Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлж буй Хөгжлийн банк

Монгол Улсын гадаад худалдаа ДНБ-ээсээ давсан тохиолдол өнөөг хүртэл гараагүй. Өнгөрсөн  онд манай улс ДНБ-ээсээ илүү гарсан хэмжээний гадаад худалдаа хийжээ. Тодруулбал 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспорт 7.0 тэрбум, импорт 5.9 тэрбум ам доллараар хэмжигдэж байв. Импортын бүтээгдэхүүнд зарцуулсан 5.9 тэрбум ам.долларыг ерөнхийд нь задлабал 1 тэрбум гаруйг нь түлш, шатахуунд, үлдсэн 4 тэрбум гаруй ам.доллараар нь тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа болон хүнсний барааг импортоор авчээ. Импортод зарцуулж буй олон тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах, нэн ялангуяа дотооддоо үйлдвэрлэж буй, үйлдвэрлэх боломжтой сүү, сүүн бүтээгдэхүүн зэргээ ОХУ зэрэг хөрш орнуудаасаа авах бус дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах замаар авч үлдэх боломжтой гэдгийг эдийн засагчид онцолдог.

“Дотоодын компаниуд дээрээ орлого болж, төгрөг болон үлдэх боломжтой зүйлийг гадаадын компаниас, валютаар худалдаж авч байгаа нь дотоодын компаниудынхаа орлогын боломжийг  алдаж, нөгөө талаар валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлнэ, валютын ханшид ч сөрөг нөлөөтэй. Энэ тал дээр гадагшаа чиглэж байгаа валютын урсгалаа багасгая, нөгөө талаар валютынхаа нөөцийг нэмэгдүүлж байж ханшийг нь тогтвортой барих боломжтой гэдгийг Монголбанкаас ч сануулдаг. Валютын ханшаа тогтвортой барих нь макро эдийн засгийн маш олон асуудлыг шийднэ. Хамгийн энгийн жишээ гэхэд ажил эрхлэгчдийн цалин хөлсний бодит  орлого нэмэгдэхэд валютын ханш маш чухал үүрэгтэй. Үүний үндэс нь импортоо багасгаж, экспортоо нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцлээ аль болох ашигтай байлгах бодлого баримтлах” гэдгийг Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр онцлон хэлсэн юм.

Монгол улсын хөгжлийн банк экспортыг дэмжих, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, макро эдийн засгийн төвшинд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилттой ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батласан билээ. Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчныг тогтвортой болгох, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхийг зорилгоо болгосон уг хөтөлбөрт 2022 он гэхэд хүнсний салбарын экспортын орлогыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.

Хөгжлийн банкнаас санхүүгийн дэмжлэг авсан төслүүд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Монгол экспорт” хөтөлбөрийн бодит биелэл болж байгааг дурдах нь зүйтэй.

Монгол улсын хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт төсөл хөтөлбөрийн 60-аас доошгүй хувь нь экспорт луу, үлдсэн 40 хувь нь бусад салбарлуу чиглэсэн байна. Импортыг орлоно гэдэг нь гадагш гарч буй валютын урсгалыг тодорхой хэмжээнд дотооддоо авч үлдэх гэсэн бодлого явагдаж буй хэрэг. Нэмээд хүнсээ дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь хяналт тавиад, аюулгүй хүнсийг ард иргэддээ хүргэх боломжийг нь нээж дэмжиж өгч байгаа юм. Бидний энэ зорилт нэг компаниар хязгаарлагдахгүй, үйл ажиллагаа нь явагдаж буй, жигдэрсэн, үйл ажиллагаагаө өргөжүүлэн импортоо орлож,  цаашилбал экс портлох боломжтой компаниудаа түлхүү дэмжвэл үр дүн нь хурдан гарч эргээд нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь өндөр байна гэж харж байна. Манай улсын импортын бүтцийг харвал хамгийн орлох боломжтой нь хүнснийх байгаа юм. Тийм ч учраас ХАА болоод хүнсний салбарт санхүүжилт олгосноор хүнсний салбарын импорт буурч байна” гээд Хөгжлийн банкны импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд санхүүжилт авч үйл ажиллагаагаа сайжруулсан НВЦ ХХК-г уг төслийн шилдэг жишээнүүдийн нэгээр нэрлэсэн юм.

