Бид буруугүй. Хурууны хээ унших төхөөрөмж л буруутай

“Огцом уруудаж, нэг үе 1.8-1.9 хувьд хүрээд байсан УИХ-ын рейтинг сүүлийн гурван сард огцом өгсөж 3.5 хувьд хүрлээ. Парламентыг шинэчлэх, сахилга хариуцлагыг хэвшүүлэх, шударга ёс тогтоох чиглэлээр хийж буй парламентын шинэлэг алхмууд иргэдээсээ эерэг үнэлгээ авч эхэлсний илэрхийлэл энэ” гэж УИХ-ын тамгын газраас мэдээллээ. Ийнхүү УИХ-ын рейтинг өсөхөд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж, санал хураалт явуулдаг болсон нь нөлөөлсөн бололтой. УИХ-ын Тамгын газар ч ингэж дүгнэж.

УИХ-ын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн 3.2-т “УИХ-ын гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэсэн заалт бий. Гэвч УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэхгүй байх нь энгийн үзэгдэл болсон. УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралддаг. 19 гишүүнтэй Байнгын хороо 10, чуулганы нэгдсэн хуралдаан 39 гишүүн ирцээ бүртгүүлж байж хуралдана гэсэн үг. Хуулиараа бол заавал биечлэн ирж ирцээ бүртгүүлэх ёстой ч зарим гишүүний өмнөөс картыг нь хийж ирцийг автоматаар бүртгүүлэх тохиолдол гардаг. Санал хураалтын тухайд Байнгын хороо зургаа, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн багадаа 20 гишүүн суугаад хууль батлах боломжтой. Гэтэл Байнгын хорооны хуралдаанд 4-5, чуулганы нэгдсэн хуралдаанд 10 гаруйхан гишүүн суучихаад хууль батлах нь бас л энгийн үзэгдэл болсон. Учир нь, тэд хуралдаа суугаагүй бусад гишүүдийнхээ өмнөөс кнопыг нь дарж санал хураалт явуулдаг. “Төгөлдөр хуур тоглох” гэж нэрлэгдэх хүртлээ төгөлдөржсөн энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэж, санал хураалт явуулдаг болсон.

УИХ-ын гишүүдийн хүнд суртлыг бууруулж, хуралдаа биечлэн суухаас өөр аргагүй болгосон хурууны хээгээр ирц бүртгэх, санал хураалт явуулах төхөөрөмжид 600 сая төгрөг зарцуулсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Хурууны хээгээр ирц бүртгэх, санал хураалт явуулах техникийн шийдэлд нийтдээ 600-гаад сая төгрөг зарцуулсан. Хамгийн бага үнээр шийдэх чиглэл өгсөн. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн юм” гэсэн.

Хуралдаа суудаггүй гишүүдийн өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээх ёсгүй

УИХ-ын хаврын чуулганы эхнээс ашиглаж эхэлсэн энэхүү төхөөрөмж зарим тохиолдолд гацаж, УИХ-ын дарга, гишүүдийг бухимдуулж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Төхөөрөмж уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрынхан яагаад энэ төхөөрөмж гацаад байна вэ. УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй. Ямар учиртай төхөөрөмж авсан юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна" хэмээн бухимдсан юм. Уг нь тэд ингэж бухимдаж суухаасаа өмнө товлосон цагтаа ирж хуралдаа суудаг байсан бол ингэх ямар ч шаардлага гарахгүй байх байлаа. Төсвийн мөнгийг ч 600 саяар хэмнэх байв. Мөн УИХ-ын гишүүд ажилдаа ирж, хуралдаа суудаггүй байсан асуудлыг шийдвэрлэснийхээ төлөө хэн нэгэн ажлаас халагдах ёсгүй. УИХ-ын гишүүд хэн нэгнийг ажлаас хална гэхээсээ илүү өөрсдийнхөө хариуцлагыг сайжруулах хэрэгтэй.

“Хурууны хээгээр ирц бүртгэх, санал хураалт явуулах төхөөрөмж гацаж байна” хэмээн бухимдаж байсан УИХ-ын гишүүд буруугаа тус төхөөрөмж рүү чихсээр л байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж чадсангүй. Учир нь, ирц хангалтгүй байсан учраас санал хураалт явуулах боломжгүй болсон юм. Хэрэв өмнөх шигээ хурууны хээгээр санал хураалт явуулдаггүй байсан бол бусдын өмнөөс кноп дараад л санал хураалт явуулчих байлаа. Харин одоо ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хэчнээн удаа хурлаа хойшлуулахыг таашгүй. Хурууны хээ унших төхөөрөмжийг ашиглахаас татгалзах нь эцсийн зорилго байхыг ч үгүйсгэхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хариуцсан ажлаа хийснийхээ төлөө төрийн албан хаагч цалин авдаг. Мөн үүнийгээ дагаад хариуцлага яригдах ёстой. Тухайн үед хариуцан техник тоног төхөөрөмжийг суурилуулсан удирдлага доод албан тушаалтануудаа удирдан зохион байгуулж чадаагүйн үнэн шүү дээ. Төрийн дээд байгууллагын техник, тоног төхөөрөмж нь олон нийтийн сувгаар доголдон, ажиллахгүй байгаан хариуцлагагүйнх байхгүй юу даа. Энэ гишүүдтэй ямарч хамаагүй!!

    0 0 Хариу бичих
  2. Бидний Монголчууд ийм л төртэй байгаад удаж ужгирлаа. УИХ-ын гишүүд гэхээр л арай давуу эрхтэй. Уг нь хөдөлмөрийн хуулиар зохицуулж болно. Нийт их хурал дээр суугаагүй цагийн нийлбэр нь тэд болвол эргүүлэн татдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Тэгвэл хэн нэгэн гишүүнийг хэн ч солихгүй, татахгүй, огцруулахгүй. Тэр хариуцлага сэтгэлгүй гишүүн өөрөө өөрийнхөө орон зай, иргэдийн итгэлийг, намаа ажлаа хариуцлагаа алдахад хүрнэ. Аливаа юмыг сайн талруу нь сэтгэвэл заавал мөнгө үрэх шаардлага байхгүй. 600 сая ₮ бол задарсан үнэ. Зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө Их хурал тарах шалтгаан болох ёстой. Ингэвэл хүн бүр мөнгө үрэх тухай сэтгэх биш хандлага нь ядаж зөв болно.

    0 0 Хариу бичих