Монголд ANZAC өдрийг тэмдэглэжээ

Австрали, Шинэ Зеландын ард түмэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд ANZAC day буюу АНЗАК өдрийг тэмдэглэдэг. Энэ нь эдгээр улс орны үндэснийх нь томоохон баяр бөгөөд манайхаар бол Монгол цэргийн өдөртэй ойролцоо утга агуулгатай юм. Энэ өдрийг тохиолдуулан Канадын Элчин сайд Дэвид Спрул болон бусад дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид өнөөдөр Чойжин ламын сүм музейн Ямпэй хаалганаа цэцэг өргөн Австрали, Шинэ Зеландын ард түмэнд хүндэтгэл үзүүлжээ. 

Австрали, Шинэ Зеландын хувьд үндэснийх нь хамгийн том баяр тул дөрөвдүгээр сарын 25-нд бүх нийтээр амардаг төдийгүй баярын жагсаал, сүрлэг парад болдог байна. ANZAC гэдэг нь Australian and New Zealand Army Corps  гэсэн үгийн товчлол ажээ. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохоор Австрали, Шинэ Зеландын холбоотны цэргийн флот алдарт Эгейн тэнгисийн эрэг Галлиполийн хойгт буусан өдөр нь 1914 оны дөрөвдүгээр сарын 25 байжээ. Османы эзэнт гүрний эсрэг Галлиполид тулалдаж амь үрэгдсэн Австрали, Шинэ Зеландын дайчдын дурсгалыг хүндэтгэн ANZAC day-г тэмдэглэх болсон түүхтэй аж. Мөн энэ өдрийг Күүк арлууд, Ниуэ улс, Питкэрн арлууд, Тонга болон Папуа Шинэ Гвиней, Самоа арлынхан үндэсний баяр болгон тэмдэглэдэг юм байна. 

Энэ өдөр Австралид зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн хүчирхэг танкууд, байлдааны бүхээгт машинуудын цуваа, ахмад дайчид, идэр залуусын сүрлэг жагсаал тус улсын олон хотын төв гудамжаар цуварч, хотын дарга нь хүндэтгэлийн индэрт зогсон парадыг үзэж сонирхдог ажээ. Жирийн иргэд нь энэхүү сүрлэг парадаа үзэн хөл хөгжөөн, баяр хөөрт умбадаг байна. Тэд хүн төрөлхтний түүхэнд эдгэшгүй шарх болж үлдсэн дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон цэрэг эрсээ ийнхүү хүндэтгэн дурсахын зэрэгцээ ANZAC буюу Австрали, Шинэ Зеландын армийн корпусын домог, түүхийн тухай бүхэл бүтэн ном хүртэл хэвлэсэн байдаг ажээ. 

ANZAC day баяраа тэмдэглэж буй австраличууд. 2017 оны дөрөвдүгээр сарын 25. Квийнсланд муж, Брисбэн хот.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)