Энэ өдөр дэлхийн түүхэнд: Залуучуудын эв санааны нэгдлийн өдөр

Оны 114 дэх өдөр, Шинэ он хүртэл 251 өдөр үлдлээ.

Өнөөдрийн баяр

Залуучуудын эв санааны нэгдлийн өдөр

Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо жил бүрийн  энэ өдөр Залуучуудын эв санааны нэгдлийг тэмдэглэж байх шийдвэр гаргаад 1957 оноос хойш тэмдэглэж байна. Энэ баяр бол залуусын асуудалд төр ба нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг хандуулах том шалгаан болох ёстой.

Дэлхийн залуучууд олон баяртай. Олон улсын залуучуудын өдрийг наймдугаар сарын 12-нд, Дэлхийн залуусийн өдрийг арваннэгдүгээр сарын 10-нд тус тус тэмдэглэдэг ажээ.

Сонирхолтой түүх

Хийжүүлсэн ундаа төржээ

1833 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-д хийжүүлсэн ундаа патентлагджээ. Нүүрстөрөгчийн диоксидын чанаруудын нэгийг нээсэн Их Британийн химич, шашины номлогч, гүн ухаантан Жозеф Пристли яг хэзээ хийжүүлсэн ундаа нээсэн цаг хугацаагаа үлдээгээгүй.

Шар айргийн үйлдвэрийн ажилтай танилцсан Пристли шар айраг исэхдээ ямар төрлийн хий гаргадагийг сонирхжээ. Химич чанагдаж байгаа шар айргийн тогоон дээр устай контейнер байрлуулан хийн бөмбөлгүүдийг дүүргэж авав. Тэр нь нүүрс хүчлийн хий байжээ.

Сонирхолтой баримтууд –

  • Гиппократ өөрийн номны нэг бүлэгт хийтэй эрдэс ус, түүний эмчилгээний чанарыг бичин өвчтөнүүдэд тийм ус уух болон орж байхыг зөвлөсөн байдаг.
  • Шведийн Тоберн Бергман 1770 онд даралт дор усыг хийжүүлэх насос бүхий аппарат бүтээн сатуратор (латинаар saturo - баяжуулах) гэж нэрлэжээ.
  • Хийжүүлсэн ундааны  анхны  үйлдвэрийг Якоб Швепп эхлүүлжээ. Тэр 1783 онд  сатураторыг  төгсжүүлэн хийтэй ундаа гаргах төхөөрөмжийг бүтээсэн байв. XIX зуунд Швепп үйлдвэрлэлээ хямдруулах үүднээс хийжүүлэхдээ сода ашиглах болжээ.
  • АНУ-д хийжүүлсэн усыг  голчлон шилэнд  савлан  зардаг бол бусад орнуудад дахин цэнэглэж болох гэрийн жижиг, баарны том сифоноор усыг хийжүүлдэг.
  • 1884 онд америк эмийн санч толгойн өвдөлтийн эсрэг эм олох гэж байгаад Кока-колаг гарган авчээ.
  • Дэлхийн алдартай "Coca-Cola" компани Жозеф Пристлийн нээлтийг  арилжаанд ашиглахаар анхлан сэтгэжээ.
  • Дэлхийн нэгдүгээр дайны үеэр сахарын хомсдолтой байснаас  цэргийн хоолонд Кока-кола ундааг оруулсан байв.
  • Фанта ундааг Германд Коко-колагийн хориг тавигдсан 1941 онд алимны шахмалаас гарган бүтээжээ. Дайны дараа америк компани өөртөө немец брэндийг аваад элдэв жимсний амттайгаар гаргах болсон байна.
  • Монголд хийжүүлсэн ундааг импортоор голдуу авдаг байсан бөгөөд өнгөрсөн зууны дундуур лимонад гэсэн ерөнхий нэрээр алдартай байв.
  • Америкт нэг хүнд дунджаар жилдээ 180 литр хийжүүлсэн ундаа ноогддог бол Орост 50 литр, Хятадад 20 литр гэсэн үзүүлэлттэй.

Өнөөдөр түүхэнд

МЭӨ 1479 - Египетийн хаан ширээнд III Тутмос суув.

1093 – Киевын Оросын хаан ширээнд Цэцэн Ярославын ач хүү Святополк II Изяслович суулаа. Тэрээр ван болохын тулд хамаатан саднуудтайгаа багагүй тэмцэл хийсэн юм.

1558 - Шотландын хатан хаан Мери, Францын хунтайж Франсуатай Парисийн эх дагинын сүмд хуримлажээ.

