“Ласанте” эмнэлгийн захирал З.Болормаа: Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ

“Ласанте” эмнэлэг алсын хараагаа “Эрүүл монгол эмэгтэй- Элэг бүтэн гэр бүл” гэж тодорхойлсон байсан?

“Ласанте” гэдэг нэр маань эрүүл мэнд гэдэг утгатай франц үг. Бид эмнэлгийнхээ чиглэл, тусламж үйлчилгээгээ Францын анагаах ухааны дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ франц эмэгтэйчүүдийн аз жаргалтай эхнэр, ээж байдгийн нууц юунд байна вэ, тус улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх нэгдүгээрт тавигддаг нь ямар учиртай юм? Франц гэр бүлүүд аз жаргалтай, халуун дотно харилцаатай байж, гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа дэлхийн дунджаас бага үзүүлэлттэй улс байлгаж буй тэр ухагдахууныг ойлгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийх нь соёлд тулгуурлан эмчилгээ үйлчилгээгээ чиглүүлж явдаг учир франц нэрийг сонгосон. Харин эрүүл мэнд гэдэг ухагдахуун нь өөрөө зөвхөн ганц энэ анатоми бүтэц, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлгээний эрүүл мэнд, харилцааны эрүүл мэнд гэхчилэн бүгд цогцоороо байж хүн эрүүл байдаг гэсэн утгаар “Эрүүл монгол эмэгтэй-Элэг бүтэн гэр бүл” гэж алсын хараагаа тодорхойлсон юм. Бидний эмчилгээ үйлчилгээ эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой хэдий ч монгол эмэгтэй бүрийн цаана өрх гэр бүлийн эрүүл мэнд, айл бүрийн хүүхдүүдтэй холбоотой, цаашилбал монгол удмын сантай холбоотой учраас алсын хараагаа ирээдүйгээ бодож тодорхойлсон. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг нь миний хэлэх дуртай үг. Энэ үгний цаадах философийг хийж буй ажил, үйлчилгээ рүүгээ урвуулж гэр бүлийн эрүүл мэнд гэдэг нь төрийн үйл ажиллагаа, төр эрүүл байх, улс хөгжихтэй хүртэл холбоотой асуудал юм гэж бодож, түүнийгээ эмнэлгийнхээ алсын хараагаа болгосон. 

Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээ гэдэг бидний хувьд шинэ ойлголт гэхэд хилсдэхгүй байх?

Монголчуудын хувьд нөхөн үржихүйн эрхтний эрүүл ахуй, эрүүл мэндийн талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой. Хүн бүр адилхан анатоми бүтэцтэй, эрхтэн тогтолцоотой. Эр, эм бэлэг эрхтний ялгаанаас бусдаар бид бүгд ижил. Анатоми бүтэц, нөхөн үржихүйн эрхтний эрүүл ахуй талаасаа заавал өнөөдөр эмч л мэдэж байх албагүй. Манай чиглэл рүү орсон арай өөр нэг онцлог нь эмэгтэй хүний давсаг, умай, үтрээ нэг ёсондоо бидний аарцгийн хөндийн эрхтнүүд, булчингууд маань “дүлий” учраас төдийлөн тоодоггүй, мэддэггүй, тэр хэрээрээ анхаардаггүй. Энэ маш буруу, далд эрхтнүүдээ бид харин ч сайн анхаарах ёстой. Эхийн хэвлий буюу эмэгтэй хүн умай, үтрээ бол хамгаас сайн мэдэж, хайрлаж, эрүүл байлгаж, элдэв өвчлөлөөс нь урьдчилан сэргийлж насан туршдаа анхаарч явах ёстой эрхтэн. Хүн зүрхээрээ амьдарч байгаа боловч эмэгтэй хүний хувьд амьдралын зүрх нь умай, үтрээ гэж би хувьдаа боддог. Эрүүл байх ухагдахуун тархитай шууд холбоотой гэж хэлж болно. Ханиах найтаах, инээх зэрэгт шээс дусагнах буюу шээс задгайрах гэдэг өвчний үед маш их стресстэж, санаа зовнил үүсдэг. Энэ маань эргээд бүх өвчний суурь болчиж байгаа юм. Найзуудтайгаа уулзахдаа ч, хамт олон дундаа ороод спортоор хичээллэе гэхээр шээс дусагнадаг зовиуртай бол өөрийгөө орчноос, бусдаас тусгаарлаж эхэлдэг, улмаар хаагдмал нэгэн болдог. Гэр бүлийн нандин үйл болсон бэлгийн харилцаанд аарцаг ёроолын булчингийн сулрал, үтрээний булчин сулралаас болоод асуудал бас үүсдэг. Эдгээр бие, сэтгэл зовоосон асуудлуудыг шийдэх маш олон арга техник, эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчлгээнүүдээс хамгийн шилдэг, шалгарсан арга нь л нөхөн сэргээх эмчилгээ юм. 

