Цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэх нэн тэргүүний шаардлага байна

Манай улсын ирээдүй болсон хүүхдийн хоол тэжээлийн байдал ямар байгаа, тэдний зөв хооллолтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулын зөвлөснийг хүргэе.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хооллолтод анхаардаггүй

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хооллолтод анхаарах байдал сул. Зарим эцэг эх хүүхдийг зургаан сартайгаас нь эхлээд нэмэгдэл хоолонд оруулахдаа л буруу хооллолтод хэвшүүлдэг. Мөн хүүхдэдээ зориулж хоол хийж өгдөггүй. Өөрсдийнхөө хоолноос өгдөг. Эсвэл зөвхөн мах гурил бүхий бантангаар хооллодог. Энэ мэтчилэн манай эцэг, эхчүүд хоолны сонголт муутай. Жишээ дурдахад, Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дуталтай байсан. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ “Д” амин дэм агуулсан хүнс өгөхгүй байгаа юм. “Д” аминдэмээр баялаг хүнсэнд загас, өндөг, мөөг гэх мэт хүнс ордог. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. “А” амин дэмийг хамгийн наад зах нь луувангаас авдаг. Үүнээс харахад хүүхдэдээ хүнсний ногоо, жимс өгөхгүй байгаа юм. Ер нь монголчуудын дунд жимс, хүнсний ногооны хэрэглээ бага байдаг. Үүнээс үүдээд хүүхдүүд эрдэс, амин дэмийн дуталд ордог. 

Сүү, тараг, жимс, хүнсний ногоог хүүхдэдээ хэрэглүүлж, хэвшээрэй

Сүү, цагаан идээг хүүхдэдээ өгч сургах хэрэгтэй. Цагаан идээнд хүүхдийн ясны хөгжилд шаардлагатай кальци маш их агуулагддаг. Мөн тарганд агуулагдах ашигтай бичил биетэн нь хүүхдийн гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжсэнээр дархлааг нь сайжруулдаг. Мөн түүнчлэн “В”-гийн төрлийн амин дэмийг үүсгэдэг. Жимс, хүнсний ногоонд хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, дархлааг дэмжих, оюун ухааны хөгжил, ой тогтоолтод шаардлагатай олон төрлийн эрдэс, аминд эмүүд агуулагддаг. Мөн олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулагдаж байдаг. 

Иргэд аливаа бүтээгдэхүүний найрлагыг харж сурах хэрэгтэй. Нөөшлөгч, хүнсний нэмэлт, амт, үнэр, өнгө оруулагч бодис нэмээгүй, давс, тос, сахрын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүн сонгох нь чухал. Сүүлийн үед хүүхдүүд түргэн хоол их идэж байна. Өмнө дурдсан судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй, 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэж гарсан. Таргалалт нь эрүүл бус хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, чихэрлэг хүнсний  хэрэглээ, түргэн хоол буюу хуушуур, пирошки, пицца, бургер, ороомог, чихэрлэг бүтээгдэхүүн, бэлэн хоол, хийжүүлсэн ундаа зэргийг их хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Хийжүүлсэн ундаанд гэхэд фосфорын хүчил их байдаг. Энэ нь цуснаас кальци, магни, цайрыг авч гадагшилдаг. Ингэснээр хүүхэд ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй. Мөн хийжүүлсэн ундаа маш их сахрын агууламжтай байдаг. 500 мл хийжүүлсэн ундаанд 54 грамм орчим сахар агуулагддаг. Гэтэл насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм сахар хэрэглэхэд зохимжтой гэж үздэг. Тэгтэл хүүхдүүд ганц сав ундаа уугаад томчуудын өдөрт авах ёстой сахрын хэмжээнээс ч ихийг хэрэглэх нь дэндүү аюултай.