Өөгүй төгс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч НВЦ

1998 онд монгол хүн жилдээ дунджаар 6 өндөг хэрэглэдэг байжээ. Энэ тоо өдгөө 15 дахин нэмэгдэж, жил бүр тогтмол 20-30 хувь нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байгааг энэ зах зээлийг тодорхойлогчид хэлж байна. Тэгвэл жилээс жилд өсөн нэмэгдэж буй уг салбарт Хөгжлийн банкны Импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд санхүүжилт авсан эхний 3 жилдээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц эерэг өсөлттэй дүн үзүүлсэн компаниудын нэг нь НВЦ групп юм.

Өндөгний зах зээлийн 20 жилийн туршлагатай НВЦ групп дотоодын өндөг үйлдвэрлэлийн 60 орчим хувийг, тахианы махны зах зээлийн 40 хувийг дангаараа хангаж байна. Социалимын үед үхрийн ферм байсан аж ахуйг худалдан авч тахианы ферм болгон 20 000 шувуутай үйл ажиллагаа эхлүүлж байсан НВЦ группын  Баян өндөгний үйлдвэр 2019 оны байдлаар 550 мянган шувуутай,  монголын хамгийн том өндөгний  ферм болжээ.

Импортын өндөгний хэмжээг багасгаж дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг ихэсгэх зорилгодоо ойрын 3-4 жилдээ бүрэн хүрэх төлөвтэй харагдаж буй Баян өндөгний үйлдвэр цагт 60 000 өндөг савлаж байна. Өнгөрсөн жил тус үйлдвэр 70 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол энэ жил 120 сая ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Баян өндөгний үйлдвэрийн дарга Д.Дунбүрээ:

“Үйлдвэр маань бүрэн хүчин чадлаар ашиглалтанд орсноор өдөрт манай шувууны тоо толгой 1 350 000 орчимд хүрч, өндөглөгч шувууны тоо толгой 1 саяд хүрнэ.Мөн өдөрт 1 сая өндөг үйлдвэрлэдэг болох юм. Энэ нь монгол улсын дотоодын өндөгний нэг өдрийн хэрэглээг бүрэн хангахуйц хэмжээ”. 

НВЦ группийн хувьд 2017 оноос Хөгжлийн банктай хамтран ажиллажээ. Тухайн ондоо тахианы тэжээлээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэж эхлэсэн бол 2018 он 300 мянган өндөг амилуулах инкубатор цех, ашиглалтанд оруулснаар үйлдвэрлэлийнх нь хэмжээ 25 хувиар өссөн байна. Энэ онд Баян өндөгний үйлдвэрийн дэргэд шувууны сангасаар бордоо үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд орно. Үүгээр ч зогсохгүй 800 мянган өндөглөгч тахиатай болно. Харин 2019-2020 онд хуурай, шингэн өндөгний үйлдвэр ашиглалтанд оруулна гэхчилэн НВЦ-ийн хамт олон үйлдвэрлэлээ өргөжүүлж, өндөгний импортыг бууруулах, цаашилбал экспортлох хэмжээнд хүрэхээр ажиллаж байна.

НВЦ группийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Жавхлант-Од:

 “Дотоодын үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн тасралтгүй эх үүсвэр маш чухал. Санхүүгүйгээр бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Тиймдээ ч хөгжлийн банкны дэмжлэг бидэнд маш их дэмжлэг болсон. Бидэнд 3 зорилго бий.

Нэгдүгээрт, Өндөгний импортыг бууруулья. Энэ зорилго маань Хөгжлийн банкны импортыг бууруулж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн засгийн газрын хөтөлбөртэй нилээн уялдсан.