Аарцгийн булчин сулрахад нөлөөлдөг гол хүчин зүйлс нь юу вэ? 

Аарцгийн булчин сулардаг асар олон шалтгаан бий. Дэлхийн хэмжээнд ерөнхийд нь 4 том шалтгаан бий гэж үздэг. Нэгдүгээрт жирэмслэл болон хүүхэд төрүүлэх. Хүүхэд тээсэн л бол таны аарцгийн булчин сулардаг. Хоёрдугаарт, өтгөн хаталт - хэвлийн хөндийд маш их даралт өгдөг. Бид өтгөнөө гаргах гэж дүлэлт их өгөх тусам булчин сулардаг байх нь. Тэгээд харшил, ханиад, астма. Ханиалгах тусам бид булчингаа суллаад байна. Эцэст нь хэвлийн таргалалтын байдал бас булчин сулрах шалтгаан болдог. Олон улсын энэ 4 шалтгаанаас гадна монголд дагалдах маш олон шалтгаан байна. Бид цээжээ, хэвлийн булчингаа хөгжүүлэхээр дасгал хийж фитнесст явахдаа аарцагны булчингаа бас сулладаг. Амьсгалын дасгалыг буруу авч, даралт өгөх, хэвлийн булчингийн дасгалыг буруу хийх, амьсгаагаа түгжих, буруу авах зэрэг нь аарцагны булчингаа суллахад сөрөг нөлөөтэй байдаг. Аарцагны булчин суларсантай холбоотойгоор шамбарам өвчин үүсдэг. Үхэлд хүргэхгүй ч гэлээ дээр дурдсан шалтгаанууд амьдралын хэвшлийг өөрчилдөг, стресстүүлдэг, сэтгэл санаагаар унагадаг учир сөрөг нөлөө ихтэй, хувь хүнд хүндээр тусдаг. 

“Ласанте” эмнэлгээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн дунд зонхилж буй зовиур, өвчлөл нь юу байна вэ? 

Манайх үйл ажиллагаагаа явуулаад 4 дэх жилтэйгээ золгож байна. Үтрээний аарцгийн булчингийн сэргээн засах эмчилгээ гэдэг ухагдахууныг манайх монголд анх удаа нэвтрүүлж, энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж буйн хувьд монгол эмэгтэйчүүд үтрээнийхээ булчинг “саажуулчихсан” юм байна гэж дүгнэхэд хүрсэн. Саажилт гэдэг нь тухайн хэсгийн эд эс, булчин ямар ч ажиллагаагүй болоод шууд гэмтэж, үхэж байна гэсэн үг. Өнөөдөр үтрээний булчингаа эрүүл авч явж буй эмэгтэй манайд нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Бид дотооддоо нэн тэргүүнд үйлчлүүлэгчдээ оношилгоо хийдэг. Ингээд эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин, үтрээний булчингийн агшилт, суналт хэдэн хувьтай байна, хэр зэрэг зөв агшиж байна, өөрсдөө чангалж чадаж байна уу гээд шалгахаар нэг ч эмэгтэй эдгээр булчингаа бүрэн төгс ажиллуулж чадаагүй. Манайхаар үйлчлүүлж буй нас насны энэ олон эмэгтэйчүүд дунд өнөөдөр үтрээнийхээ булчингийн агшилт шалгах аппаратанд 100 хувьтай гарсан, булчингаа бүрэн ажиллуулж буй хүн нэг ч гараагүй гэхээр харамсалтай үзүүлэлт. Ихэвчлэн 10-20 хувьтай, дээд тал нь 50 хувьтай ажиллуулж байна. Манайхаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүд монголын нийт эмэгтэйчүүдийн 1 хувьд ч хүрэхгүй гэхээр бас чамлахаар л тоо.

Нөхөн сэргээх эмчилгээний үр дүн ямар байдаг вэ? Бусад төрлийн эмчилгээнээс ялгарах давуу тал юу байна? 

