Ч.Улаан: Эх мал, үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ

 Засгийн газраас 2019 оныг “ Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өчигдөр “Тэргүүн сүрэг трейд” ХХК-ийн  малын ээмэгний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныг тус яамнаас мэдээллээ.

  “Тэргүүн Сүрэг” ХХК нь 2013 онд байгууллагдаж, БНСУ-ын үйлдвэрлэгчийн технологийн дагуу малын ээмгийг дотооддоо үйлдвэрлэж байна.  Тус үйлдвэр  жилдээ  Монголын мал аж ахуйн салбарт малын үүлдэр угсааг сайжруулах, малын аюулт өвчнөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, малчдад хэрэглээний олон талаар хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн ээмэг үйлдвэрлэж байна.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад зайлшгүй гарал үүслийн баталгаажуулалт шаардлагатай. Энэ баталгаажуулалт ээмэгээр дамжин хийгдэнэ. Тус үйлдвэрийн ээмэгний чанар хэрэгцээ шаардлага хангах боломж өндөр гэж бид үзэж байна. Цаашдаа “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хүрээнд нийт мал сүргийг бүртгэлжүүлэх, түүний хөдөлгөөнийг зайлшгүй хянах учиртай. Нөгөө талаас зах зээлд баталгаатай хүнс, түүхий эд нийлүүлэхийн тулд ээмгээр дамжуулан баталгаажуулалт хийнэ. Цаашдаа бид энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бодлогоор, төрийн захиалгаар авч мал сүргээ бүртгэлжүүлэх ажлыг хийх юм. Энэ чиглэлээр ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар үндэсний үйлдвэртэй нягт холбоотой ажиллана.  Эхний ээлжид эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ” гэдгийг онцлов.

Малын гарал үүслийг тодорхойлох, чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулахын гол үндэс суурь нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудал юм.

Тиймээс мал аж ахуйн салбарын 2017-2020 он хүртэлх хөгжлийн бодлого, стратегийн зорилтод “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулж үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ ажлын хүрээнд малын бүртгэл, үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл, малын удам зүйн үнэлгээний бүртгэл, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл хийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Улаан сайд минь зөнчихөө юу да .Бүх малыг ээмэгжүүлнэ гэж юу яриад бгаа юм бэ.Адуунд хэзээ ээмэг зүүж бсан юм бэ.Таны хурдан хүрэн морь ээмэгтэй бсан уу? Үхэрт голдуу ээмэг зүүдэг, богийг эмнэдэг, адууг тамгалдаг,тэмээнд будгаар томхон тэмдэг тавьдаг монгол уламжлал бгаа шүү.Нэг ээмэг 1000-1200 төгрөг гэнэ 1000 хоньтой айл 1200,0 -аар ээмэг авч хонио эмнэх үү? Аль эсвэл таны бизнес юм уу?Та малын ус бэлчээрийн талаар бодож ярьж ажилласан нь дээр бус уу? 80 сая ээмэг хэрэгтэй гэж ярихаар чинь инээд хүрлээ. Та хоцрогдож бгаа юм байна шүү.

    0 0 Хариу бичих