Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн ажилтай танилцлаа

Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүс Үндэсний төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын Үндэсний номын сангийн барилга 1954 онд баригдсан. Одоогоос 10 жилийн өмнө уг барилга ашиглалтын шаардлага хангахгүй цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Үндэсний номын санд Монголын алдар суутнуудын үе үеийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж буй. Зөвхөн Түвд судлалын номын санд л гэхэд 1 сая 500 гаруй баринтаг ном байдаг ч түүний нэлээд нь огт судлагдаагүй гэнэ.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо номын сангийн ховор өвийг Ерөнхий сайдад дэлгэн танилцуулсан бөгөөд “Богдын номын сангийн үндсэн дээр анх 1921 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй номын санд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ирж байсан. Харин Ерөнхий сайд сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа манай номын санд ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр "Бид дайн тулааны гашуун зовлонгийн үед ч номоо шатаагаагүй, устгаагүй ард түмэн учраас Монголын Үндэсний номын сан Ази тивдээ болон дэлхийд алдартай номын сан. Үндэсний номын санд өдгөө мэргэжлийн 54 хүн ажилладаг. Үндсэн орон тоо 82 хүнтэй ажиллах ёстой" гэв.

Номын сангийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд номын сангийн доод давхарт байрлах архивын хэсэгт дээврээс нь ус нэвчин чийг нэвтэрсэн тухай энэ үеэр ярьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Хотын захирагч, БСШУ-ны сайд нарын хамт ийнхүү Үндэсний номын сантай танилцан номын сангийн шинэ барилгын ажлын санхүүгийн асуудлыг яаралтай шийднэ гэлээ. Сүүлийн 30 жилд  монголчуудын оюуны соёл, боловсролд нь анхаарах ажлаа орхигдуулсан байжээ. Тиймээс энэ бүхнийг нөхөж хийх зайлшгүй шаардлагатайг албаныхан хэллээ.

Мөн Үндэсний номын сангийн номуудыг цахим болгох ажил АНУ-ын төслийн дэмжлэгтэйгээр үргэлжилж байгааг дуулгалаа. Ингэснээр ганц хоёр хувь үлдсэн ховор үнэт номыг дэлхий даяар зэрэг уншиж танилцах, судлах боломж бүрдэх нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)