АН нөхөн сонгуульд нэр дэвшигчээ ирэх сарын 24-нд тодруулна

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу санал авах өдрөөс 65-аас доошгүй өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд аймаг, сумын сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх ёстой. Энэ дагуу сонгуулийн хороодыг орон нутагт байгуулжээ.

Нөхөн сонгуулийн хуваарийн дагуу нам, эвслүүд тавдугаар сарын 01-нээс өмнө сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх юм. Харин тавдугаар сарын 24-28-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулж бүртгүүлнэ. 

АН-ын хувьд тавдугаар сарын 24-ний өдөр Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийж 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг эцсийн байдлаар батлан СЕХ-д өргөн барихаар болжээ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар "Нэр дэвших хүсэлтэй хүмүүс бол бий. Гэхдээ албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Яригдаж байгаа хүмүүс бий. Эцсийн шийдвэр төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар шийдэгдэнэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)