Хөгжлийн банкаа улстөржүүлсэн орнууд хямралын хаалга татдаг

Дэлхийн улс орнууд өөрсдийн хөгжлөө илүү хурдасгах гэж олон улсын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татдаг. Ингэж босгосон мөнгөөрөө дотоодын эдийн засгаа дэмжих зорилгоор тодорхой төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байр нэмж, экспортын орлогоо арвижуулдаг. Хувийн хэвшил тэр болгон орж чаддаггүй, эрсдэл ихтэй, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддаг салбарт хөгжлийн банк нь ажилладаг. Ийм банктай байснаар Сангийн яам хөрөнгө мөнгө босгох гэж олон улсаар тэнээд байх шаардлага гарахгүй.

Хөгжлийн банк нь дотоодын эдийн засагт томоохон тоглогч. Энэ нь арилжааны банкуудтай нэг салбарт өрсөлдөж, тэдний олгож чадах хэмжээний зээлийн бүтээгдэхүүнийг бизнес эрхлэгчдэд санал болгоно гэсэн үг биш. Харин үүнээс илүү том талбарт санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хэлээд байгаа юм. Монгол Улс албан ёсоор хөгжлийн банктай болоод найм дахь жилтэйгээ золгож байна. С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 2011 оны тавдугаар сард нэгэн тууз хайчилсан нь Хөгжлийн банк байсан юм. Энэ бол “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дараа орох томоохон үйл явдал. Стратегийн гэж хэлж болох салбаруудад хөгжлийн банк зээл олгож, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр “тоглоомын дүрэм”-ээ анх баталсан.

Эргэн сануулахад, Монгол Улсын хөгжлийн банкны удирдлагын багаар Өмнөд Солонгосын хөгжлийн банк ажиллаж, гүйцэтгэх захирлаа ч солонгосчууд санал болгосон байдаг. Манай улсын хувьд арилжааны банк байгуулж, банкны тогтолцоо санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзлэх хэмжээнд хүрсэн ч Хөгжлийн банк гэх ойлголт шинэ үзэгдэл байлаа. Тиймээс энэ төрлийн банкийг байгуулсан, олон жилийн түүхтэй Ази, Европын орнуудаас туршлага судалж, Өмнөд Солонгосын хөгжлийн банктай тодорхой хугацаанд хамтарч ажилласан билээ. Харин одоо бид Хөгжлийн банк ямар зорилго, зорилттойг нэгэнт мэддэг болжээ.

Гүйцэтгэх удирдлагын томилгоо нь төрөөс буюу УИХ, Засгийн газраас шууд хийгддэг гурван банк бий. Түүний нэг нь Хөгжлийн банк. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Засгийн газар хөгжлийн банкаа, Хөгжлийн банк нь Засгийн газраа дэмжиж ажиллаж ирсэн. Удирдлагын багаа гаднаас авч байсан бол монголчууд өнөөдөр өөрсдөө Хөгжлийн банкаа залуурдаж буй.

Латин Америк болон Өмнөд Африкийн орнууд хөгжлийн банкаа өөрсдөө “унагасан” байдаг.

Олон улсын санхүүгийн “далай”-гаас Монгол Улсын Хөгжлийн банк долоон жилийн өмнө 580 сая ам.долларыг Засгийн газрын баталгаатайгаар таван жилийн хугацаатай 5.75 хүүтэй “дэгээдэж” байв. Үүнээс хойш хэд хэдэн удаа санхүүгийн “далай”-д гарсан. Тэндээс ирэх болгондоо манай улс богц дүүрэн ирж байсан ч “далай”-гаас хөрөнгө босгох зардал, түүний хүүгийн төлбөр эсрэгээрээ нэмэгдэж байлаа. Ялангуяа, сонгууль ойртсон жилүүдэд гаргасан бондын хүүгийн эрсдэл бидний өрийн “тоолуур”-ыг хурдлуулсан юм.

Засгийн газрын нэрээр буюу баталгаатайгаар бонд босгож байсан Хөгжлийн банк өнгөрсөн онд анх удаа өөрсдөө бие даан 500 сая ам.долларын бонд гаргасан. Засгийн газрын баталгаагүй хэрнээ хямд зардлаар уг бондыг гаргасан нь азид анхдагч болж, төрийн өмчит байгууллагын шилдэг бонд, шилдэг хэлцэлд тооцогдож байна. Хөгжлийн банкны хувьд хөрөнгөжих бололцоо нь бонд болон санхүүгийн бусад хэрэгслүүд. Түүнээс улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг авах боломжгүй. Ийм зохицуулалт, эрх ч байхгүй. Нөгөө талдаа Хөгжлийн банкийг Засгийн газрын тусгай сангуудтай андуурч, бас тэдэнтэй адилхан гэж харж болохгүй юм.

Хөгжлийн банкны бондын хүү манай улсыг харах олон улсын хөрөнгө оруулагчдын тусгал. Тус банкны мөнгө бол төрийн мөнгө биш. Монгол Улсаар дэнчин тавьж зээлсэн бидний өр бас хүний мөнгө. Тиймээс дэлхийн улс орнууд хөгжлийн банкныхаа хараат бус байдалд хамгийн их анхаарал хандуулж, улс төрийн популист дайралтаас хамгаалж чадахуйц эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн байдаг юм. УИХ төв банкны Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин Хөгжлийн банкны тэргүүн нь дөрвөн жилийн “настай” ирдэг, буцдаг. Сонгуулийн үр дүнгээс шууд энэ банкны удирдлага, банкны хувь заяа хамаарч байна. 2017-2018 онд нийт 860 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банк олгосон бөгөөд зээлийн багц дотор эзлэх хөдөө аж ахуйн салбарын зээл нэмэгдэж байна. Нийт 3.4 их наяд төгрөгийн активтай тус банк Засгийн газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлжээ.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд 30 хоногийн хугацаатай хяналт шалгалт хийж эхэлсэн. Ажлын хэсэг ирэх долоо хоногт шалгалтын үр дүнгээ танилцуулах урьдчилсан товтой байна. Хөгжлийн банкаа Засгийн газар эрүүл ажиллаж байгаа эсэхэд онош тогтоож байгаа нь зөв. Гэхдээ эндээс гарсан шалгалтын үр дүн ямар ч байсан олон нийтээс оноо цуглуулах арга хэрэгсэл болговол Хөгжлийн банк биш, Засгийн газар илүү эрсдэлтэй нүүр тулна. Ийм нөхцөл байдал үүсвэл олон улсын санхүүгийн зах зээлд Монголоор овоглосон бондуудын өгөөж өсөж, бидний хувьд бондын үнэ цэнэ маань буурна гэсэн үг.

Хөгжлийн банкаа улстөржүүлж, үйл ажиллагааг нь популист бодлогоор явуулсан орнууд гадаад өрийн дарамтаа нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлээ уруудуулсан байдаг юм. Ийм орны тоонд Латин Америк болон Өмнөд Африкийн орнууд орж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. манайд банк улстөржихгүй байх нөхцөл огт байхгүй биз дээ ? тэгэхээр хямралын хаалга татах нь тодорхой юм шив дээ

    0 0 Хариу бичих