В.Зеленскийн ялалтыг цахим хувьсгалтай зүйрлэж байна

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд жүжигчин мэргэжилтэй В.Зеленский ялалт байгуулах нь тодорхой болсон билээ. Түүний энэхүү ялалтыг Украиныг нөмөрсөн таван жилийн “хар дарсан зүүд”-ний шууд үр дүн, “цахим Майдан” болсон гэж Украины зарим улстөрчид дүгнэж байна. Тодруулбал, В.Зеленский сайндаа бус, өрсөлдөгч нь дэндүү муу байсан учраас л сонгуульд ялсан гэнэ. “Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ”-ыг төлөөлөн Парламентад суудаг Наталия Королевская намынхаа цахим хуудсанд ингэж бичжээ.   

Сонгогчдын өгсөн томилолт нь ийм учраас В.Зеленский одоо энхийг тогтоох хэлэлцээрүүдийг эхлүүлж, таван жил үргэлжилсэн шинэчлэл хийх бүтэлгүй оролдлогыг зогсоох ёстой гэж тэрээр бичсэн байна. Энэ ажлыг хэрэгжүүлж эхэлбэл сөрөг хүчин тууштай дэмжинэ, харин улс оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх аливаа үйлдэл хийх юм бол хүчтэй эсэргүүцэх болно гэж тэрээр байр сууриа илэрхийлжээ.  

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнгөрсөн ням гаригт болсон. Саналын хуудасны 99 хувийг тоолоод байх үед В.Зеленский 73 гаруй хувь, П.Порошенко 25 гаруй хувийн саналтай явж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)