захирал Ж.Баатарцогт “Энэ нөхөр дэмий тэнээд яваад байгаа юм байна. Тэр мюзиклийн ангийг энэ нөхөрт өг” гэдэг юм байна.
Бүр анги даалгаад өгчихөж байгаа юм уу?
Тийм. Бүр анги даасан багш болчихдог юм байна. Орост сурах, кинонд тоглох, СУИС-д багшлах гээд гурван ажлыг нэг дор амжуулдаг байна шүү.
Нэг сумаар бүр гурван туулай буудсан юм байна шүү дээ?
Гэхдээ би СУИС-ийн түүхэнд нэг муу зүйл хийсэн байх гэж боддог юм. Би тэр хамгийн анхны мюзиклийн ангийг тараачихсан юм. Мюзиклийн нэг ангийг Орост сургах гэтэл оросууд хүлээж аваагүй учраас СУИС ийм анги нээсэн юм билээ. Би нэг өдөр сургуулийнхаа захирал Ж.Баатарцогт, сургалтын менежер Б.Зоригт ах хоёртой уулзаад “Энэ хүүхдүүд мюзиклийн ангийг төгслөө гэхэд манайд мюзикл бичих зохиолч, хөгжмийн зохиолч, тусгай тайз, театр нь байгаа юу?” гэсэн чинь “Аль ч байхгүй” гэж байна. Тэгэхээр нь “Та нар тэгээд яагаад айлын хүүхдүүдээр тоглоод байгаа юм. Одоо энэ ангийг тараа. Авьяастай хүүхдүүдийг нь кино драм анги руу оруул. Авьяас тааруухныг нь өөрийнх нь сонголтоор бусад анги руу оруул” гэж хэлээд ангиа тараасан. Харин намайг сургуулиа төгсчихөөд ирэхэд Ш.Доржсүрэн (Дооёо), Л.Баттулга (Аглуу) нарын ангийг нэгдүгээр курсээс нь даалгаж өгсөн. Энэ бол миний төгстөл нь удирдсан анхны анги.
Сурсан мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй учраас багшилсан юм уу?
Би 1992 онд сургуулиа төгсөж ирсэн. Намайг ирэхэд театрт найруулагчийн орон тоо байгаагүй. Г.Доржсамбуу найруулагч драмын театрт, Б.Мөнхдорж найруулагч цэргийн театрт ерөнхий найруулагч хийж байсан. СУИС-д багшилж байтал Б.Мөнхдорж найруулагч, Тунгалаг дарга хоёр намайг цэргийн театрт хүрээд ир гэсэн. Очоод хамгийн анх “Худалч эхнэр” гэж инээдмийн жүжиг тавьсан. Энэ жүжгийг драмын театрын захирал А.Таяа гуай үзчихээд “Найдандорж оо жүжиг чинь надад гайгүй сэтгэгдэл төрүүллээ. Би олон жил театрын дарга хийхдээ найруулагчийг гурван зүйлээр дүгнэж ирсэн. Нэгдүгээрт, сонгогдог жүжиг тавьж чадаж байна уу, үгүй юу?. Хоёрдугаарт, инээдмийн жүжиг тавьж чадаж байна уу, үгүй юу?. Гуравдугаарт, том жүжиг тавьж чадаж байна уу, үгүй юу гэдэг шалгуур. Энэ гурван шалгуураар би Монголын найруулагч нарыг хэмжиж ирсэн юм” гээд Л.Ванган, С.Гэндэн, Э.Оюун, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу гээд л аваргуудыг нэрлэж байна. Намайг ч бас энэ гурван хэмжүүрээрээ шалгахаа хэллээ.
“Найруулагч бол мэргэжил биш амьдрал...”

Та драмын театрт найруулагчаар ирээд хамгийн анх “Ромео Жульетта”-г тавьж нэг шалгуурыг нь биелүүлжээ...
Тэгж хэлж болно.
Гэхдээ хэн бүхэнд ийм хувь тавилан олдохгүй л дээ...
