Монгол хэлний хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол хэлний тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн нэр хаяг, олон нийтэд зориулсан зар, зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамжийг монгол хэлээр бичнэ гэснийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хугацаатай албан бичиг хүргүүлжээ. Энэ дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудаас Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар тайлан, мэдээллээ ШӨХТГ-т ирүүлж байгаа юм байна.
Тухайлбал “Говь” хувьцаат компаниас Улаанбаатар Галерей Олон улсын ноолуурын төв дэлгүүрийн хаягийг крилл болон үндэсний бичгээр бичиж байршуулсан бөгөөд бусад салбарын хаягжилтыг шинэчлэн ажиллаж байгаа талаар, “Би Эс Би” ХХК, “Нэкст электроникс” ХХК, “Каппэ Бэнэ Монголиа” компани зэрэг нь салбар дэлгүүрүүдийн нэр хаяг, олон нийтэд зориулсан зар, зааварчилгаа, аюулгүй ажиллагааны санамжийн мэдээллүүдийг Монгол хэлээр бичих албан хариуг ирүүлсэн байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид Монгол хэлний тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцох, аж ахуйн нэгж байгууллагуудад өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж ажиллана гэдгээ мэдэгджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)