Шарсан төмс, чипс зэрэг их тосонд шарсан бүтээгдэхүүнд хадгалалтын хугацааг уртасгах зориулалттай “E621” гэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийсэн байдаг. Энэ нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгахаас гадна өвөрмөц амт, үнэр оруулдаг. Энэхүү “E621” буюу “sodium glutamate” гэдэг бодис нь донтуулж, дахин идэх хүсэл төрүүлнэ. Мөн хүүхдийг маш их хөдөлгөөний идэвхтэй болгодог. Хүүхдүүд заримдаа маш их хөдөлгөөнтэй болоод эцэг, эхчүүд нь “Сахилгагүйтлээ” гээд загнадаг шүү дээ. Энэ нь тэрхүү бодистой холбоотой.

Мөн хүүхдийн гэдэсний үйл ажиллагааг хямраадаг. Байнга хэрэглэвэл хорт хавдар ч үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр чипс, бэлэн гоймон зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн шарсан төмс зэрэг их тосонд шарсан
бүтээгдэхүүнд “акрил амид” гэдэг бодис үүсдэг. Энэ нь тосыг өндөр температурт, олон дахин халааснаас болж үүсдэг. Мөн л хорт хавдар үүсгэдэг. Гэтэл өнөөдөр хүүхдүүд шарсан төмс, чипсэнд ямар их дуртай билээ. Эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ авч өгдөг. Түүнээс гадна түргэн хоол шарсан төмс, бургер, пицца, зайдас, хиам, чипс зэрэгт давсны агууламж ч өндөр байдаг. Эдгээр хүнсийг их хэрэглэснээр хүүхдийн давсны хэрэглээ нэмэгдэж цаашид халдварт бус өвчний үндэс суурь тавигдах эрсдэлд орж байна.

Хүүхэд зөв хооллож, эрүүл амьдрах “түлхүүр” эцэг, эхчүүдийн гарт бий

Хүүхэд эцэг эхийн асаргаанд байдаг тул ямар хоол хүнс хэрэглэх нь тэднээс хамааралтай. Тиймээс хүүхдээ эрүүл зөв хооллож, эрүүл хүн болгох “түлхүүр” эцэг, эхчүүдийн гарт бий. Анхнаасаа хоолонд орж эхлэх үед нь хүүхдэд юу өгч сургана, түүнийг л хүүхэд ирээдүйд иднэ. Чихэр, чипс, шарсан төмс зэргийн амтыг идэж үзээгүй хүүхэд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдийг багаас нь жимс, хүнсний ногооны амтанд оруулж,
хэрэглүүлж дасгах хэрэгтэй. Тэгэхгүйгээр чихэр, түргэн хоол их хэрэглүүлбэл жингийн илүүдэлтэй болно. Ингэснээр хүүхэд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин тусах эрсдэлтэй. Түүнчлэн бодлогын чанартай зарим зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нэн тэргүүний шаардлага байна.

Өнгөрсөн онд манай байгууллагаас Мэргэжлийн  хяналтын ерөнхий газартай хамтраад цэцэрлэг болон сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол хүнсний хэрэглээнд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр цэцэрлэгийн хүүхдийн сүү цагаан идээний хэрэглээ 9.2 хувиар, хүнсний ногооны хэрэглээ стандарт хэмжээнээс 42.3 хувиар, жимс жимсгэнийн хэмжээ 76.1 хувиар бага гэж гарсан. Хүүхдүүдэд гурил, будаа, махыг түлхүү өгдөг.

Хүүхдийн махны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 20 хувиар, гурилынх 3.1 хувиар, будааных 62 хувиар, чихэрлэг хүнсний хэрэглээ 45 хувиар тус тус зөвлөмж хэмжээнээс их гарсан байгаа юм. Олдоц ихтэй, үнэ бага тул энэ төрлийн хүнсийг ихэвчлэн хэрэглэдэг байх.

Мөн цэцэрлэгийн хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ зөвлөмжөөс 310 ккал-иар бага байсан. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны мөнгө гэж 1650 төгрөг оногддог.

