Газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход иргэд бэлэн үү?

Монгол улсын хэмжээнд 30 жилийн дараа анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулж газар хөдлөлтийн үед нийслэлчүүд бэлэн эсэхийг шалгаж байна.  Манай сурвалжлах баг нийслэлийн 5 дугаар сургуулийн талбайд байгуулсан хэсэг дээр ажиллалаа.

08.00 цаг: Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио хангинан иргэд Аюулгүйн цэг дээр цугларч эхлэв.

Оршин суугчид байрныхаа гадна талбайгаас нэгдсэн журмаар жагсан аюулгүйн талбайд ирцгээлээ. Тэд иргэд түр цугларах талбайн бүртгэлийн хэсэгт хорооноос тарааж өгсөн хуудсыг бөглөн тамгалуулж аюулгүй талбайд нэвтрэн онцгой байдлын алба хаагчдын заавар, зөвлөмжийн дагуу арга хэмжээнд оролцсон юм. 

Уг талбайд эмнэлгийн хэсэг ажиллан иргэдэд анхан шатны тусламжийн зөвлөгөөг өгөн даралт хэмжиж байлаа. Мөн онцгой байдлын алба хаагчид тусгайлан зассан ширээн дээр иргэд гамшиг тохиолдсон үед 7 хоногийн хүнс болох ямар зүйлсийг үүргэвчинд зэхэн хувийн бэлтгэлээ базаах шаардлагатайг дэлгэн харуулсан юм.

-Гамшиг осол боллоо гэхэд иргэд аюулгүйн талбайд цугларах ёстой-

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх төвийн ахлах мэргэжилтэн Ш.Анхтуяагаас Түр цуглах аюулгүйн талбай дээр явагдах үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Энэ цаг мөчид улсын хэмжээнд гамшгийн зарлан мэдээллийн дууд дохио дуугарч нийслэлийн иргэд 111 цэгт гарч ирж цуглаж байгаа?

-Зарлан мэдээллийн 66 цамхгаар дуут дохио өгсөн. Улаанбаатар хот тэлсэн учраас зарим газар иргэд энэхүү дуут дохио сонсогддоггүй гэсэн асуудал яригдаад байгаа. Тиймээс иргэд 08.00 цаг болсон бол өөрийнхөө заагдсан түр цуглах аюулгүйн талбайд очих ёстой. 

-Аливаа гамшиг эрсдэл хэлж ирэхгүй хийсч ирдэг. Тиймээс аливаа гамшиг, осол тохиолдоход иргэд энэхүү дадлага сургууль хийсэн талбай дээрээ цуглах уу?

-Тийм ээ. Энэхүү сургуулийг гамшиг осол олон тохиолддог улс орнууд байнга хийдэг. Монгол Улсын хувьд ОБЕГ-аас жил бүр 4 аймагт болон дүүргүүдэд хэсэгчлэн  гамшгийн иж бүрэн сургуулийг хийж байсан. Улаанбаатар хотын хувьд нийтийг хамарсан сургуулийг 30 гаруй жилийн дараа анх удаа хийж байна.

Аливаа гамшиг ослын үед иргэд үймж, сандарна. Хаана ч явж байж магадгүй. Орон байрандаа байлаа гэхэд бүгдээрээ гарч чадах эсэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс энэхүү аюулгүй түр цугларах талбайд иргэд гамшиг тохилдоход орон байрнаасаа гарч ирээд цугларах ёстой. Танай гэрийнхэн ч бас энэ цэг дээр ирэх ёстой учраас нэг нэгнээ энэ цэгээс олж авна. Төрийн байгууллагууд түр цуглах аюулгүйн талбай дээр ирж бүртгэл хийнэ. Жишээ нь Болдынх гэдэг айл 5 хүнтэй, гурван хүн энд байна, хоёрыг нь эрэн сурвалжлах хэрэгтэй гээд ажиллагааг явуулж эхэлнэ. Хэрвээ өөр түр цуглах аюулгүйн талбай дээр тухайн гэр бүлийн хоёр иргэн очоогүй бол эрэн хайх ажиллагааг нурангиас хийнэ гэх мэт шат дараатай үйл ажиллагаа явагдах ёстой. Тиймээс аливаа нэг гамшиг осол боллоо гэхэд энэ цэг дээр гарч ирэн бүртгэлээ хийн нэг нэгэндээ туслах, аврах ажиллагааг явуулна гэж ойлгох ёстой.