“Ласанте” эмнэлгийн аарцгийн булчингийн сэргээн засах эмчилгээ нь олон зуун жилийн түүхтэй европ стандартын, хамгийн чанартай, олон зуун сая хүнд үр дүнгээ өгсөн эмчилгээ. Үр дүнгийн хувьд анх ирж оношлуулж байсан тэр дүн, курс эмчилгээнд яваад гарсан үр дүнгээ дэлгэцэн дээр шууд харьцуулж харахаас гадна биеэрээ мэдэрдэг учир 100 хувийн үр дүнтэй төгс эмчилгээ гэж бардам хэлнэ. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг евро стандартын дагуу чанартай үзүүлэхээс гадна эмч ажилчид, хүний нөөцөө францад сургадаг. Мөн Францаас эмч, мэргэжилтнүүд авчран сургалт хийдэг. Үйлчлүүлэгчиддээ хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрүүл мэнд талаас нь урьдчилан сэргийлэх боловсрол олгоход анхаарч ажилладаг. Ээжүүд 2-3 настай хүүхдийг өтгөн нь хатаад дүлж байгааг нүүрний хувирлаар нь харж дүгнээд ямар арга хэмжээ авах ёстойгоо мэддэггүй. Харин энэ талын мэдээлэл аваад мэдлэгтэй болоод ирэхээрээ хүүхдийн өтгөн хатаж байгаа нь аарцагны булчин сулрах шалтгаан болдог үүнээсээ болоод хүүхэд орондоо шээх гэх мэт эмгэг илрэх, охин хүүхдийн өтгөн хатах нь ирээдүйд эх хүн болоход ямар эрсдэл үүсч, ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг ойлгодог, мэддэг болж хүүхдээ суултуур дээр зөв суулгах хэвшилтэй болгоход ч анхаардаг. 

Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээг ЭМД-ийн хөнгөлөлтөнд оруулахад багагүй бэрхшээл тулгарч байгаа гэсэн. Тэр талаараа тодруулаач? 

Монгол Улсын ЭМД-ын зарцуулалт нь өөрөө судалгаатай, яг  үнэхээр оновчтой зөв зүйтэй зүйлдээ зарцуулагдаж чадах юм бол үр дүн нь гарна. Өнөөдөр, Монгол Улсын ЭМД-д орсон эм тариа, эмчилгээ аминд тулсан өвчлөлийн суурь болсон, эсвэл бүр амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн өвчлөлд илүү зориулагдаж байх шиг харагддаг. Сэргээн засах эмчилгээг үхэлд хүргэдэг амь насны эрсдэлтэй өвчин биш, эсвэл тансаг хэрэглээ гэж тооцоод байгаа нь буруу. Сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ нь үхэлд хүргэхгүй ч гэлээ үхэлд хүргэж буй өвчлөлүүдийн суурь болсон гэмтэл, саажилт, зовиуруудыг эдгээхэд чиглэгддэг. Энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг даатгалд багтааснаар эмэгтэйчүүдийн өвчлөл, гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцааны эсрэг эерэг нөлөө үзүүлнэ. Үр дүн нь тухайн хүндээ эмчилгээний явцад, курс эмчилгээ дуусахад мэдрэгддэг бол улсын хэмжээнд эерэг үр дүнг нь 5-10 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг онцлогтой.

Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээ ЭМД-д хамруулах нь ирээдүйдээ, монгол удамдаа хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох нь байна шүү дээ? 

Яг үнэн. Франц улс нөхөн сэргээх эмчилгээг 1985 онд ЭМД-д хамруулснаас хойш 10 жилийн дараа гэр бүл салалтын статистик нь буурсан дүн гарсан. Түүн шиг бид одоо бид ЭМД-д хамруулахад 10 жилийн дараах монгол эмэгтэйчүүд, монгол гэр бүлийн эрүүл мэндийн байдал сайжирч, гэр бүлийн бат бэх байдал сайжрах эхлэл тавигдах юм. Эмэгтэй хүн кесарево хагалгаа, өөрөөрөө гээд ямар ч хэлбэрээр хүүхэд төрүүлсэн
заавал эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг болсноор маш олон өвчин, эрт үеийн цэвэршилт, үтрээний хуурайшилт, үтрээний булчин чангалах, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн бусад үрэвсэлт өвчнүүдэд хүртэл маш эерэг өөрчлөлт гарсан францын туршлага бий. Манай үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ЭМД-д хамрагдсанаар эмэгтэйчүүдийн өвчлөлийн тоон үзүүлэлтүүдийг багасгана, мөн хүртээмжийг нэмэгдүүлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)