Эрчим хүчний үр ашиг, хүртээмжийн талаар гурван дүгнэлтэд хүрчээ

Сүүлийн үед манай улсын эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй.  Өнгөрсөн онд гэхэд хэрэглээний өсөлт 9.4 хувь болсон. Энэхүү эрчим хүчний зарцуулалт нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд нөлөөтэй учир, үр ашигтай зарцуулалтыг дэлхий дахинд онцлоод байгаа. Манай улс энэ талаар тодорхой үүрэг хүлээсэн. Мөн “Ногоон хөгжлийн бодлого”-той болж тодорхой зорилт дэвшүүлсэн байгаа.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос эрчим хүчний үр ашиг, хүртээмжийн талаар судалгаа хийжээ. Ингэхэд судалгааны үр дүнгээс дараах гурван дүгнэлтэд хүрчээ.

1.Манай улсын эдийн засгийн үйлдвэрлэлд эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт өндөр байна. Өнөөгийн эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эдийн засгийн өргөжилт, хүн ам, өрхийн өсөлтийг даган өсжээ. Ялангуяа уул уурхай, олборлолтын салбар, үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр өссөн зэргээс ихээхэн нөлөөлжээ.

2.Хүн амын эрчим хүчний хүрэлцээ хангамж муу байна. Тодруулбал, нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээр манай улс дэлхийн дунджаас 11.5 хувь доогуур байгаа аж.

3.Сэргээгдэх эрчим хүч хөгжөөгүй, нүүрсний ашиглалт өндөртэй учраас байгаль орчин дахь сөрөг нөлөөлөл ихтэй байна. Уг нь манай улсын нийт эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 18 байгаа. Ирэх он гэхэд 20 хувьд хүргэх ч, ашиглах, тогтвортой байх  тал дээр тун хангалтгүй юм.

Түүнчлэн шинжилгээний багийнхан түүхий нүүрсний хэрэглээг багасгах, эдийн засгийн салбаруудын эрчим хүчний хэмнэлтийг тогтвортой хадгалах, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарын эрчим хүчний үр ашгийг болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх саналыг дэвшүүлэв. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийж болох талаар ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсролын түвшнээс нь эхлүүлэн сургах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нь таниулах сургалтын хөтөлбөрийг боловсруулах зэрэг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)