Тэр мөнгөнд нь тааруулах, хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг бариулахын тулд хямдыг нь бодоод гурил, мах будаа л авч хүрэлцдэг байна. Хүнсний ногооноос төмс, лууван байцаа зэргийг хүүхдийн хүнсэнд хэрэглэдэг. Харин амин дэм ихтэй нарийн ногоонууд авах боломж байдаггүй. Жимсний тухайд бол яриад ч хэрэггүй. Жимсний төрлийн зүйл хэрэглэлээ гэхэд аньс, нэрс, чацаргана зэргийг найруулж, ундаа байдлаар хүүхдүүдэд өгдөг. Ингэхээр дахин хэлэхэд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолонд жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэх шаардлагатай байна. Мөн эцэг, эхчүүд өөрсдийн боломждоо тааруулан аль болох хүүхдэдээ жимс, хүнсний ногоо хэрэглүүлэх хэрэгтэй. Хүүхэд өдөр тутам эрчимтэй өсөж байдаг. Энэ үед нь биед нь шаардлагатай хүнс өгөх нь хүүхдийн ой тогтоолт, биеийн өсөлт хөгжилт, биеийн эсэргүүцэл сайн байхад нөлөөлнө. Тэгэхээр хүүхдэдээ багаас нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлж сургах, ялангуяа жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ хэрэглүүлэх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Yag unen.

    0 0 Хариу бичих
  2. эцэг эхээс 50%г гаргуулах хэрэгтэй бага ч гэсэн хүүхдийнхээ төлөө хувь нэмэр оруулах хэрэгтэй цэцэрлэгт бүхнийг даатгаад хаядаг хүн олон байна хүүхдүүд хагас өлсгөлөнгийн байдлаар хооллодог

    0 0 Хариу бичих
  3. Huuhdiin hoolnii mongiig nemeh heregtei 1650 taaruuulan gedeg mash hetsuu huuhduud hagas olsoglon baidag zasgiin gazar said nar iniig uzeh heregtei shuu

    0 0 Хариу бичих
  4. Bodit baidal der huuhdiin hoolnii mongo arai l dendyy bagaas gadna nyaraw nyagtlan erhlegch 3 ni bas niileed taliig ni idchihne. Uun deer tavij bgaa hyanalt alga. Hool hyns niilyyldeg gazruudiig ni ch gsn solimoor boon mafi. Ye ye nyaraw naygtlang end tend amraaj arhiduulj mongon aygaar uramshuulna.

    0 0 Хариу бичих
  5. Цэцэрлэг нэг хүүхдийг нэг талхны үнэ хүрэхгүй мөнгөөр бүтэн өдөр хооллож байна. Бензиний үнэ өсөхөд бараа материал, гэрэл, дулааны үнэ дагаад л өсдөг. Харин ганц цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өсдөггүй. Хүн 1650 төгрөгөөр гуанзнаас хоол авч идэх үү...

    0 0 Хариу бичих
  6. цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө арай л бага. 1650 төгрөг дээр 1000 нэмээд 2650 болчихвол болохоор л байх юм. 1000 төгрөг эцэг эх үү, төр үү.... шийдчихэд ч

    0 0 Хариу бичих
    • yag zob etseg eh hariutslaga uureh heregt

      0 0
    • yag zob etseg eh hariutslaga uureh heregt

      0 0
  7. Эцэг эхчүүдээс нь мөнгийг нь авах хэрэгтэй шүү. Үнэгүй юм гэж байх ёсгүй. Үр хүүхдээ өдөржин харуулчаад ядаж хоолны мөнгийг нь өгөх хэрэгтэй.

    2 0 Хариу бичих
  8. Эцэг эхчүүдээс нь тал мөнгийг нь аваачээ... Социализмийн үед ч гэсэн авдаг байсан

    2 0 Хариу бичих