Дата сэтгүүл зүйн цугларалт боллоо

ХБНГУ-ын “Дойче Велле” академи, Монголын Хэвлэлийн хүрээлэн хамтран дата буюу нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих, дата сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах сэтгүүлчдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж өчигдөр хаалтаа хийлээ. Нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх, өгөгдөл боловсруулах сэтгүүлчдийн мэдлэг, чадвар, туршлагыг сайжруулах, шат дараалал бүхий сургалт, практик зөвлөмж өгсөн энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаа “Ил мэдээллийн далд холбоос” сэдэвт дата сэтгүүл зүйн цугларалтад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, нээлттэй өгөгдлийг дэмжигч төрийн зарим агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.

Дата сэтгүүл зүйн цугларалтыг нээж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, ХБНГУ-ын “Дойче Велле” академийн Монгол дахь хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг, Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, “Ухаалаг засаг” төслийн дарга Ж.Тамир нар үг хэлсэн юм. Мөн энэхүү төслийг дэмжин хамтран ажилласан Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төрийн бус байгууллагын мэдээллийн технологийн зөвлөх Г.Ганбат нар нээлттэй өгөгдөл хийгээд дата сэтгүүл зүй талаарх санал бодлоо солилцсон.  

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн гурван сарын турш үргэлжилсэн энэхүү төсөлд хамрагдсан сэтгүүлчид дөрвөн баг болон ажиллажээ. Багууд нийгэмд тулгамдсан чухал асуудлуудыг сонгон авч тоон мэдээллийн дүн шинжилгээ бүхий дата сэтгүүл зүйн бүтээлүүд туурвиснаа хаалтын ажиллагаан дээр танилцуулсан юм.

Төслийн хүрээнд сэтгүүлчдийг сургах, өгөгдөлтэй ажиллах арга барил эзэмших цуврал сургалтыг ХБНГУ-ын “Дойче Велле” агентлаг, Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар удирдан явуулжээ. Сургалтаас сэтгүүлчид дата мэдээлэл буюу өгөгдлийг олж авах, түүнийгээ нягтлан шалгах, боловсруулах, нүдэнд үл харагдах уялдаа холбоог олж илрүүлэх, энгийн ойлгомжтой байдлаар дүрсжүүлэн уншигч, үзэгчдэд харуулах зэрэг арга барил эзэмшсэн байна.

Энэхүү төслийн хүрээнд олон нийтэд зориулсан нээлттэй өгөгдлийг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг дэмжих зорилго бүхий www.opendata.mn цахим хуудсыг бүтээснээ танилцууллаа. Энэхүү цахим хуудас нь олон улсын жишгийн дагуу нэг дороос олон янзын сэдэв, асуудлаар дата мэдээллийг олж авах, ашиглах боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Уг сайтад одоогоор 200 гаруй иж бүрдэл өгөгдлийг төвлөрүүлжээ. Цаашид Хэвлэлийн хүрээлэн болон сэтгүүлч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар энэхүү портал сайтыг улам өргөжүүлэх юм байна.

Төсөлд хамрагдсан сэтгүүлчдэд Дойче Велле агентлагийн багш нар хичээл заажээ

Багаар ажиллаж дата сэтгүүл зүйн бүтээл туурвижээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)