Багш нар болон суралцагчид хүний эрхийн хангалттай мэдлэг, ойлголт, хүний эрхийг хүндэтгэх хандлага, төлөвшилтэй болж чадахгүй байгаагаас өсвөр насныхан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтад өртсөн тухай нийгмийг цочроосон хэрэг, зөрчил гарсаар байна.

Жишээ нэг: Хэнтий аймгийн “Бор өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн ба элэг нь бяцарч, идээлсэн гэх оноштойгоор тус төвд хагалгаанд орсон. Суралцагч Б хичээлд хоцорч ирсэн, тамхи татсан гэх шалтгаар багш нь толгой руу нь цохиход толгойгоо хамгаалжээ. Энэ үед доороос нь элэгдсэн байна.

Жишээ хоёр: ... аймгийн... сумын цэцэрлэгийн дунд бүлэгт суралцдаг 3 настай хүү ангидаа халуун цайгаа асгаснаас болж багш нь түүнийг “хажуудах хүүхдээ түлэх шахлаа, сахилгагүй, гайтай хүүхэд, өөр ангид өгдөг ч болоосой” хэмээн загнажээ. Эмээ нь хүүг цэцэрлэгээс авах гэж иртэл хүү айдаст автсан, гэмшсэн байдалтай угтсан аж. Улмаар эцэг эхийн хурал дээр хүү цай асгасан талаар яригдаж, “танай хүү угаас сахилгагүй, хүмүүжилгүй, та нар хүүхдээ байнга өмөөрдөг, танай хүүхэд цай асгасан нь миний буруу биш, та нар хэлдэг газар хэлээрэй” гэх мэтээр багш, эцэг эх, хүүхдийн хоорондын зөрчил болж гүнзгийржээ. Хэдийгээр халуун цайнд хүүхэд түлэгдээгүй ч ангийн багш нь тухайн хүүг ад шоо үзэн муухай харилцаж байгаа нь хүүгийн гэр бүлд дарамттай төдийгүй хүүхэд дахин цэцэрлэгтээ явах сонирхолгүй болсон байна. Энэ асуудлаар цэцэрлэгийн эрхлэгчид гомдол гаргасан ч өргөдлийн хариуг өгөхгүй байгаа аж.

Энэ бол томчууд, хүүхдүүдийн харилцаанд түгээмэл гарах болсон зөрчлийн нэг. Нөгөө талдаа хүний эрхийн боловсрол ямар байгааг илтгэж байгаа нэг хэмжүүр ч гэж ойлгож болох. Хүний эрхийн боловсрол заавал хичээлийн танхим, сургалтаар авах бус тухайн хүний хандлага, суурь хүмүүжлээс үүдэж байна. Ажил олгогчид чадвартай, мэдлэгтэй боловсон хүчин гэхээсээ илүүтэй зөв хандлагатай шинэ төгссөн хүүхдийг сургаж, дадлагажуулж авна гэх болжээ. Манай улс цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургууль болон албан бус сургалтаар дамжуулж хүний эрхийн боловсрол хэрхэн олгож байна вэ?

Зан харилцааны төлөвшил

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр 6 чиглэлийн дагуу үзэл баримтлалаа боловсруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байна. Энэ агуулгад хүний эрхийн боловсролыг тусгайлан заагаагүй ч зан чанар, харилцааны чадварыг эзэмшүүлэхийг зорьдог ажээ. Уг хөтөлбөр олон улсын хэмжээнд үндэсний түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааварчилгаатай нийцдэг. Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл гаргадаггүй байна.

Бага наснаас нь эхлэн зөв харилцаа, хүний эрхийн мэдлэг, хандлагатай болгох нь хариуцлагатай, хууль ёс, хүний эрхийг хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэх үндэс суурь. Иймд сургуулийн өмнөх боловсролын багш хүүхэд бүрийн онцлог, хөгжлийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүрт хүндэтгэлтэй хандаж, ялгаварлан гадуурхахгүй, тэдний зан харилцааны төлөвшилд анхаарч ажиллах шаардлага байгаа юм. Гэвч цэцэрлэгийн насны хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар гомдол холбогдох байгууллагад байнга ирдэг аж.

