Албан тушаалын ч үнэ цэнэгүй монгол хүний амь

Үнэхээр айдас хүйдэстэй байна. Өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэж яваад эрдэнэт хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл сонсох. Зөвхөн он гараад олон нийтэд мэдэгдсэнээр бол 20 гаруй хүн цаг бусаар амиа алдаад байна. Үүний дийлэнх нь үйлдвэрлэлийн осол.

Долоо хоногт долоон хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алдав

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хороо энэ оны нэгдүгээр улирлын тайлан танилцуулахад эхний улиралд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 66 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 65 нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байсан. Нийт осолдогчдын 22 нь  эмэгтэйчүүд байсан талаар мэдээлсэн. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан нь унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 23 нь хөнгөн хэлбэрээр, 36 нь хүнд хэлбэрээр гэмтэж, долоо нь нас нарсан байна. Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 27.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бол цахилгаан, хий, уур, агааржуулалт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт тус бүр 9.1 хувь байна.

Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл,

31.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй,

18.2 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан,

15.2 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,

13.6 хувь нь мэргэжилтэн,

12.1 хувь нь бусад мэргэжилтэй,

9.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байгааг хэлсэн.

Энэ тайланг танилцуулаад долоо хоноогүй байхад осолдогчдын тоо олон нийтэд мэдэгдсэнээр даруй долоогоор нэмэгдлээ. Тодруулбал, энэ сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тэдний амиа алдсан шалтгааныг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Гантөмөр тайлбарлахдаа “Тэр станцын дөрвөн талд тунгаагуур бий. Ахуйн хог, үйлдвэрийн хог, шууд орж ирээд түүхий эдийн насосоор цэвэрлэгдэж, бохир ус нь шүүгдээд дараачийн тунгаагуур луу орж, дахин цэвэрлэгдээд, хамгийн сүүлд нь гол руу хаягдах процесс явдаг. Насос дээр ажиллаж байсан ажилчид хорт хийнд хордож маш богино хугацаанд амиа алдсан. Тэднийг ажиллаж байхад өвдөгний доод үеэр татсан бохир, хоёр дахь бүс рүү орж ирсэн бололтой. Улмаар горимын зөрчил алдагдаж, нойл түвшний хэмжээнд буюу гурван метр орчимд 10×12 хэмжээтэй жижиг станц лагаар дүүрч, ажилчид лаганд угаартаж, унасан хэрэг гарлаа” гэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-нд Налайхын уурхайд осол гарч дөрвөн хүн дарагдсаны гурав нь амиа алдлаа. Амиа алдсан иргэд 27-47 насныхан байсан. Тус уурхай нь “Эрдэнийн хөгжил” компанийнх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоосон байсан аж. Гэтэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж ийнхүү гурван хүний аминд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд ийнхүү дээрх хоёр ослоос болж, долоон хүн амиа алдаад байна. Үүнээс хоёрхон сарын өмнө буюу хоёрдугаар сарны сарын 28-нд “Эко Алтан Заамар” компанийн уурхайд хөрс цөмөрч мөн л дөрвөн хүн өөд болсон. Ингээд цөөхөн монголчууд үйлдвэрлэлийн ослоор дөрөв дөрвөөрөө долоо долоо хоногоор амиа алдсаар байна. Энэ нь хаана хаанаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй юм. Хяналт тавих нь хяналт шаардлагаа сул тавьж, гүйцэтгэх нь хэнэггүй, хариуцлагагүй байдагтай холбоотой. Түүнчлэн хариуцлага алдсан тохиолдолд оногдуулах шийтгэл байдаггүй. Тиймээс мэргэжлийн байгууллага ирээд үйл ажиллагааг нь зогсоогоод явахад нохой хуцсан дайны бодохгүй, үргэлжлүүлэн ажиллаж байгаад хүний аминд хүрч байна. Түүнээс өмнө гурван хүний аминд хүрсэн “Эко Алтан Заамар” компанийн удирдлагын толгойг илээд өнгөрсөн болохоор дараагийн уурхайнууд нь ингэж давардаг.  Түүнчлэн энэ асуудлыг хариуцсан албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх ухамсар даанч суугаагүй. Уул уурхайн яам нь салбарынхаа ослоо өөрсдөөсөө холдуулж, мэргэжлийн хяналт руу чихдэг. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ч байхгүй. Төв цэвэрлэхийн осолд хотын удирдлагууд нь зөрж, сольж мэдээлэл өгдөг. Мөн л хэнд ч хариуцлага тооцоогүй. Хариуцлага тооцоогүй гэдэг чинь цаашид хариуцлага алдана л гэсэн үг. Ийм л болохоор сар бүр дуулиант осол болж, цэрэг, шүүгч амиа алдаж, барилгаас төмөр, тоосго унаж байгаа юм. Ингэхээр л өнөөдөр Монгол хүний амь нас ядаж ганц албан тушаалын ч үнэ цэнэгүй байгаа юм. Он гарснаас хойш олны чихэнд өртсөн хэргүүдийг он цагийн дарааллаар сануулъя.

Нэгдүгээр сарын 22.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан. Орхон аймгаас өнгөрсөн арваннэгдүгээр сард татагдан очсон, 19 настай байлдагч өглөөний гүйлтдээ гүйж байгаад унахад бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас баржээ.

Хоёрдугаар сарын 22.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа өөрийгөө боомилж амиа алдсан. Тэрбээр, Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэрэгт хамжигчаар шалгагдаж байсан юм.

Хоёрдугаар сарын 28.

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд дөрвөн иргэн амиа алдсан. /Энэ тухай өмнө дэлгэрэнгүй мэдээлсэн/

Гуравдугаар сарын 8.

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй хамтран амьдрагч залуудаа буудуулж амиа алдсан.

Гуравдугаар сарын 27.

17 настай жирэмсэн эх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цонхоор үсэрсэн. ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулгын хэлснээр “Жирэмсний хяналтын явцад тухайн ээж шинжилгээнүүдээ бүрэн гүйцэд өгч байсан. Онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Төрөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Төрөх ажиллагаанд гажуудал, анхаарал татах зүйлс байгаагүй. Тухайн эмэгтэй өөр нэг төрөгч эхтэй нэг өрөөнд байсан. Түүнийг хажуугийн өрөөнд орж, ургийн бичлэг хийлгэх явцад талийгаач цонхоо онгойлгож, үсэрсэн байсан” гэсэн юм.

Дөрөвдүгээр сарын 10.

Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барав. Талийгаач найз залуу 25 настай Б-тэй тус байранд хамтран амьдардаг байсан. Тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироожээ. Шалтгааныг хардалтаас үүдэлтэй гэж ар гэрийнхэн нь тайлбарлаж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 16.

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн иргэн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. /Энэ тухай дээр дэлгэрэнгүй өгүүлсэн/

Дөрөвдүгээр сарын 18.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, “Хүүхдийн орд”-ны арын барилгаас автомашин дээр цементэн чулуу унаж, дотор нь байсан хүнийг гэмтээжээ. 

Дөрөвдүгээр сарын 20.

Налайхын уурхайд дөрвөн иргэн амиа алдав. /Энэ тухай дээр дэлгэрэнгүй өгүүлсэн/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)