МАН энэ сарын 29-нд Бага хурлаа хийхээр боллоо

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар товлосон. Хэнтий аймгийн гурван (Мөрөн, Хэрлэн, Жаргалтхаан) суманд явагдах нөхөн сонгуульд нам, эвслүүд оролцох эсэхээ Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх тавдугаар сарын 1-ний дотор мэдэгдэх ёстой. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” хэмээн заасан байдаг.

Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь л энэхүү нөхөн сонгуульд оролцох боломжтой.  Учир нь, хуулиараа санал хураалт явуулахаас өмнөх 180 хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан нам сонгуульд оролцох боломжтой байдаг. 31 намын гурав нь (Ард түмний олонхийн засаглал, Их эв, Гэр хороолол хөгжлийн нам) 2019 он гарснаас хойш Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан учраас нөхөн сонгуульд оролцох боломжгүй юм. Дээрээс нь Иргэний зориг, ногоон нам нөхөн сонгуульд оролцох боломжгүй гэдгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан мэдээлсэн. Тэрээр “Иргэний зориг, ногоон нам 2016 оны санхүүгийн тайлангаа манайд ирүүлээгүй. Өнгөрсөн намар 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулахаар төлөвлөж байхад 14 нам оролцохоо илэрхийлсэн. Үүнээс СЕХ Иргэний зориг, ногоон намыг бүртгээгүй. Иргэний зориг, ногоон нам шүүхэд хандсан. Энэ асуудал нь одоо шүүхийн шатанд явж байгаа” гэсэн юм. Ийнхүү нөхөн сонгуульд оролцох боломжтой намууд ойрын өдрүүдэд хурлаа хийж оролцох эсэхээ шийдэх учиртай.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж энэ сарын 29 буюу ирэх даваа гаригт Бага хурлаа хуралдуулж нөхөн сонгуульд хэрхэн оролцохоо хэлэлцэхээр боллоо. Нөхөн сонгуульд оролцох намууд ирэх тавдугаар сарын 24-28-нд нэр дэвшигчдээ тодруулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)