Мексикийн мафи Ерөнхийлөгчөө сүрдүүлэв

Мексикийн гэмт хэргийн бүлэглэл тус орны Ерөнхийлөгч  Андрес Мануэль Лопес Обрадорт хандсан өөрсдийн шаардлагыг Гуанахуато мужийн Селайя хотын гүүрэн дээр өлгөсөн байв. "Санта-Роса-де-Лима" гэх бүлэглэлийнхэн тэнд хэд хэдэн зурагт хуудас өлгөн Ерөнхийлөгчийг заналхийлжээ. Бүлгийн толгойлогч “Лантуу” хочтой нэгэн Ерөнхийлөгчөөс уг мужид явуулж байгаа тусгай ажиллагааг зогсоохыг шаардан, эс биелүүлбээс хүчирхийлэл үйлдэхээ мэдэгдсэн байна.

“Лантуу” нь тэнгисийн явган цэрэг, ер нь бүх цэргийн албан хаагчдыг Гуанахуато мужаас татахыг шаардаж байгаа гэнэ. Цэргийнхэн шатахууны хоолойгоос түлш хулгайлдаг "Уачиколерос" гэдэг мафитай тэмцэж байгаа юм.

Сүүлийн жилд Гуанахуато  мужид хүчирхийлэл эрс нэмэгдээд байна. Өнгөрсөн оны  тавдугаар сард л гэхэд уг мужид 60 гаруй хүнийг хөнөөсөн бөгөөд долдугаар сард нь дахин дөчөөд хүний амийг авчээ. Мансууруулах бодис наймаалдаг хэд хэдэн  бүлэглэл уг мужид хяналтаа тогтоохоор тэмцэлдэж байгаа юм.

Ерөнхийлөгч Лопес Обрадор 2018 оны сүүлчээр албандаа орсны дараа шатахууны хулгайтай тэмцэх стратегийг зарласан бөгөөд тэр үеэс шатахууныг нь хулгайлдаг хэд хэдэн дамжуулах хоолойг  хаасан билээ. Одоо шатахууныг голчлон цистернээр тээвэрлэн хүргэх болжээ. Мөн нефть боловсруулах бүх үйлдвэрүүдэд цэрэг оруулан хамгаалсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)