Би 1995 онд театрт найруулагчаар ирсэн. Театрын даргаар намайг СУИС-д багшаар авсан Б.Зориг ах, ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж багш ажиллаж байсан юм. Тухайн үед Монголын нийгэм үнэхээр хэцүү байсан. Юун жүжиг үзэхтэй манатай. Уран бүтээлчид ч яахаа мэдэхгүй ороо бусгаа үе байлаа. “Шилжилтийн үе” гэлцдэг дээ. Театрын багахан цалингаар амьдрах хэцүү шүү дээ. Энэ үед театрыг цэгцтэй болгох шаардлагатай байсан. Б.Зориг ах, Б.Мөнхдорж багш хоёр бол их зөөлөн хүмүүс. Тиймээс галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй зүрх, зориг тэр хоёрт хэрэгтэй байсан юм болов уу гэж одоо боддог юм. Би ч галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу байлаа. Өөрөөрөө бодоход 35 настай залуу гэдэг юу ч хийвэл хийхээр зүрх зоригтой байдаг юм билээ. Намайг ирснээс хойш театрт архи уудаг, хонож өнждөг хүн байхаа больсон. Ер нь дэг журамдаа орж, уран бүтээлээрээ амьсгалж үзэгчдээр дүүрч эхэлсэн. Би тухайн үед хийх ёстой ажлаа хийх ёстой цаг үед нь хийж дээ гэж боддог. Түүнээс биш би агуу Б.Мөнхдорж багшийн хажууд бусдаар бол өчүүхэн шүү дээ. Гэхдээ бид бие биеийнхээ дутууг нөхөж ажилласан. Нэгнийхээ дутууг нөхөж ажиллана гэдэг том давуу тал юм билээ. Хажууд Хан Хэнтий шиг Б.Мөнхдорж багш, нэр алдар хөөдөггүй, хэл амнаас айдаггүй Б.Зориг ах хоёр байсан учраас би зоргоороо ажилласан. Хэрэв хажууд ийм хүмүүс байгаагүй бол намайг аль хэдийнэ нусыг нь гоожуулаад хэмх дарчих байсан. Ер нь ингээд бодохоор юмны учир зүй, тавилан гэж их сонин л доо. Миний хажууд түшигтэй хүмүүс байсан учраас урам зоригоор дүүрэн байж сайхан уран бүтээл хийх боломж олдсон юм.
Тийм л учраас итгэлтэйгээр “Ромео, Жульетта” хэмээх дэлхийн сонгодог жүжгээр театрын найруулагчийн ажлаа эхлүүлж дээ?
Тэгэлгүй яахав. Одоогийн энэ Ерөнхий сайдын гаргасан төрийн албаныхан архи уухгүй гэдэг дэглэмийг би 1995 онд театрт тогтоож байсан юм. Тэгэхэд жүжигчин С.Дамдин, Ч.Алтан-Өлзий хоёр миний өрөөнд халамцуу орж ирээд “Найдандорж оо бид хоёр бол Л.Вангантай, С.Гэндэн, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуутай ажилласан хүмүүс. Чи бол театрт дэглэм тогтоож чаддаг юм байна. Харин жүжиг тавьж чаддаг эсэхийг чинь мэдэхгүй юм байна” гэсэн. Надад сөргүүлээд хэлэх үг олдоогүй учраас “Хоёр ах минь ухаантайхан шиг байгаарай. Дэм болдоггүй юм аа гэхэд битгий лай болоорой” гэж гуйгаад гаргаж байлаа. “Ромео, Жульетта”-г тавьж байж тэр хүмүүсийн амыг таглахаас өөр аргагүй шүү дээ. “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр” жүжгээ тавьснаас хойш үнэхээр хүлээн зөвшөөрсөн байх гэж боддог. Гэхдээ энэ бүхнийг хийхэд олон зүйл өлөөлсөн. Би ямар азаар Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүнтэй нэг цаг үед амьдрав, Б.Мөнхдорж, Б.Зориг гэдэг мундаг хүмүүсийн нөмөр нөөлөгт байв. Ямар азаар драмын театр туйлдчихаагүй, уламжлалаа хадгалаад байж байв. Авьяаслаг уран бүтээлчид нь театраа орхиод явчихаагүй байв. Хэрэв туршлагатай уран бүтээлчид нь байхгүй, дандаа шинэ залуу, яахаа мэдэхгүй уран бүтээлчидтэй байсан бол би юм хийж чадахгүй. Энэ бүхнийг хийх нөмөр нөөлөг, хамт олон байна гэдэг бол миний аз л даа. Хэрэв энэ бүхэн байхгүй байсан бол Найдандорж юу ч хийж чадахгүй.

Орос руу сургуульд явж найруулагч болно гэдгээ найздаа хэлэхэд чинь “Найруулагч бол төрдөг болохоос сурдаг мэргэжил биш” гэж хэлсэн гэсэн. Та одоо найзынхаа энэ үгтэй санал нийлэх үү?
