В.Путин, Ким Жон Ун нарын уулзах газар тодорхой болов

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу маргааш Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуульд хэлэлцээр явуулна. Уг айлчлалд бэлтгэж буй эх сурвалж энэ тухай "Коммерсант" хэвлэлд ярьжээ.

Хэвлэлийн мэдээгээр БНАСАУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 24-ны лхагва гарагт хуягт галт тэргээрээ хүрэлцэн ирэх бөгөөд түүнийг  230 хүн дагалдах гэнэ. Бага Кимыг Алс Дорнодын их сургуулийн хотхонд тансаг харшид байрлуулахаар зэхжээ.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хоёр орны удирдагч уулзсаны дараа Владимир Путин “Бүс ба зам” хоёрдугаар чуулга уулзалтад оролцохоор Бээжин рүү мордох юм. Харин Ким Жон Ун  Владивостокт үлдэн түүхэн дурсгалуудтай мөн 2002 онд эцгийнх нь айлчилж байсан газраар орж танилцах гэнэ.

Даваа гарагт Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг В.Путины урилгаар өөрийн удирдагчийг Орост айлчилна хэмээн зарласан. Мягмар гарагт удирдагчийн дүү Ким Ё Жон айлчлалын бэлтгэлийг хангуулахаар Орост хүрэлцэн ирсэн тухай мэдээлсэн байна. Мөн Пхеньянаас хоёр агаарын хөлөг Владивостокт иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)