Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд баталж, улмаар 2013 онд шинэчлэн найруулжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаабөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байгаа аж. Гэвч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчилж зохицуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж.

Иймээс дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

ийт 6 зүйлтэй уг хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тодорхой, оновчтой болгох үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байсныг өөрчилж, үйлдвэрлэх болон импортлох эрхтэй хуулийн этгээд тодорхой хяналтын хүрээнд худалдахаар зохицуулжээ. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой тэсэлгээний ажил явуулах эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан агуулахтай байх үүргийг тодруулж хуульчлахын зэрэгцээ боловсон хүчний хувьд тавих шаардлагыг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр нарийвчлан дүрмээр тогтоохоор зохицуулсан байна.

Харин мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болон шинжээчийн эрх олгох, цуцлах журмыг тодорхой тогтоох чиглэлээр мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөө бүхий дүгнэлт гаргах эрхтэй “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага”-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байсныг өөрчилж, холбогдох журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд баталж мөрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааглан тогтоох, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээс гадна тэсрэх бодисыг үйлдвэрлэх, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдпын асуудал эрхэлсэн байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротенхикийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглаж тодорхойлсон байна.

Тус хуулийн үйлчлэх хүрээ нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтээр хязгаарлагдаж байгааг харгалзан тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас санал авдаг байсныг өөрчилж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас санал авдаг байхаар зохицуулжээ. Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг ашиглахтай холбоотой зохицуулалт өмнөх хуульд сул байсныг өөрчилж, тодорхой зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асар их хүчтэй, хор хөнөөлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд маш сайн хяналт тавьж, болзошгүй аюул эрсдэлээс сэргийлж байх учиртай. Гэтэл хуулийн төслөөр цэргийнхээс бусад зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал хэрэгслийн хяналтыг Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор тусгагдсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Онцгой байдлын ерөнхий газарт энэ чиглэлийн инженер сапёрын мэргэжилтэн, мэргэжлийн чадавх байхгүй. Иймээс бүрэн мэдээлэлтэй болох үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ажлын хэсгийг өргөтгөн дахин сайтар судалж нягтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа хэрэгжүүлэх 10 гаруй дүрэм журмаа баталж гаргаагүй олон жил болж байж, шинэ төсөл оруулж ирж байгаа учир дутагдалтай юм. Гэтэл энэ төслөөр дахиад 20-иод дүрэм журам нэмж батлахаар төсөлд тусгажээ. Иймээс одоогийн хуульдаа нийцүүлсэн дүрэм журмуудаа яаралтай баталж хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байна гэдгээ хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, мэргэжлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан дахин сайтар нягталж, ойлголт, байр сууриа нэгтгэх нь зүйтэй юм гэлээ.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тогтов.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ed nar huvia hicheej halasaa duurgehiig bodoj hudlaa yarij shoudahaas oor yu meddeg chaddagdsag geh bilee dee! kkk Ene nohod niitiin erh ashgiin altan dundajiig olood zohitsuulchih huuli sanaachlaad batluulna gehed mon hetsuu ee !!!Ashgui hoishluulchihaj .Bayarallaa. Hugtsaa ch oirtoj baina daa Odoo huuli ene ter batlah geed hereggui dee dee Uldej baigaa 1jild gai,gamshig,balag bagahan tariad zugererch bolov suuj baigaad ongoroogoosei bilee l gej ogloo,oroigui burhend,tendruuded zalbirah mini ee buham mini

    1 0 Хариу бичих