Гамшигт бэлэн үү?

“Гамшигт бэлэн үү” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Итгэлгүй байвал энэ тухай судлаарай. Харин би хэд хэдэн хүнээс энэ асуултад хариулт авснаа сонирхуулъя.

“Монгол Улс гамшигт бэлэн биш”

Миний уулзсан эхний хүн бол ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн. Би түүнээс “Монгол Улс гамшигт бэлэн үү” гэж асуусан юм. Түүний хэлснээр манай улсад гамшгийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар газар хөдлөлт болон цаг агаарын онц үзэгдэл ихэсжээ. Тиймээс гамшгийг тосож бэлдэж байгаа. Ингэхийн тулд эхлээд иргэдэд гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч өөрийгөө хамгаалах чадвартай болгох хэрэгтэй гэнэ. 

Ийнхүү иргэдийг гамшгийн эрсдэлийг даван туулахад хэрхэн бэлдэж байгаа талаар “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт газар хөдлөлтийн зарлан мэдэгдэх дохио ажилладаг. Энд Засгийн газрын тогтоолтой бүх албан байгууллагууд оролцож, “Гамшиг гарсан үед байгаа газраа хэрхэн аюулгүй орхиж гарах вэ”, “Гамшгийн үед нөөц хэрхэн бүрдүүлж, холбоо харилцаагаа яаж тогтоох вэ” гэдэг чиглэлээр сургуулилалт хийдэг. Мөн жил бүр 2-3 аймагт бүх иргэдийг оролцуулан гамшгийн үед ажиллах сургуулилалт хийдэг. Жишээлбэл,өнөөдөр нийслэлийн хэмжээний гамшгийн иж бүрэн сургууль хийх гэж байна. Үүн дээр төр захиргааны байгууллагууд, шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, хувийн болон улсын өмчийн бүх байгууллагууд оролцож, аюулгүй газар нүүлгэн шилжих дадлагыг хийнэ. ЕБС-ийн сурагчдад зориулж “Аюулгүй амьдрах ухаан” гэдэг сурах бичиг гаргасан. Хичээл ороод эхэлсэн. Арван жилийнхэнд гамшгийн боловсролыг олгосноор хүүхдүүд гэртээ очиж аав, ээждээ гамшгийн тухай ойлголт өгч, орчиндоо түгээж, бас өөрийгөө хамгаална. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгай кредитээр Гамшгийн эрсдэлээс хамгаалах менежментийн үндэс гэдэг хичээл орж байгаа. Харин багш нараа бэлдэх хэрэгтэй байна” гэлээ.

Гамшгийн үед хамгийн их аюул дагуулах зүйл нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилгууд гэнэ. Тиймээс барилга, эрчим хүч, зам харилцаа гэх мэт дэд бүтцийн салбарт эрсдэлийн үнэлгээг хийх хэрэгтэй. Газар хөдлөлтөд тэсвэргүй 270 гаруй барилга нийслэлийн хэмжээнд байгаа. Энэ барилгуудыг хүчитгэх ч ёстой юу, эсвэл нураагаад дахин барих сонголт байгаа. 1960-аад онд баригдсан барилгуудыг буулгаад дахин барихгүй бол эрсдэлтэй байгаа. Барилгуудыг дахин барихад 150 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гэтэл төсөвтэй холбоотой асуудал үүсэж байна. Тухайлбал, 80 орчим сургуулийг хүчитгэх хэрэгтэй
байгаа. Гэтэл Боловсролын сайдын төсвийн багц энэ чиглэлээр гурван тэрбум төгрөг байгаа юм. Хот хөдөө ялгаагүй барилгууд гамшигт тэсвэргүй байна. Тоосгон, модон байшингууд их байгаа нь түймэр эсвэл, газар хөдлөлтийн эрсдэлд өртөх магадлалтай гэдгийг нэмж хэлсэн юм.

“Гамшигт бэлэн үү” гэдэг асуултын тухайд хүн амын иргэний боловсрол, дэд бүтцийн буюу барилга байгууламжийн чанар гэх мэт учир дутагдалтай зүйлс олон байгаа учраас “Бэлэн биш” гэдэг хариулт өгөв.

Ашиглалтын шаардлага хангаагүй барилгад 21500 хүн амьдарч байна

Нээрэн түүний хэлснээр барилга байгууламж гамшигт хамгийн аюултай асуудал тул дараагийн уулзах хүнээ Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын аюулгүй байдлын хэлтсээс товлосон юм. Хоёр дахь уулзалтын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дөрвөн удаагийн шийдвэрээр иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд
тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон тухай яриа өрнөв. Эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21500 гаруй иргэд амьдарч байгаа юм байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах болжээ. Энэ ажлын хүрээнд он гарснаар 823 айлын найман орон сууцыг ашиглалтад оруулжээ. Мөн энэ ондоо
багтаад дахин найман орон сууц шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшигт бэлэн байх асуудал тун эмзэг.

