Энэ өдөр түүхэнд: Дэлхийн номын өдөр

Оны 113 дахь өдөр, Шинэ он хүртэл 252 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдөр  

Дөрөвдүгээр 23-нд Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдөр   (World Book and Copyright Day) зарлагдсан нь учиртай.Энэ өдөр М. Сервантес, У. Шекспир, Инка Гарсиласо де ла Вега нарын цуутнууд ертөнцийг орхисон бол Морис Дрюон, X.Лакснесс, Ж. Пла ба Мануэль Мехиа Вальехо нар төржээ. Парис хотноо 1995 онд хуралдсан ЮНЕСКО-гийн бага хурал энэ өдрийг Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдрөөр зарласан юм.

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхлын бүлгийнхэн хамтран ажиллах, ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан, номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.

Сонирхолтой түүх

Жек Лондон дэлхийг тойрох аян замдаа гарав

Жек Лондон нэрээр олонд танигдсан Жон Гриффит Чейни эхнэр Чармианы хамт өөрийн зураг төслөөр босгосон "Снарк" нэрт хоёр дарвуулт хөлөг онгоцоор дэлхийг тойрохоор Сан-Франциско хотоос 1907 оны дөрөвдүгээр сарын 23-нд гарчээ.

Энэ нь түүний анхны аялал биш байв. Тэрээр амлуулсан эх Женнигээс 300 доллар зээлдэн согтуу усан цэргээс завийг нь худалдан аваад далайн аянд 15 насдаа гарч байв. Тэр цагт далайн дээрэмчин болох мөрөөдэлтэй байсан гэдэг. “Ахмад Жек” өөрийн насны найз нараасаа баг бүрдүүлээд “сам хорхойн газар нутгийг “байлдан дагуулж эхэлжээ. Тэд Сан-Францискогийн хувийн боомтноос сам хорхой хулгайлан нутгийн ресторануудад худалдаж багагүй орлого олжээ. Жек өрөө төлөх 300 долларыг цуглуулж чадсан байв.

“Энэ залуу замаа алдлаа. Архинд орж үхнэ эсвэл түүнийг ална” гэж хөгшин далайчид ярьдаг байв. Тэдний хэн нь ч түүний төгсгөлийг таагаагүй юм. Жек Лондон бүхний дуртай зохиолч, баян чинээлэг, алдартай болсон.

Аян замдаа гарахын өмнө Жек Лондон Америкийн тэргүүн зургаан сэтгүүлд өөрийн аяллыг ивээн тэтгэх санал тавьжээ.Тэр очсон газар нутгаасаа тасралтгүйгээр нийтлэл илгээж байхыг амлав. Зохиолч далайд  живнэ гэж болгоомжилсон бараг бүх сэтгүүл түүний саналыг хүлээн авсангүй.Жекийн төлөвлөснөөр, энэ аян долоон жил үргэлжлэх ёстой байсан ч зохиолчийн өвчний улмаас аян 1909 онд тасарлаа. 
"Хэзээ ч гүйцээж чадахгүй цорын ганц зорилго минь энэ бололтой. Ном бичих л үлдлээ. Тийм ч муу биш зүйл л дээ. Дарвуул дор аялах шиг л сайхан хэрэг” хэмээн Жек эхнэртээ хэлсэн байдаг.

Аяллын үеэр тэр  ном зохиолдоо хэрэг болох  баялаг материал цуглуулж чаджээ. Түүнийхээ дагуу "Снаркаар аяласан нь", "Өмнөд тэнгисийн өгүүллэгүүд", "Нарны хүү " номуудаа бичжээ. Хамгийн чухал нь  тэр энэ үеэрээр өөрийн шилдэг зохиол болох намтарчилсан "Мартин Иден" романаа бичин өөрийн эмгэнэлт төгсгөлөө урьдчилан хэлсэн байдаг. Нэр алдартай зохиолч 41 насандаа их хэмжээний морфин өөртөө тарин Лондонд амиа хорложээ.

Сонирхолтой баримтууд –

  • Жек Лондонд хийгээгүй зүйл гэж үгүй. Хүүхэд байхаас л тэр гудамжны муур авлан махыг нь  хятадуудад зардаг байжээ.
  • 1907 онд адал явдал хайгч өөрийн зургаар босгосон дарвуулт онгоцоор дэлхийг тойрох аян эхлүүлжээ.
  • Лондон орос зохиолчдыг биширч, Максим Горькийн уран бүтээлийг үнэлдэг байв.
  • Ленинийг нас барахаас хоёр хоногийн өмнө Надежда Крупская түүнд Лондоны “Амьдралыг хайрлах нь” өгүүллэгийг уншиж өгсөн байдаг.
  • Бүхий л амьдралдаа Лондон нохой нэн ялангуяа чононд онцгой дуртай байв. Түүний ихэнх зохиолд эдгээр амьтад гол баатрууд нь болдог. “Цагаан соёо”, “Хүрэн чоно” зэрэг алдартай зохиолуудаас нь монгол хэлнээ хөрвүүлсэн байдаг.
  • Уран бүтээлийн хямралтай 1910 онд тэр роман бичих сэдвээ өөрөө бодож чадалгүй Синклер Льюисаас худалдан авч байжээ.
  • Жек Лондон Орос-Японы дайн, Мексикийн иргэний дайнд сурвалжлагчаар ажиллаж байлаа.
  • Нэр алдартай болсныхоо дараа тэр нэг номондоо 50 мянган долларын шагнал авдаг байжээ. Зохиолчдоос тэр хамгийн анх саятан болсон гэх дам яриа байдаг.

