Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөрт илгээлт ирүүлжээ

ЮНЕСКО-ийн  ерөнхий захирал Одри Азулей өнөөдөр тохиож буй Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөрт зориулан илгээлт гаргажээ. Тэрээр илгээлтдээ "Ном нь бидний дотоод ертөнцийн цонх болохын сацуу бүхий л хил хязгаар, зааг ялгааг давюан туулж хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хүндлэлийн үүд хаалга нь болж өгдөг билээ. Энэхүү дүйвээнтэй цаг үед ном нь нийгмийг урагшлуулагч нийтлэг илэрхийллийн хайгуул болж, хүн төрөлхтний арвин их баялаг, туршлагыг тодорхойлж, хүмүүний оюун ухааны олон янз байдлыг бий болгодог. Ном нь өв уламжлалаа хадгалан үлдээж, хамтын түүхийг бичилцэхэд хувь нэмэр оруулан хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл болгон нэгтгэдэг. Ном нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийг дэлхий дахинд түгээхэд тусалдаг бидний хамтрагч билээ" хэмээн онцолжээ.
Мөн илгээлтдээ "Ном бол тодорхой нэг хэл төдийгүй оршин буй соёлын илэрхийллийн нэгэн хэлбэр юм. Аливаа хэвлэл нь тодорхой нэг хэл дээр хэвлэгдэж тухайн хэлээр ярьдаг уншигчдад зориулагдсан байдаг. Иймдээ ч ном нь тухайн хэл шинжлэлийн болон соёлын хүрээнд бичигдэж, арилжаалагдаж, хэрэглэгдэж, үнэлэгддэг юм. Олон улсын нийгэмлэгүүдийн уугуул иргэдийн соёл, мэдлэг, эрхийг хамгаалахад үзүүлэх дэмжлэгийг бататгах зорилгоор 2019 оныг ЮНЕСКО-ийн ивээл дор Уугуул хэлний олон улсын жил болгон зарласан билээ. Энэхүү өдөр нь бичгээр үйлдсэн соёлыг түгээх, чингэхдээ бүх хувь хүн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд илүү хүртээмжтэй болгох арга замыг тодорхойлох боломжийг олгодог" гэсэн байна. 

Өнөөдөр буюу 2019 оны Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрөөр Дэлхийн номын нийслэлээр тохоон томилогдсон Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хотын баримталж буй зорилго хүчин төгөлдөр болж үйлчлэх ажээ. Шаржа хот нийгмийн тэгш оролцоо, бүтээлч байдал, хүндлэлийн хөдөлгөгч хүч болгох үүднээс алслагдсан болон шилжих хөдөлгөөний хүн амд хүрэх зорилго бүхий “Ном унш – Та Шаржа хотод байна” хэмээх хөтөлбөрөөрөө Дэлхийн номын нийслэлээр шалгарсан юм. 
Шаржа хот болон ЮНЕСКО-ийн  түншүүд болох Олон улсын хэвлэн нийтлэгчдийн холбоо, Олон улсын номын худалдаачдын холбоо, Олон улсын номын сангийн холбоо, институтууд болон бусад олон улсын нийгэмлэгүүдийн хамт номыг болон түүний бүтээлч байдал, шинэ санаа, мэдлэгийг түгээх хүсэл эрмэлзэл, ойлголцол, харилцан яриа, хүлцэл тэвчлийн урам зоригийг тэмдэглэхийг ЮНЕСКО-ийн ерөнхий захирал уриалжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)