Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийнхэн Улаанбаатарт чуулж байна

Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв хоног үргэлжлэх энэхүү  арга хэмжээнд 14 орны 130 гаруй  төлөөлөгч оролцож байгаа юм байна.

Даян дэлхийн байгаль орчны сан нь хөгжиж буй орнуудад байгаль орчны салбарт төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох замаар дэлхий нийтийн хэмжээнд хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт тогтвортой амьжиргааг бий болгох зорилго бүхий бие даасан санхүүгийн байгууллага юм.

Ингэхдээ НҮБ-ын суурь конвенцууд болох Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулан ажилладаг төдийгүй удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, мөнгөн усны Минаматагийн конвенцуудын хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн туслалцаа үзүүлдэг байна.

Тухайлбал манай улсад оногдсон есөн сая ам.долларын хүрээнд одоогоор дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлсон байгаа. Засгийн газрын зүгээс Монгол Улсын байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, алс ирээдүйд үр дүнтэй, өндөр ач холбогдолтой гэсэн төслүүдийг хэрэгжүүлэх юм. Одоогоор манай улсад оногдсон есөн сая ам.доллараас дөрвөн саяын өртгөөр бүтэх нэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Тус сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож салбар дундын зохицуулалттай арга хэмжээг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, нутгийн иргэдийн ололт амжилтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж буй юм.

Монгол Улсын хувьд тус санд 1994 онд нэгдэн орсноос хойш олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин энэ удаагийн 7 дугаар санхүүжилтийн циклийн хүрээний төслүүдийн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тодорхойлоод байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)