Үхэл хагацал, хардлага дагуулсан Индонезийн сонгууль

-Саналын хуудас тоолсон 100 гаруй хүн нас барсны учир-

Индонезийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зохион байгуулах хороонд ажиллаж байсан хүмүүс олноороо үхэж үрэгдсэн хэрэг шуугиан тариад байна. Тодруулбал, саналын хуудас тоолж байсан 92 хүн нас барж, 374 хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн санал авах байрны харуул хамгаалалтыг хариуцаж байсан 15 цагдаа нас барсан байна. Албан ёсны мэдээнд, санал тоологчдын үхлийн шалтгааныг ядарснаас болсон гэсэн бол цагдаа нарынхыг зам тээврийн осол байсан хэмээн бичиж буй.

Индонезийн сонгуулийн онцлог

Индонезийн сонгууль нь 193 сая орчим хүн оролцдог, дэлхийд Энэтхэгийн дараа хоёрдугаарт ордог том сонгууль. Парламентын дээд, доод танхим, Ерөнхийлөгч, олон нутгийн захиргаагаа индонезчүүд энэ өдөр сонгодог. Нэг өдөр санал өгдөг хүмүүсийн тоогоороо бол нэгдүгээрт бичигдэнэ. Энэтхэгийн сонгууль 830-840 сая хүн оролцдог ч долоон үе шаттай зохион байгуулагддаг юм.Тиймээс сонгуулийн хорооны гишүүд олноороо нас барсан хэргийг ажлын ачаалалтай холбож тайлбарлаж байгаа талаар дээр дурдсан. Гэхдээ үүнд эргэлзээ, үнэний хувь аль аль нь бий.  

 

Дэлхийн хамгийн нүсэр сонгуулиуд.

Эргэлзээ: Сонгуульд 193 сая сонгогчийн 80 хувь нь буюу 185 сая хүн оролцдогийг нь бодвол хэсгийн хороонд санал тоолж байгаа ажилтанд ирэх ачаалал үнэхээр дааж давшгүй мэт санагдана. Гэвч сонгуулийг зохион байгуулах тогтолцоог нь харвал ачаалал тийм ч их биш гэдэг нь мэдэгдэнэ. Санал хураалт явагдсан энэ сарын 17-ны өдөр Индонези даяар 800 мянга гаруй хэсгийн хороо нээгдсэн. 185 сая сонгогчийг 800 мянган хэсгийн хороонд хуваавал нэг хэсгийн хороонд 231, 232 орчим хүн санал өгөх тооцоо гарч байгаа юм. Мөн санал авах цаг нь ч бага, өглөө 07.00 цагт нээгдээд өдөр 13.00 цагт хаажээ.

Үнэмшил: Сонгуулийн үеэр улс даяар 800 мянга гаруй хэсгийн хороо нээгдсэн. Нэг хэсгийн хороо нь долоон хүнээс бүрддэг. Үүнийг 800 мянгаар үржүүлбэл 5.6 сая гарна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол нийт ажиллагсдын тоог зургаан сая гэж мэдээлж байгаа. Зөвхөн сонгуульд ажилласан хүн нь нь Монгол Улсыг хоёр нийлүүлсэнтэй тэнцэж байна. Тэгэхээр зургаан сая орчим хүнээс 100 гаруй нь нас баржээ. ОХУ-аас сонгуулийг очиж ажигласан эксперт Николай Левичев ажилтнууд нас барсан хэргийг яг энэ агуулгаар нь тайлбарласан байна лээ.

Ерөнхийлөгч Жоко Видодо саналын хуудас тоолж байгаад амиа алдсан хүмүүсийг “Ардчиллын төлөө зүтгэж яваад амиа өгсөн баатрууд” гэж нэрлээд гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн нөхөн төлбөр гаргуулж өгөх ажлыг яаралтай зохион байгуулна гэсэн байна. Тэрээр нас барсан хүмүүсийн ар гэрт тус бүр 2100-2500 ам.долларын нөхөн төлбөр өгч, сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудын ажлын ачааллыг бууруулахаа амалжээ. Сонгуулийн албан ёсны дүнг маргааш зарлах юм. 

