Монгол Улсын төлөөлөгчид энэ сарын 11-17-ны өдрүүдэд ОХУ-ын “Артек” олон улсын хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзаж, яриа хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн үр дүнд “Артек”-ийн хөтөлбөрөөр ажиллах хүүхдийн зусланг Монголд байгуулахаар болсон байна.

“Монголын Артек” гэж нэрлэсэн энэ төсөл Өмнөговь аймагт, Монгол Улсын анхны хүүхдийн зуслан “Буянт”-ыг түшиглэн хэрэгжих юм байна. Төслийн хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд Монголоос багш нарыг “Артек”-т аваачин сургалтын хөтөлбөрийг нь судлуулах, “Артек”-аас 10 хүртэлх мэргэжилтнийг Монголд авчран “ Буянт” хүүхдийн зусланг “Артек”-ийн стандартаар өөрчлөх ажилд туслуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах юм байна.