1771 -  Японы Исигаки арлын ойролцоо Сейсмогийн хамгийн өндөр давалгаа цунами үүсчээ. Японы  “цу” гэсэн үг нь “амсар даван хальсан”, “нами” гэдэг нь “давалгаа” гэсэн утгатай. Тэр давалгааны өндөр нь 85 метр хүрсэн бөгөөд 750 тонн шүрийн колонийг 2,5 км-ын зайд урсгасан байлаа. Энэ асар их давалгааны хурд нь цагт 750 км байжээ.

1800 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамсын санаачилгаар АНУ-ын Конгрессын номын сан байгуулагдав.

1877 - Орос-Туркийн дайн: Хаант Орос улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.

1898 – Кубаас цэргээ гарга гэсэн АНУ-ын шаардлагыг үл хүлээн авсан Испани АНУ-д дайн зарлав. Дайн жилийн эцсээр төгсөхөд Испани Карибийн бүс дэх бүх колониа алдсан байлаа.

1899 – Оросын нэрт зохиолч В.Д.Набоков төржээ. Тэрээр өөрийгөө “Орост төрсөн Америкийн зохиолч, Германд сууршихаасаа 15 жилийн өмнө Англид Францын уран зохиол судалж, боловсрол авсан хүн” гэдэг байжээ.

1914 - Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.

1915 - Оттоманы эзэнт гүрэн Арменийн оюун ухаан, урлаг, үзэл санааны манлай гэгдэх 250 хүнийг баривчилсанаар Арменичуудын эсрэг цуст яргалал эхэлжээ.

1916 – Англичуудын эсрэг “Улаан  өндөгний баяр” гэж нэрлэгдсэн ирланчуудын бослого Дублин хотод гарчээ.

1922 - Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Каир хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.

1923 - Суут сэтгэл зүйч Зигмунд Фройд Вена хотод "Эго ба Ид" өгүүллэгийг хэвлүүлэв. Уг өгүүлэлд хүний сэтгэл зүйг ид, эго, супер-эго гэсэн гурван зүйлд хуваажээ.

1926 - Берлины тунхагт Герман, ЗХУ гарын үсэг зурав. Уг тунхагт дурдсанаар хоёр улс ойрын таван жилийн хугацаанд бие, биендээ харилцан довтлохгүй, гаднын дайснаас хамгаална гэж тусгасан байна.

1953 - Их Британийн ерөнхий сайд, гарамгай улстөрч Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сэр" буюу "хөлөг баатар" цол олгожээ.

1955 - Ази, Африкийн 29 улсын оролцсон Бандунгийн бага хурал өндөрлөв. Уг хурлаар эзлэн түрэмгийлэл, арьсны үзэл, хүйтэн дайны асуудлыг хөндөн ярилцжээ.

1957 - Суэцийн хямрал: НҮБ-ын энхийг сахиулагчид хямрал үүссэн бүс нутагт ажиллагаа явуулсны дүнд Суэцийн суваг эргэн нээгдэв.

1965 - Доминиканы бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Хуан Бошийн эсрэг төрийн эргэлт хийсэн Франциско Кааманио Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсад үүсээд байсан иргэний дайн намжжээ.

1967 - ЗХУ-ын "Союз 1" хөлгөөр ниссэн Владимир Комаров буулт хийхдээ амиа алдав. Тэрээр сансар нисээд амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.

1970 - Гамби улс Их Британиас тусгаар тогтнож, анхны Ерөнхийлөгчөөр Давда Жавара сонгогдов.

1980 - Ираны засаг захиргаа АНУ-ын ЭСЯ-ны ажилчдыг барьцаалсан үйл явдлыг дуусгах "Бүргэдийн савар" ажиллагаа бүтэлгүйтэж, ажиллагаанд оролцсон цэрэг амиа алджээ.

1996 - АНУ-ын засаг захиргаа “Терроризмтай тэмцэх, үйлдсэн хэрэгт цаазын ял оноох тухай" хуулийг баталжээ.

2004 - Ливи улсад 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоригийг АНУ цуцалжээ.

2005 - Дэлхий католик шашны тэргүүн Ромын хамба ламаар кардинал Иозеф Ратцингер сонгогдов. Католик шашны дэг ёсны түүхэнд Ромын хамбаар сонгогдсон 265 дахь эрхэм тэрээр сахилын нэрээ XVI Бенедикт болгосон өөрчилжээ.

2013 - БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын Кашгар мужийн Банчу тойрогт галт уул дэлбэрч 21 хүн амиа алдав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)