-Иргэд аюулгүйн талбайд гарч ирэхдээ гамшиг тохиолдсон үед хэрэглэх хувийн бэлтгэлээ хангасан байв-

Иргэд түр цуглах аюулгүйн талбайд цугларч эхэлсний дараа Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн иргэдэд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг цагаан хоолойгоор хүргэлээ.

Түр цуглах аюулгүйн талбайд иргэд цагтаа гарч ирцгээн эмх замбараатайгаар бүртгэлд хамрагдан тэнд явагдсан сургуульд идэвхтэй хамрагдаж байлаа. Нялх балчир үрээ тэврэн гэр бүлээрээ цугласан гээд нас насныхны төлөөллийг эндээс харж болно. Түүнчлэн цугларсан иргэдийн дийлэнх нь үүргэвч, цүнх үүрэн дулаан хувцас, ус, хүнс гээд тодорхой хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хэрэглэх хувийн бэлтгэлээ хангасан байв. Мөн түр цугларах аюулгүйн талбайд зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм. Өнөөдөр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо болон бусад хорооны нийт 400 гаруй иргэн уг талбайд цугларч, тэдгээрээс 200 иргэн тусгай автобусаар нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахаар боллоо.

Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, улаан загалмайн сайн дурын алба хаагчид ийнхүү иргэдэд тусламж, зөвлөмжийг хүргэн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах талаар хамтран гар бие оролцон зааварчиллаа.

 Нийт 3 үе шаттайгаар явагдах иж бүрэн сургуулилалтын эхний шат буюу төр, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн ажилтнуудын гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилалт өчигдөр Сүхбаатарын талбайд болсон бол өнөөдөр ийнхүү иргэд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаарх сургуулийг хамтдаа хийж гүйцэтгэж байна.

-Зөвхөн нийслэлд сүүлийн 10 жилийн хугацаанд 10405 удаа газар хөдөлсөн-

Ийнхүү өнөөдөр нийслэлийн хэмжээнд цагийн байдлын талаар газар хөдлөлтийн гамшгийн хийсвэр даалгавар өгч, удирдах ажилтнуудын гамшгаас сэргийлэх бэлэн байдлыг ард иргэдийн хамт ханган ажиллаж байна.

Болоогүй гамшгийг тохиолдсон мэтээр хийсвэрлэн ийнхүү сургуулилж байгаагийн учир гэвэл Монгол Улс Төв азийн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. 20-р зуунд 8 балл буюу түүнээс дээш хүчтэй хөнөөлт хэмжээний 4 удаагийн газар хөдлөл бүртгэгдсэн бол 7 баллын хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа тохиолдсон. Зөвхөн нийслэлд сүүлийн 10 жилийн хугацаанд 10405 удаа газар хөдөлсний хамгийн их буюу 2251 нь 2013 онд бүртгэгдсэн. 6.6-7.6 баллын хүчтэй газар хөдлөхөд нийслэл дэх нийт барилга байгууламжийн 50 орчим хувь нь нурах эрсдэлтэй. Ийнхүү газар хөдлөлийн давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа учраас Монгол улсын нийт ард иргэд энэ гамшгийн үед бэлэн байх шаардлага эрхгүй тулгараад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ямар утгагүй, амны билэггүй нэр өгөө вэ нийтлэлдээ. Дэлхий дээр хэзээ ч хэн ч газар хөдлөхөд бэлэн байж чадахгүй тийм боломж ч байхгүй. Түүний оронд анхны мэдэгдэхүүнтэй болов уу гэвэл арай амьдралтай сонсогдоно.

    0 0 Хариу бичих
  2. Монгол хүн билгээр хятад хүн бэлээр гэж үгтэймдаа хулхи хурандаа орги дэмлэгч хүүк минь

    0 0 Хариу бичих