Ер нь найруулагч, жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч хүн бол төрдөг. Энэ бол сурдаг мэргэжил биш. Хоёрдугаарт, үүнийг мэргэжил гэхэд хэцүү. Мэргэжлийн ажил гэдэг бол өдрийн найман цагийн ажлыг хэлнэ. Уран бүтээлч хүн байнга ажиллаж байдаг. Гэртээ ч ажлаа хийнэ. Энэ бол мэргэжил биш амьдрал байхгүй юу. Би нэг жүжиг хийхээр болбол ажлын цаг гэж байхгүй. Бараг эхнэр, хүүхдүүдтэйгээ ярихгүй. Бодно, сэтгэнэ, судална, уншина гээд ажил их. Орос руу сургуульд явахаас өмнө найзын маань хэлсэн үгийн тухайд бол би найзынхаа үгэнд итгээд зөвхөн хэл сурах зорилготой явсан. “Би хоёрдугаар курсээ төгсөөд, эсвэл гуравдугаар курсийн өвлийн амралтаар сургуулиа орхиод нэг мөсөн ирнэ. Найруулагч болохгүй. Орос хэл сурчихаад л ирнэ” гэж найздаа хэлээд явсан. Үүнийхээ дагуу гуравдугаар курсийн өвлийн амралтаар сургуулиа орхих дөхсөн. Найзын маань хэлсэн үг, театрын жүжигчдийн хэлсэн “Чи чинь жүжигчин хүн шүү дээ. Жүжигчнээрээ л байхгүй, яасан тэнэг хүүхэд вэ” гэдэг үг нөлөөлсөн. Бодвол жүжигчнийхээ хувьд найдлага төрүүлдэг байсан юм байлгүй дээ. Ер нь сургуулиа орхино гээд хувьдаа шийдчихсэн, өвлийн амралтаар ирэхдээ чухал хэрэгтэй ном гэх мэт гол хөрөнгөө аваад ирсэн. Ирээд эхнэртээ, хадамдаа би эхнээсээ ийм төлөвлөгөөтэй байсан гэдгээ хэлсэн. Хадам маань жаахан дурамжхан “Миний хүү өөрөө шийд дээ” гэж байна. Би чинь өнчин, том ахынхаа нөөлгөнд өссөн хүн шүү дээ. Том ахдаа сургууль руугаа буцаж явахгүй гэдгээ хэлтэл нэг их сонин болоод хүндээр хүлээж авснаа, “Бид нар эхээс зургуулаа. Манайхаас ганц сургууль соёлоор явж байгаа нь чи. Чойнхорын хүүхдүүдээс нэг нь ч гэсэн хоёр сургууль төгсчихөд буруудах юм байхгүй дээ” гэсэн. Ахын хэлсэн энэ үг миний зүрх рүү очсон юм. Тэгээд л би бодлоо өөрчилж сургуулиа төгсөхөөр шийдсэн дээ. “Найруулагч болох, болохгүй нь төгсөж ирээд л шийдэгдэнэ биз” гэж бодсон. Ахын тэр үг бол өнөөдөр найруулагч Найдандорж гэж нэрлэгдэх болсны гол зангилаа. Ах маань тэгж хэлээгүй бол би буцаж явахгүй байсан. Гуравдугаар курс гэдэг бол мэргэжлийнхээ хичээлийг үзэж эхлэх үе. Хоёрдугаар курсээ төгстлөө жүжигчнээрээ явдаг юм. Би Монголдоо жүжигчин мэргэжлээр сураад төгсчихсөн. Таван жил жүжигчин хийчихсэн учраас миний нэр хүнд сургуульдаа маш өндөр байсан.
Таныг ирээдүйд хэн байхыг ах чинь хэдхэн үгээрээ чиглүүлжээ?
Ах маань ганцхан намайг ч биш таван дүүгийнхээ гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн хүн. Өөд болтлоо бидэнд эцгийн оронд эцэг болж явсан. Ч.Найданжав гэж ямар хүн байсныг олон хүн мэднэ дээ. Мах комбинатад байсан, “ТБД андууд”-ыг үүсгэн байгуулалцсан хүн. Улс төр, спортын салбарынхан гээд манай ахыг танихгүй хүн цөөхөн. Таньдаг хүн бүр нь миний ахыг магтаж ярьдаг. Ийм л сайхан ахтай хүн дээ, би.
“Ажлаа мэргэжлийн түвшинд л хийх ёстой. Мөнгө бол хоёр дахь асуудал...”
Сүүлийн үед олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч театрт цөөхөн ажиллаж байна. Нуулгүй хэлэхэд, таны болон танаас дээш үеийнхэн хөгширчихлөө. Та бүхнээс хойш Н.Наранбаатар найруулагчаас өөр улс даяар хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний найруулагч гарч ирсэнгүй. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Манай театрт М.Батболд гэж Москвад сургууль төгсөж ирсэн найруулагч бий. Одоо Москвад нэг, БНХАУ-д нэг найруулагч сурч байгаа. Энэ хоёр маань ямархуу болохыг мэдэхгүй. Найруулагч М.Батболдын хувьд “Фауст” жүжигт нь би зөвлөхөөр ажилласан. Анхны ажлыг нь харахад хувь хүн болоод сонссон, мэдсэн зүйл нь боломжийн санагдсан. Одоо өөрийгөө батлах, тамгаа дарах хэрэгтэй. Ер нь найруулагч хүн сайн уран бүтээлээрээ өөрийгөө батлах тамгаа дарж байх хэрэгтэй. Би ямартай ч өндөр хүлээлттэй, залуусаа харж, итгэж байгаа.