Сонгуулийн ач холбогдол юу байв

Индонез бол 260 сая хүн амтай, хүн амынх нь 90 хувь нь исламын шашин шүтдэг, исламын шашинт хамгийн том улс юм. Ерөнхийлөгч Сухартог 1998 онд огцрох хүртэл энэ улс шашин, төрийн хэргийг зааглаж чаддаг үлгэр жишээ орон гэж тооцогддог байв. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал нь алдагдаж, улс төр нь шашныхаа нөлөөнд автаж эхэлсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Прабово Субианто өрсөлдөгч Жоко Видодог исламын шашны зан үйлийг дагадаггүй гэж буруутгасан, Жоко Видодогийн сонгуулийн штаб үүнд ихэд сандарч “Жоко Видодо исламын шашны сургуульд сурч байсан” хэмээн ор үндэсгүй худал мэдээлэл хийсэн зэрэг нь үүний нэг жишээ. Худал мэдээлэл цацсаныхаа ачаар Жоко Видодо ялалт байгуулж чадсан.

Ж.Видодо, П.Субианто.

Индонезийн залуу үеийнхний дийлэнх олонх нь улс оронд Шариатын хуулийг мөрдүүлэхийг дэмжиж байгаа нь тус улсыг исламын хаалттай бүс болгох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Индонезийн төр шашны нөлөөнд аьиах үйл явц хэр гүнзгийрсэн бэ гэдгийг харуулах нэгэн жишээ бол Жакарта хотын захирагч байсан Ахокад тохиолдсон явдал юм.

Ахокийн хэрэг

Басуки Чахайя Пурнам буюу Ахок гэдэг нэрээрээ алдаршсан улстөрч Жакарта хотын орлогч даргаар ажиллаж байжээ. Даргаар ажиллаж байсан Жоко Видодо 2014 онд Ерөнхийлөгч болсны дараа тэрээр даргын суудалд дэвшсэн аж. Улмаар 2016 онд даргын сонгуульд дахин өрсөлдөхдөө улс төрийн өрсөлдөгч нарынхаа хатгалгад автан Коран судрын талаар таагүй зүйл ярьсан аж. Энэ яриа олон нийтэд тэр дороо тархаж, улмаар Ахокийг шүүхэд татан, “Бурхныг доромжилсон” хэргээр хоёр жилийн ял оноосон юм.  

Шашин, төр зэрэгцэн орших уу

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Индонезийг тусгаар тогтнуулах үйл хэрэгт исламын шашны бүлэглэлүүд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэд дайн тулааны хүндийг нуруундаа үүрч, төр улсаа тусгаардлаж чадсан аж. Гэвч тусгаар тогтносон улсад тэдний орон шууд хумигдсан бөгөөд тухайн үед ерөнхийлөгч байсан Сукарно шашин, төрийг заагласан хатуу бодлого явуулж, тууштай баримталсан юм. Түүний дараа гарч ирсэн Сухарто ч дарангуйллын дэглэм тогтоож, Сукарногийн бодлогыг үргэлжлүүлсэн нь лалын уламжлалт, болон хэт даврагч үзэлтнүүдийн уур хилэнг бадрааж, үе, үе зэвсэгт тэмцэл өрнүүлдэг байв. Сухартог огцорсон 1998 оноос улс орон ардчилсан шинэчлэлт, өөрчлөлтийн замаар замнан, ардчилсан сонгуулиар эрх мэдлийг хуваарилж, орчин үеийн улс болох замдаа оров. Гэтэл энэ өөрчлөлт нь шашны хэт хуучинсаг үзэлтнүүдийг хуулийн аргаар төрийн эрхэнд гарах бололцоог бас нээж өгсөн байжээ. Ард олны сүсэг бишрэл дээр дөрөөлөн төрийн нэг хэсэг болж авсан тэдгээр шашны хэт даврагч, хуучинсаг үзэлтнүүд эргээд төрийг шашинжуулж эхэлсэн аж. Үр дүн нь дээр дурдсан Ахокийн хэрэг тэргүүтэй олон хэргээс харж болох юм.

Ажиглагчид энэ удаагийн сонгуулийн онцлогийг шашны улс болох, шашин, төрийг хосуулах эсэхийг шийдэх сонгууль гэж нэрлэж байсан нь ийм учиртай. Тэднийхээр, Субианто ялсан бол Индонези улам л шашинлаг, исламын хаалттай улс болох зам руу явна. Жоко Видодо ялбал шинэчлэл удаан ч гэсэн үргэлжлэх байсан. Сонгуульд Жоко Видодо ялсан учир юу, юугүй лалын шашны хаалттай улс болох аюул холдсон гэж болно. Гэвч улс орны дотоодоос ч, гаднаас ч исламын шашны нөлөөг нэмэгдүүлэх оролдлогууд гардгаараа гарсаар байх нь тодорхой юм.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)