Өнөөдрийн түүх

МЭӨ 181 - Энэ өдөр Ром хотноо Венера бурхны хоёр дахь сүм нээгджээ. Тэр нь Ромын биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн шүтээний газар болсон учир энэ өдрийг биеэ үнэлэгчдийн өдөр  гэж нэрлэдэг байжээ.

1014 - Ирландын их хаан Брайн Бору Викингийн эзлэн түрэмгийлэгчдийг ялав. Гэвч тулааны үеэр Брайн Бору амиа алджээ.

1348 - Английн хаан III Эдуард "Гэгээн Жоржийн өдөр"-ийг тэмдэглэх зарлиг гаргажээ.

1564 - Английн аугаа их жүжгийн зохиолч Уильям Шекспир төржээ

1516 - Одоогийн Ингольштадт хотод шар айраг нэрэх орцыг соёрхон батлав.

1616 - Испанийн суут зохиолч Мигель де Сервантес таалал төгсчээ

1635 - АНУ-ын нутаг дэвсгэрт хамгийн анхны нийтийн латин сургууль Бостон хотод байгуулагдав.

1660 - Швед болон Польш улсын хооронд энхийн гэрээ байгуулагдав.

1815 - Оттоманы эзэнт гүрнийг эсэргүүцсэн Сербичүүдийн хоёр дахь бослого гарлаа.

1851 – Канадын шуудангийн анхны марк гарчээ. Түүнийг  тус орны төмөр замын сүлжээг үндэслэгч, цагийн бүсүүдийн санааг гаргагч инженер Сэндфорд Флеминг бүтээв. 

1908 - Москвагийн түүхэнд хамгийн хүчтэй үер болсон байна. Москва голын усны төвшин 8,8 метрээр нэмэгдэн хотын төвийн олон газар усанд автсан байжээ.  

1914 - Шинэ тутам бий болсон бейсболын анхны тэмцээн АНУ-ын Чикаго хотод болжээ.

1920 - Туркийн үндэсний их ассемблей байгуулагдав. Улмаар Султан VI Мехмедийг хаан ширээнээс нь буулгаж, үндсэн хууль батлах үйл ажиллагаанд оржээ.

1927 - Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд Уэльсийн Кардифф Сити клуб түрүүлэв. Кардифф Ситигийн довтлогч Хью Фергюсон Арсенал багийн хаалганд гоол оруулж цом авчирчээ. Ингэж тус тэмцээнд түрүүлсэн цорын ганц Уэльс баг гарч ирсэн  юм.

1935 - Польш улсад үндсэн хууль батлагдав.

1948 – Сталины дэглэмийн бас нэг суртал ухуулга явагдаж, Павел Гордиенко, Павел Сенько, Михаил Сомов, Михаил Острекин нарыг онгоцоор хойд өргөргийн 90 градуст хүргээд буцаан авчирчээ. Тэд дэлхийн тэнхлэгийн цэгт очсон анхны энгийн хүмүүс болжээ.

1949 - Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн флот байгуулагдав.

1967 - ЗХУ-ын Засгийн газар "Союз 1" хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров дэлхий орчмын тойрог замд гарав.

1968 - Вьетнамын дайн: АНУ-ын Нью-Йорк хотын Колумбиа их сургуулийн оюутнууд дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.

1985 - Алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа түүнээс татгалзжээ.

1990 - НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиби улс бүртгүүлэв.

1991 - Нью-Йоркийн нэгэн жижиг рестораны ажилтнууд Харольд Уиткомб ба Женеральд Хаддинг хоёр өндөг цэвэрлэх дээд амжилт тогтоов. Тэд 7.25 цагийн хугацаанд 12 600 өндгийг хальснаас нь цэвэрлэжээ.Сонирхолтой нь дээд амжилтын эзэд хоёулаа хараагүй хүмүүс байв.

1992 - "Макдональдс" рестораны дэлхийн сүлжээний 700 хүний суудалтай хамгийн том ресторан Бээжинд нээгджээ.

1998 – Америк эмэгтэй Ашрита Фурман нэг лонх сүү толгой дээрээ тогтоон  23 цаг 35 минутын хугацаанд 86,5 км замыг туулан дээд амжилтын эзэн болов.

2005 - Нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)