Сайн найруулагчаас гадна сайн зохиол их чухал. Та түрүүн “Би ямар азаар Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүнтэй нэг цаг үед амьдарч байсан юм бэ” гэлээ. Сүүлийн үед шинэ жүжиг тавих гэхээр сайн зохиол олдохгүй байх зовлон байна уу. Хэдэн жилийн өмнө зохиолчдын дунд уралдаан зарлаж зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжиг шалгарсан. Уралдаан зарлаж байна гэдэг сайн зохиол олдохгүй байгаагийн илрэл мөн үү?
Зохиолч бол Монголд олон байна. Монголчууд чинь бүгдээрээ авьяастай шүү дээ. Хамгийн наад зах нь энэ саарал ордонд байгаа 76 бүгдээрээ авьяастай. Ямар мундаг зохиол бичицгээж байна аа. Үйл явдал нь маш их ээдрээтэй, тайлагдахын аргагүй өрнөж байна шүү дээ. Энэ 76 чинь ямар мундаг жүжигчин юм бэ. Төрийн соёрхолт Н.Сувд, П.Цэрэндагва нараас илүү тоглож байна. Олон улс энэ хэдийн жүжгийг үзэж алга ташиж байна шүү дээ. Монголчууд ийм авьяастай байхгүй юу. Харин бичих сонирхол өдөөгдөхгүй байна. Санаагаа жүжгээр илэрхийлье гэж бодогдохгүй байх шиг байна. Учир нь, жүжгийн зохиол бичлээ гээд амьжиргаанд нь сайнаар нөлөөлөхгүй байна. Бавуугийн Лхагвасүрэн гуай “Тамгагүй төр” жүжгээ бичээд 300 мянган төгрөг авсан. Би өөрөө амьд гэрч нь байна. Гэтэл “Тамгагүй төр” жүжиг Монголын жүжгийн зохиолын түүхэнд ямар байр суурь эзэлсэн билээ дээ.
БНХАУ-ын зохиолч Цао Юй “Аянгын бороо” гэдэг жүжиг бичсэнийхээ төлөө насан туршдаа төрийн хангамжид байсан. Ийм хүн чинь жүжиг бичихээс өөр юү хийх юм бэ. Авьяасыг төр ингэж ашиглаж, уран бүтээлүүдийг нь авч үлдэж байна. Цао Юй “Аянгын бороо” жүжгийг бичсэнээсээ хойш гурван ч сайн зохиол бичсэн. Ингээд л болоо шүү дээ. Угаасаа жил болгон зохиол бичнэ гэж байхгүй. Одоо Цао Юйгийн фестивалийг хоёр жилд нэг удаа Шанхайд зохион байгуулдаг. Энэ нь БНХАУ-ын театрын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх маш том босго болж байгаа. БНХАУ-ын олон найруулагч, жүжигчин Цао Юйгийн тухай сэдвээр эрдмийн цол зэрэг хамгаалж байна. Хэрэв Цао Юй байгаагүй бол БНХАУ-ын жүжгийн зохиолын түвшин дэлхийд нэлээд доогуур явах байсан. БНХАУ-ын жүжгийн зохиолын бүхэл бүтэн үеийг Цо Юү гэдэг хүн бүтээлээрээ авч явна. Бид зохиолчдоо ингэж үнэлэх ёстой. О.Дашбалбар агсны “Амьддаа нь бие биеэ хайрла” гэдэг мөрийг ёстой үнэн үг шүү гэж шогшроод байдаг хэрнээ нэг нэгнээ хайрлаж, үнэлэхгүй юм. Яагаад Д.Урианхай, Ш.Гүрбазарыг үнэлэхгүй байна вэ? Тэд сайн зохиолуудаа биччихсэн шүү дээ. Ядаж төр жүжгийн зохиолыг худалдаж авдаг болох ёстой.
Драмын театр ер нь зохиолоо яаж сонгодог юм бэ?