 Гамшгийн эрсдэлээс хамгаалах асуудалд албаныхнаас гадна олон улсын байгууллага, төслийн багийнхан ихээхэн анхаарч ажилладаг. Тэдний ажлын жанжин шугам нь мөн л гамшгийн эрсдэлд хүмүүсийг бэлдэх байдаг. Тиймээс дараагийн “болзоот хүн”-ээрээ “Хүүхдийг ивээх сан”-гийн Хүмүүнлэгийн болон хүүхдийн ядуурлыг бууруулах төслийн менежер Б.Бүрэнжаргалыг сонгож, дараах хоёр асуултад хариулт авсан юм.

Ямар нэгэн гамшгийн эрсдэл тохиолдоход манай улс бэлэн үү? 

-Манай оронд тохиолддог зуд, хүчтэй цасан шуурга, үер, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн аюулт үзэгдлийн талаар манайхан тодорхой хэмжээнд ойлголттой, бэлтгэл бэлэн байдлаа хангасан байдаг. Гэтэл хурдан явцтай буюу хормын дотор асар их хохирол учруулах газар хөдлөлтийн аюулд “Бид бэлэн үү” гэвэл эргэлзээтэй. Албан байгууллага, орон нутгуудаас эхлээд хувь хүн, тэр дундаа өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшигт бэлэн байх асуудал тун эмзэг. 

Гамшгийн эрсдэлд иргэд өөрсдийгөө хамгаалах мэдлэг хэр байдаг вэ? 

-Гамшиг гэж ярихаар “муу ёр” гэж хүлээж авах, эсвэл “Надад л тийм тохиолдохгүй байх” гэх мэтээр хэнэггүй хандах нь бий. Үүнийг дагаад гамшгаас өөрийгөө хамгаалах, бусдад туслах талаарх иргэдийн мэдлэг, ойлголт тэр хэмжээгээр муу байна. Харин сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд гамшгаас хамгаалах хичээл орж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай. Мөн онцгой байдлын байгууллагууд, хүмүүнлэгийн байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр чармайн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч бидний хийсэн судалгаагаар Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх багш, сурагчдын болон эцэг эхчүүдийн ойлголт бага байгаа нь харагдаж байна.

Хүүхдүүд гамшигт бэлэн үү?

Гамшгийн эрсдэлийн үед томчууд тухайн асуудалд анхаарлаа хандуулаад хүүхдүүдийг орхигдуулдаг. Тэдний сэтгэл санаа хямрах, мөн өөрийгөө хамгаалах асуудал ч хэцүү. Тухайлбал, зудтай үед эцэг, эхчүүд нь малаа хорогдол багатай авч үлдэх эсвэл үерийн үед ахуйдаа хэтэрхий анхаардаг. Мөн хот, суурин газар хүүхдүүд сургууль, гэрээсээ гараад авто зам, согтуу хөлчүү хүмүүстэй таарах, аюулгүй ажиллагаагаа
хангалгүйгээр барьж байгаа барилга хаа сайгүй байдаг зэрэг эрсдэлтэй тулгарч байдаг. Тиймээс хүүхдүүд гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалдаг талаар сонирхлоо.

А.Алтанбаяр: Гамшиг хүн бүрд хамаатай асуудал. Ялангуяа хүүхдүүдэд энэ маш их хамаатай. Хүүхдүүд гэр болон сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрүүлдэг. Бидний алхам тутамд гамшгийн эрсдэл байна. Сүүлийн үед хүмүүс ханан дээрээ цаг, жааз гэх мэт олон зүйл хадах болсон. Энэ нь эргээд газар хөдлөлтийн үед бидэнд эрсдэл дагуулдаг. Бид газар хөдлөлт, түймрийн бэлэн байдалд гэхээсээ өдөр тутмын амьдралдаа тохиолдох гамшгаас сэргийлэх ёстой байх. Яагаад гэвэл зам тээврийн ослоос болж маш олон хүний амь нас эрсдэж байна. Үүнийг тооцоолоод үзэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор. Тэгэхээр хүүхэд өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж хэвших нь хамгийн чухал. Ингээд сурчих юм бол хүүхэд бусдын аюулгүй байдлыг хангаж чадна. Хэрвээ газар хөдлөлт болбол хүүхэд нуугд, суу, хүлээ гэдэг зарчмыг баримтлах ёстой. Яагаад гэвэл газар хөдлөлт байнга үргэлжлээд байхгүй. Хэдхэн минут үргэлжлээд чичиргээ нь арилдаг.

О.Мөнхжин: Би хичээл дээрээ ихэнх  цагийг өнгөрөөдөг. Тиймээс миний хувьд сургууль дээр байхад гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Гамшгийн үед тухайн нөхцөл байдалдаа тааруулаад явна. Аль болох
бага насны хүүхдүүдийг аваад аюулгүй газарт очно. Одоогийн байдлаар манай улсад энэ талаар мэдлэгтэй хүүхэд ховор.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)