Ерөнхий боловсролын сургууль

Бага ангид “Хүн ба нийгэм”, дунд, ахлах ангид “Нийгмийн ухаан” хичээлд хүний эрхийн агуулга тусчээ. БСШУС-ын сайдын 2017 оны долдугаар сарын 4-ний Сургалтын төлөвлөгөө батлах тухай тушаалаар ахлах ангид заавал судлах, сонгон судлах хичээлийг тодорхойлоход “Иргэний боловсрол” хасагдаж, “Нийгэм судлал”-ыг сонгон судлахаар болсон байна. Үүнээс харахад ерөнхий боловсролын сургалтын тогтолцоонд “Хүний эрх” гэсэн бие даасан хичээл байхгүй, зөвхөн нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн “Эрх зүй” сэдвийн хүрээний судлагдахуун болгож бага, суурь болон бүрэн дунд боловсролын ангиудад судлуулж буй юм. Ялангуяа бүрэн дунд боловсролоор суралцагчдад мэдлэг, чадвар олгохдоо эрх зүйн, эсвэл иргэний боловсролтой байвал зохино гэж боловсролын агуулгыг явцуу хүрээнд тодорхойлсон нь нэг талаар учир дутагдалтай.

ХЭҮК “Гүүд Нэйборс” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн 4264 хүүхэд, 2743 эцэг эх, хамтарсан багийн 152  гишүүнийг хамруулахад Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдал байсан байна.

Дээд боловсрол

Дээд боловсролын хөтөлбөрт “Иргэний боловсрол”-ын агуулгад хүний үндсэн эрхийн асуудлыг судлахаар тусгажээ. Энэ хичээлийг ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээл болгосноор оюутнууд хүний эрх, эрх чөлөөний тухай ерөнхий ойлголт авах боломж бүрдсэн нь дэвшилтэт алхам. Гэхдээ энэ нь хүний эрхийн тухай анхан шатны ойлголт өгөх хэмжээнд байгаа аж. Тухайлбал, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрт хуульч, эрх зүйч, багш, нийгмийн ажилтан, эмч, эмнэлгийн ажилтан, цэргийн алба хаагч, сэтгүүлч зэрэг мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хүний эрхийн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах ёстой гэж заажээ.

Одоогоор хууль зүйн 11 их, дээд сургуульд “Хүний эрх” хичээлийг заавал судлахаар тусгасан ч бодит байдалд энэ хичээлийг сонгон суралцах хэлбэрээр үзэж байна. Бусад их, дээд сургуулийн хувьд мэргэжлийн аль нэг хичээлийн цагт хүний эрхийг судалдаг аж. Түүнээс гадна хүний эрхийг зөвхөн хуульч, эрх зүйчид мэдвэл зохино гэсэн хандлага их, дээд сургуулийн удирдлага, багш, оюутнуудын дунд нийтлэг байна.

Мэргэжлийн боловсрол

МСҮТ-д суралцагчдад “Амьдрах ухаан” “Эрүүл мэнд”, Нийгмийн тухай мэдлэг олгох хичээлд хүний эрхийн агуулгыг тусгаж заадаг байна. Гэсэн ч энд хүний эрхийн хичээлийн цагийн багтаамж, сэдвүүд бага тул зөвхөн онолын мэдлэг эзэмшүүлдэг. Мөн хүний эрхийн чиглэлээр зохион байгуулж буй хичээлээс гадуурх үйл ажиллагааг нэг хэвийн сургалт, сурталчилгааны хүрээнд явуулсаар иржээ. Цөөн тохиолдолд төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвээр хүний эрхийн сургалтыг зохион байгуулдаг байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид ихэвчлэн дараагийн шатны сургалтад хамрагдахгүйгээр, шууд ажлын талбарт гардаг тул энэ төрлийн сургалтын суурь хичээлийн агуулгад “Хүний эрх” хичээлийг бие даасан хичээл болгон оруулах хэрэгцээ бий.

Төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол

...яамны архив, бичиг хэргийн ажилтан “Чи энэ тайлангаар яах гэж байгаа юм. Юунд ашиглах гэж байгаа юм. Хувь хүнд ийм мэдээлэл гаргаж өгөхгүй, Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл ав” гээд өргөдлийг маань хүлээж авсангүй, хүнд суртал гаргалаа. Иймээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр танайд хандаж байна... хэмээн нэгэн иргэн ХЭҮК-т гомдол гаргажээ.

Төрийн албаны тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газрын бүрэн эрхэд төрийн албан хаагчийг чадавхижуулах, мэргэшүүлэх хөтөлбөр гаргахаар болжээ. Өнөө хэр уг хөтөлбөр батлагдаагүй аж. Одоогийн боловсрол, сургалтын байгууллагууд, багш, мэргэжилтнүүд, боловсон хүчний чадавхид түшиглэн албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэвтрүүлэх нь нийгмийн хэрэгцээ болоод байна. Ингэхдээ бүх шатны сургууль боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг хуульчлан батлах нь чухалд тооцогдсоор буй юм.