Театрт ямар жүжиг тавих вэ гэдгийг Уран сайхны зөвлөл хариуцдаг. Өнөөдөр Монголын нийгэмд ямар жүжиг хэрэгтэй байна, ямар жүжгээр мөнгө олж болох вэ, мөнгө олохгүйгээр ямар жүжиг тавьж нийгмийнхээ оюун санаанд нөлөөлөх үү гэдгийг Уран сайхны зөвлөл хэлэлцэж шийддэг. Өөрөөр хэлбэл, бодлогынхоо дагуу найруулагч бидэнд “Ийм жүжиг хэрэгтэй байна” гэсэн захиалга өгдөг гэсэн үг. Бид ийм жүжиг байна гэж санал болгосны дагуу бүгдээрээ хэлэлцээд сонголтоо хийдэг.
Зохиолоо яаж сонгодгийг асуусан нь учиртай. Саяхан “Бүсгүйн зурвас” жүжгийн зохиолч Л.Өлзийтөгс жүжгээ үзчихээд “Энэ миний зохиол биш байна” гэж ярилцлага өгсөн байсан. Та уншсан уу?
Тийм байна лээ. Уншсан. Тэр хүн ийм тайлбар хийж болно. Зөв талаас нь харахыг хичээж ярьсан байна лээ. Бид тайлбарыг нь унших ёстой, бодох ёстой. Хүмүүс зохиолчийн тэр тайлбарыг өөр өөрийнхөөрөө хүлээж авч байх шиг байна. Би бол эергээр хүлээж авсан. Тэр хүн сэтгэгдлээ хэлэх эрхтэй. Зохиолч, театр хоёр бол ухамсрынхаа түвшинд ойлголцсон гэж бодож байгаа. Жүжгийн зохиолын автор нь зохиолч, жүжгийн автор нь найруулагч байдаг. Найруулагчийн эмзэглэлийг төрүүлсэн, сэтгэлд буусан бүтээл л тайзан дээр тавигдана. Хүний тулгаад өгчихсөн зохиол сэтгэлд буухад хэцүү. Гэхдээ цаг үеийн шаардлагаар сэтгэлдээ буулгах тохиолдол гардаг.
Сүүлийн жилүүдэд театрын бодлого хэр зэрэг өөрчлөгдөж байгаа вэ. Энэ жилээс эхлээд урлагийн байгууллагууд олсон орлогоо улсын төсөвт төвлөрүүлэхгүйгээр өөртөө зарцуулах эрхтэй болсон. Энэ нь театрын бодлогод нөлөөлөх болов уу?
Энэ бол сайн хэрэг. Гэхдээ өмнө нь бид мөнгө хүрэхгүй байна гээд дандаа мөнгө олох уран бүтээл хийгээд байсангүй. Нийгмийнхээ хариуцлагыг хүлээж явсан. Мөнгө хэрэггүй гээд хүн үзэхгүй жүжиг хийгээд байсангүй, театр үзэгчидтэйгээ л байлаа. Аль алийг нь хослуулахыг театрын Уран сайхны зөвлөл шийдэж ирсэн. Хэрэв хувийн байгууллага байсан бол өөр л дөө. Мэдээж ашгийн төлөө явна шүү дээ. Харин улсын мөнгөөр гараа угаах сэтгэлгүй хүн манай театрт байхгүй.

Театр олсон орлогоо өөртөө зарцуулдаг болсноор нийгмийн хариуцлагаасаа илүү мөнгө олоход анхаарлаа хандуулдаг болчих юм биш биз дээ?
Би 1995 онд театрт ирээд “Ромео Жульетта хоёр”-ыг анх тавихдаа “Монголчууд сайн бүтээлээр цангаж байна. Үнэхээр сайн бүтээл хийчихвэл талхныхаа мөнгийг театраас харамлахгүй үзэгчидтэй ард түмэн” гэж бодсон. Ямар ч бүтээлийг сайн хийсэн л бол хүн үзэх болов уу, үгүй болов уу гэдэгт санаа зоволтгүй. Заримдаа бид мөнгө олох гээд арилжааны шинжтэй жүжиг хийгээд шатаж байсан үе ч бий. “За үүнийг ч хүн үзэхгүй дээ” гэж бодтол битүү үзэгчтэй байх үе ч байдаг. Хамгийн гол нь ажлаа мэргэжлийн түвшинд л хийх ёстой. Мөнгө бол хоёр дахь асуудал.
Монголын театрын уран бүтээлийн гол чиг шугам бол туульсын театр
Театрын уран бүтээлчид ажлынхаа хажуугаар дэлгэцийн уран бүтээлд оролцож орлого олж байна. Харин таныг нэг ч кино найруулж үзээгүй гэж сонссон. Яагаад тэр вэ?
