Н.Энхболд сайд ОУ-ын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцлоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна. Уг хуралд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл, бүгд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцдог.

Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар мэдээлж үг хэллээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад  ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн  үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халхгол сумыг Орос Улсын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаад талархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Хоёр талын уулзалтын төгсгөлд Оросын тал Кызылын кадетын сургуульд Монголын сурагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай гэрээ үзэглэж байгуулахад бэлэн болсныг Монголын талд өгөв.Уулзалт халуун дотно уур амьсгалтай өрнөж, талууд хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэсэн ач холбогдолтой болов.

Бага хурлын явцад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус бага хуралд оролцож байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан-Пьер Лакруа, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нартай уулзсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)