Хоёрдугаарт, бид дотооддоо, үйлдвэртээ өндөг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх зүйлийг цогцоор нь хийе гэсэн зорилго тавьсан. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээр энэ зорилгоо бүрэн биелүүлж чадсан. Өнгөрсөн жил бид нэг дор 300 мянган өндөг амилуулах инкубаторын цех, нэг цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр ашиглалтанд оруулсан. Ерөнхийдөө эх сүрэг, тэжээл 2 маань энэ ферм дээрээ хийгддэг болоход Хөгжлийн банкны санхүүжилт маш том дэмжлэг үзүүлсэн. Өндөгний чанар, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд маш том нэмэр болсон гэсэн үг.

Гуравдугаарт, өндөглөгчийн байр №4-ийг ашиглалтанд оруулсан. Нэг ёсондоо үйлдвэрлэлийн хэмжээ маань 25%-иар өссөн гэсэн үг. Энэ хэрээр өснө гэдэг нь импортын өндгийг тодорхой хэмжээгээр буулгаж байна гэсэн үг шүү дээ. Мөн тахианд хийгддэг бүх нядалгаа цехэд автоматаар хийгддэг болсон”.

НВЦ группын Баян өндөгний үйлдвэр цогц байдлаар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх  цехүүдээ ашиглалтанд оруулах, үйлдвэрлэлээ илүү найдвартай, гадны ямар ч хамааралгүйгээр өөрсдөө хийх боломжтой болгоход Хөгжлийн банкны санхүүжилтээ бүрэн зарцуулжээ. Хөгжлийн банкны төсөл хэрэгжсэнээр НВЦ групп өнгөрсөн 2017, 2018 онуудад улсын төсөвт 12 орчим тэрбумын татвар хураамж төлсөн байна. Төсөл 10 жил үргэлжлэх бөгөөд бүрэн хэрэгжиж эхэлснээр нэг жилд 10 орчим тэрбумын татвар улсад төлж эхлэх аж. Улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэж буй. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тус компанид 150 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 350 гаруй хүн шууд болон дам байдлаар ажлын байртай болжээ.

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

“Хөгжлийн банк төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гээд тодорхой шалгууруудыг хуулинд заасны дагуу л тавьдаг. Үүнд:

Төсөлд тавигдах шаардлага:
Санхүү, эдийн засгийн үр ашигтай байх
Эргэн төлөх чадвартай байх
Зээл барьцаа хөрөнгөөр хангагдсан байх гэсэн үндсэн шалгуур бий.

 Эдгээр үндсэн шаардлагаас гадна бид банкныхаа зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмаараа тодорхой шалгууруудыг тавьсан байгаа. Эдгээр шалгууруудыг хангаж байгаа ямар ч аж ахуйн нэгж Монгол улсын хөгжлийн банкинд хандах нь нээлттэй. Бид бүгдийг нь санхүүжүүлье гэхээсээ илүү ач холбогдлыг нь харж, хурдан үр дүнгээ өгөх тийм томоохон ААН, төслүүдийг түрүүлж санхүүжүүлэх зорилттой ажиллаж байгаа” гэдгээ тайлбарлав.

2018 оны статистик дүнд дурдагдсан манай улсад хэрэглэгдэж байгаа нийт өндөгний 40 гаруй хувь импортоор орж ирж байгаа гэсэн тоог  Хөгжлийн банкны НВЦ группт хэрэгжүүлж буй төсөл 2019-2020 онд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хэмжээнд өөрчлөхөд чиглэгдэж байгаа юм. Өндөгний импортыг 90 хувиар бууруулах Засгийн газраас тавьсан мөрийн хөтөлбөр, зорилтыг Монгол улсын хөгжлийн банк хэрэгжүүлж, дотоодын ААН, үйлвэрлэгчидтэй нягт хамтран ажиллаж буйн магтууштай жишээ нь НВЦ группын ололт амжилт юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)