Кино хийгээч гэж хүмүүс их хэлдэг. Хамтарч кино хийх санал ч ирдэг. Театрт бол би ямар ч жүжгийг найруулна. Кино найруулвал ч учрыг нь олно. Гэхдээ хүндэтгэлтэй ханддаг юм. Дэлгэцийн логик их өөр. Миний хувьд одоо кино найруулж үзье гэж туршаад л эсвэл мөнгө олох гээд кино хийгээд явах нас өнгөрсөн. Харин залуудаа хийж үзээгүйдээ л харамсаж байна. Залуу байхдаа кино хийгээд үзчихсэн бол магадгүй өнөөдөр хийсээр л байна байх. Одоо бол тэгж “ясаа хугачаад” яах юм.

Та одоогийн кино уран бүтээлчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Монголчууд авьяастай тулдаа тасралтгүй шинэ кино хийгдээд, дуу, дүрсний дэлхийн технологиос хоцрохгүй явж байна. Ингэхдээ онож байгаа ч юм байна, алдаж байгаа зүйл ч бий. Кино хийж гаршиж байгаа, цаашдаа сайжрах залуус харагддаг. Манайд өнөөдөр хөгжмийн зохиолч хөгжмөө сайн бичиж, зураглаач зургаа сайн авч байна. Харин надад найруулагч, зохиолч хоёр гологддог. Жүжигчний хувьд кино бол таарсан дүр төрхтэй хүнээ сонгоод ажиллуулж болдог техникийн урлаг. Үүнээс гадна киноны мэргэжлийн жүжигчин гэвэл хараахан тасарчихаагүй. П.Цэрэндагва гуайн үеийнхнээс эхлээд дунд үеийн Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс байна. Тэднээс хойш С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарын үеийнхэн бий. Зарим жүжигчин кино найруулж үзэж байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Над шиг сүүлд нь харамсаж суухгүйн тулд хийгээд үзэх хэрэгтэй. Дахиад хийхдээ өмнөх алдаагаа засаад л хийгээд байх ёстой. Харин хэдэн бор төгрөг, эсвэл хэдэн үзэгчийн тоогоор биеэ тоож болохгүй. Уран бүтээлч хүний хамгийн нандин чанар бол хүнээс үг сонсож сурах. Хүний хэлсэн үгийг өөрийнхөө ухаанаар шүүж өөртөө капитал болгож авна гэдэг маш том хүмүүжил, ухаан, мэдрэмж байдаг юм. Уран бүтээлчдэд энэ чанар байгаасай гэж боддог.
Та одоо драмын театраас гадна “Х ТҮЦ” продакшнд харьяалалтай байгаа юу, үгүй юү?
Одоо бол “Х ТҮЦ” продакшнд ямар ч харьяалалгүй. Тэд намайг урьж хэд хэдэн жүжиг тавьсан. “Аянгын хороо”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” гэсэн гурван жүжиг тавьсан юм байна. Жүжиг тавина гэдэг амар зүйл биш. Хамгийн сүүлд “Эмоци” продакшныхан “Багшаа бид нар жүжиг тавимаар байна. Танаар хийлгэнэ” гээд ярьж байна лээ. Би “Чадахгүй байх аа” гэсэн. Энэ бол байнга хийгээд байх боломжгүй хүнд ажил. Би ямар машин биш. Миний чадвар жилээс жилд хомсдож байгаа учраас залуучууддаа нөмөр нөөлөг болж амьдрах юмсан л гэж бодож байна. Аварга тавын даваанд унаад өгдөг бол барилдаагүй нь дээр.
“Эсрэг дурлал” жүжгээсээ хойш та “барилдсангүй” шив дээ?
“Барилдсан” шүү. “Чөлөөт хос” жүжиг байна.
Одоо дахиж “барилдах уу”?
“Барилдана аа”. Манайхан мюзикл гэж юу байдгийг онолын түвшинд мэддэг болсон. Харин хийцийн хувьд надад гологдоод байдаг юм. Тиймээс өөрөө энэ төрөлд нэг гар дүрээд үзэх юмсан гэж бодоод байгаа. Хийчихвэл залуучуудад хэрэгтэй юм даа. Өөрийнхөө нэр алдрыг бодвол томоохон жүжиг тавиад шороотой хутгалдаад, эсвэл дэвээд дуусна л даа. Харин сонгодог жүжиг тавивал Брехтийн “Кавказын цэрдэн тойрог” ч юм уу, эсвэл Чингиз Айтматовын зохиолоос тавимаар санагдаад байгаа юм. Монголоос гэхээр нэг л санаанд хүрэх зохиол алга. Яг үнэнийг хэлэхэд, Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиолууд дээр ажилласан хүн өөр зохиол уншихаар тоохгүй болчихдог юм. “Ромео, Жульетта”-г тавьчихаад жилийн дараа “Тамгагүй төр”-ийг тавих гэж байхад Б.Зориг ах “Найдаан миний хүү “Ромео, Жульетта”-г сайн тавьсан. Одоо нэг л зовлон байна. Чи дараагийн жүжгээ “Ромео, Жульетта”-гаас унагах эрхгүй” гэсэн юм. Тиймээс нэг жүжиг тавьчихаад л дараа нь яах вэ гэж боддог болсон. Би драмын театрын уламжлалд их хүндэтгэлтэй ханддаг. Монголын театр бол туульсын театр. Уран бүтээлийн гол чиг шугам нь туульсын хэв маяг байх ёстой гэж би боддог. Гэхдээ энэ нь уран бүтээлийн бусад хэв маягийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биш шүү. Би Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг 100 жилийн ойгоор нь тавьсан юм. Яг драмын театрын уламжлал, дэг жаягийн дагуу тавьсан. Тэгэхэд зохиолч Г.Аюурзана Уран сайхны зөвлөлийн гишүүн байсан. Уран сайхны зөвлөлийн хурал дээр Г.Аюурзана надад айхтар үг хэлж билээ. Хүмүүс магтаад л байсан чинь Г.Аюурзана “Би ХХ зууны 80-аад оны үеийн аймгийн театрт жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Найдандорж ахаа та одоо боль л доо” гэсэн. Энэ үг миний сэтгэлийн мухарт үлдсэн учраас би дараагийн жүжгүүд дээрээ өөрөөсөө зугатаж шинэлэг арга барилаар ажилласан. Тийм ч учраас би Дарио Фогийн зохиол дээр ажиллаж “Чөлөөт хос” жүжгийг босгосон. Миний бичсэн “Миний ертөнцөөр...” номын зонхилох хэсэг нь энэ жүжгийн арга ажиллагааны тухай юм. Аюур бид хоёр хойно нэгэн үед суралцаж, орон байраараа орж гарч, бодол санаагаа хуваалцаж явсан улс. Тийм болохоор надад уран бүтээлчийн хувьд ч, танил нөхрийн хувьд ч санаа оноогоо хэлэх эрхтэй, үүрэгтэй ч хүн. Драмын театрын уламжлал байх ёстой. Гэхдээ дэлхий даяарчлагдаж байгаагийн хэрээр олон зүйлийг авч ашиглах ёстой юм байна гэж бодсон. Г.Аюурзанын тэр хатуу үг намайг залуужуулсан гэсэн үг. Г.Аюурзанад одоо болтол “Ах нь чамд баярласан шүү” гэж хэлээгүй. Харин одоо хэлчихье.
Амьдрал өөрөө жүжиг гэсэн үг байдаг. Өнөөгийн нийгмийн амьдрал энэ үгийг улам баталгаажуулаад байх шиг байна...
Уг нь амьдрал өөрөө жүжиг биш шүү дээ. Одоо л Монголд амьдрал өөрөө жүжиг болчихоод байна. Үнэн байхгүй болно гэдэг ноцтой. Өнөөдөр Монголын нийгэмд үнэн хөлийн улан дор орчихлоо. Үнэнийг дээдлэн шүтэж, эрхэмлэж, манаж чадвал хүн зовохгүй. Нийгэм ч ялгаагүй. Ингэхгүйгээр өнөөдрийг аргацаасан арга залиар нийгэм амьсгалвал үүнээс ч илүү муу зүйлд хүрэхэд ойрхон.
Цус үнэртээд байна. Уг нь бидний өнөөгийн амьдрал маш их цусны үнээр бий болсон юм шүү дээ. Үүнийгээ бид ойлгох ёстой. Хойч үеэ дахин ийм зүйлд хүргэж болохгүй.
Монголчууд бид ухаантай, нуруутай, гарц олж чаддаг, зөв зүйлийг дэмждэг, хүрээлдэг ард түмэн. Тиймээс би ирээдүйг өнгөтөөр хардаг. Надад ирээдүй хонгил шиг харагддаггүй. Харин одоо цаг бол өөр. Би хэдэн жилийн өмнө “Би Монгол Улсын иргэн хэрнээ төрөөсөө ичиж амьдарч байна. Би ямар азгүй юм бэ” гэж хэлж байсан. Одоо ч тийм л байна. Та “Тамгагүй төр” жүжгийг анх тавьснаас хойш тайзнаас буулгүй өдий хүрлээ шүү?
20 жил. Ихэнхдээ байгууллага, хамт олны захиалгаар тоглодог. “Тамгагүй төр” жүжгийг үзье гэсэн захиалга их ирдэг. “Тамгагүй төр” зарлагдаад тогловол тасалбар нь маш хурдан дуусна. 20 жил тайзнаас буугаагүй өөр жүжиг би мэдэхгүй. Миний мэдэхээр Г.Доржсамбуу багшийн найруулсан “Найрын ширээний ууц”, миний найруулсан “Ромео, Жульетта” 10 гаруй жил тоглогдсон. “Тамгагүй төр” бол яг 20 жил тоглогдож байна. Би хамгийн анх 1998 онд тавьсан. Хэрэгцээ нь байсаар л байна гэсэн үг. 1998 онд Монголын төр одоогийнхоос сайн сайхан л байсан шүү дээ. Бид жүжгээ хийхдээ үзэгчдэд ямар гол санаа хэлэх вэ гэдгээ ярилцдаг. “Тамгагүй төр” жүжгийг тавихдаа төрийн хүнд хувийн эрх ашиг гэж байх ёсгүй гэсэн санааг үзэгчдэд хэлэхийг зорьсон. Хоёрдугаарт, “Тамгагүй төр” жүжгийн хийц нь монгол сонгодог хийц гэж боддог. Энэ жүжигт Ульям Шекспирийн хэв маяг, сонгодог жүжигт байдаг намбалаг хөдөлгөөн, эрхэмсэг байдал бий. Мөн хэллэг нь сонгодог. Жүжигчдийн ярих хэв маягийг “Цогт тайж” киноноос санаа авч хийсэн. Манай мэргэжлийн хэллэгээр бол аялгуулан ярих гэдэг юм. Яруу тансаг хэллэг гэсэн үг. Зүгээр амьдралын яриагаар биш уянгалуулсан яриагаар ярьдаг. Үүнийг Л.Жамсранжав гуай туйлд нь хүртэл хийсэн. Л.Жамсранжав гуайн хэллэгийг Г.Равдан, Б.Жаргалсайхан нар арай гүйцдэггүй. Энэ бол миний тавьсан “Тамгагүй төр” жүжгийн хэв маяг. Би үүнийгээ Монголын сонгодог жүжгийн хэв маяг гэж тодорхойлдог. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно.

Одоо бол төрийн хүмүүст хувийн эрх ашиг л хамгийн чухал байх шиг байна. Тэгэхээр магадгүй таны жүжиг дахиад хэдэн ч жил өнгөрсөн хуучрахгүй тоглогдсоор байх нь дээ...
Нэг удаа найруулагч Георгий Александрович Товстоноговоос сэтгүүлч, “Найруулагч та нар зохиол байхгүй байна гээд л ярих юм. Дэлхийн сонгодог бүтээлүүд номын сангаар дүүрэн байна. Та нар тэднийг яагаад тоодоггүй юм. Сүүлд гарч байгаа мундаг гэх зохиолууд чинь тэр сонгодгуудын хаана нь ч хүрэхгүй байна” гэж асуухад “Сонгодог бүтээлүүд байгаа нь үнэн. Тэр зохиолууд өөрийнхөө хэрэгцээтэй цаг үеийг хүлээгээд байж байгаа. Хэрэгцээтэй цаг үе нь болохоор бид шүүрч аваад хийнэ” гэж хариулсан байдаг юм. Яг үүнтэй адилхан “Тамгагүй төр” шударга, үнэн бий болж, төрийн хүн төлөвшин тогтнотол хэрэгцээтэй л байх болно. Дээрээс нь Монголын ард түмэн тэр яруу тансаг үгийг, хэлийг сонсож чихээ, сэтгэлээ мялаана, ухаарна шүү дээ. “Тамгагүй төр” жүжигт,
“Энэ төрийн тамгыг би Эхийн сүүнд ороогоод булчихсан . . . Сүнс нь саамшихын цагт Сүү үнэртсэн энэ газар дээр Хүннү улсын Хаан тамгаа атгаж төрнө... ...Их амархаан Чи тамгатай болж болно Ядуу боолын тойгны Ясаар нь тамга сийлж Цусанд нь дүрж тамгална биз...”
гэсэн үгс бий. Одоо цагийн нөхөд ингэж л тамга хийж байна шүү дээ.
Найруулагч Ч.Найдандорж бидэн нэгэнтээ СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийн Найруулагч, жүжигчний урлагийн тэнхимд элдвийг хүүрнэлдэн суух цаг дор, тэрээр,
“Нийгэм баатраар дутаж байна. Тэр баатрыг улс төрийн тайзнаас биш урлагийн тайзнаас олж харах учиртай юм”
хэмээж билээ. Манай улсын хамгийн том, мэргэжлийн урлагийн байгууллага болох УДЭТ тэрхүү баатрыг эрсээр буй. Ч.Найдандоржийн Арчуг, Ч.Түвшингийн Эдип, Н.Наранбаатарын Гамлет, Б.Баатарын Дон Кихот... “Хориотой жүжиг”-ийн овилгогүй хөвгүүд насанд хүрчээ. Тэдэнд баатрыг нь олж өгөх ажил Ч.Найдандоржийг хүлээж буй...