Тэнхрээгүй тэрбумын салбар

“Үндэстний ТОЙМ” алтны
салбарыг дахин онцолж
байна. Энэ салбарын хоёр
сарын өмнөх үзүүлэлтүүд
өнөөдөр хэрхэн өөрчлөгдөв.
Зах зээлийн “халууны шил”-
ний заалт өгсөв үү, эсвэл
уруудав уу. Алтны салбарыг
ийнхүү онцлоод байгаагийн
учир нь валютын нөөцийг
бүрдүүлдэг гол металл
учраас тэр.

“Цаг агаарын мэдээ”

Алтны борлуулалтын болон экспортын орлого нэмэгдэж, үндэсний эрдэнэсийн сангийн нөөц арвижсаны үр дүнд төгрөгийн ханш тогтворжих ба улмаар эдийн засгийн тогтвортой өсөлт хангагддаг билээ.

Тиймээс Монголбанк Монгол Улсын валютын гадаад нөөцийг удирдаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Учир нь Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Гадаад валютын нөөц нь төрийн мөнгөний  бодлого, төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаад өрийн төлбөр, гадаадын банк, санхүүгийн байгууллагын амлаж буй хадгаламжийн хүү, валютын захын цаашдын чиг хандлага зэрэг олон хүчин зүйлсэд нөлөөлнө. Тиймээс алтны үнэ ханш, олборлолт үйлдвэрлэл, тушаалтын талаарх статистик гэдэг цаг агаарын мэдээ шиг чухал юм.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтвортой өсч, гадаад алютын нөөц нэмэгдсэнээр үндэсний валютын ханш тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар сайжирсан байна.

“Алт-2” хөтөлбөрөөс

Алтны ханш дэлхийн зах зээл дээр сүүлийн хагас жилийн турш тогтмол өсч өнөөдрийн байдлаар 1318 ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард 1198.5 ам.долларт хүртэл буурснаасаа хойш тогтмол өссөөр ийнхүү жилийн өмнөх түвшиндээ эргэж очжээ. Шинжээчид алтны үнэ цаашид ч өсөж 1500 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэж таамагласан байна. Харин манай улсын хувьд он гарснаар 856.2 кг алт үйлдвэрлэж, улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр 5.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монголбанк 22 тонн алт худалдан авч, 900 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлжээ.

Энэ бол алт тушаалт болон валютын нөөц төвлөрүүлсэн хэмжээ аль алинаар нь өндөр үзүүлэлт. Хэрвээ энэ эрчээрээ явах юм бол 2019-2020 онд жилдээ 25 тонн алт худалдан авч, тэрбум ам.долларын валютын нөөц төвлөрүүлэх боломж харагдаж байв.

Тиймээс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дотоодын алтны салбарын борлуулалтын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа гэж мэдэгдсэн юм.

Ийм таатай мэдээллээр олны сонорыг мялааж байх тэр үе буюу өнгөрсөн оны аравдугаар сард Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 3400 кг буюу оргилдоо хүрээд байсан юм. Харамсалтай нь энэ огцом өсөлт 2019 он гараад ёроолдоо хүрч орхив. 2019 оны нэгдүгээр сард Монголбанканд 597.1 кг алт тушаасан бол хоёрдугаар сард дөнгөж 95.9 кг алт тушаажээ. Алт тушаалт огцом буурсан гэсэн үг. 3400 кг алт тушааж байсантай харьцуулбал 34 дахин бага үзүүлэлт.

Алтны салбарт сүүлийн жилүүдэд бий болсон тогтвортой өсөлт, эерэг үзүүлэлтүүдийг хадгалж, цаашид үргэлжлүүлж чадвал салбарын яамны дэвшүүлсэн нэг тэрбумын эдийн засаг бий болгох зорилт биелэх боломжтой. 2019 он гарсаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурсан нь алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалт дуусгавар болсонтой холбоотой. Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд УИХ хуулийн дээрх зохицуулалтын хэрэгжих хугацааг сунгах эсэх нь хүлээлт үүсгээд байв. Энэ хүлээлт валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байсан билээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байхаар болоод буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Хууль батлагдсанаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байна. 2018 оны дүнгээр 22 тонн буюу рекорд хэмжээний алт тушаасан амжилтаа ахиулж, Монголынхоо баялгийг Монголынхоо хөгжил, монгол хүнийхээ сайн сайхны төлөө зориулах үйлстээ их амжилт олохыг алтны салбарынханд хүсэн ерөөе.

Шууд хамаарал

Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буцаад таван жилийн өмнөх шигээ 5 хувь болж нэмэгдэн, харин өсөн нэмэгдэх буюу роялти татвар тэглэгдсэнээр ямар үр дүн гарах вэ? Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх нь нэмэгдэнэ. Гэхдээ тогтвортой биш. Учир нь унци алтны үнэ дэлхийн зах зээл дээр 1300 ам.доллараас дээш гарсан тохиолдолд өсөн нэмэгдэх роялти авдаг. Өнгөрсөн хугацаанд алтны үнэ энэ босгоос даваагүй тохиолдолд зөвхөн 2.5 хувийн татвараа төлж байсан.

Тэгвэл одоо нэгэнт роялтийг тэглэсэн тул унци алтны үнэ 1300 ам.доллар давсан даваагүй тогтмол 5 хувийн татвар төлнө. Тэгэхээр энэ бол уян хатан биш гэсэн үг.

Энэхүү 5 хувийн татвар таван жил хүчин төгөлдөр хэрэгжинэ. Энэ хугацаанд алтны үнэ огцом буурахыг үгүйсгэхгүй. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн “худалдааны дайн” хурцадвал алтны үнэ огцом унана. Ийм тохиолдолд өмнөх хуулийн зохицуулалт хэвээр байсан бол алтны салбарынхан ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5-ийг л төлж, өсөн нэмэгдэх роялти төлөхгүй байх байв. Харин сая батлагдсан хуулиар алтны үнэ яаж ч буурсан 5 хувийн татвар төлсөөр байх боллоо. Валютын нөөцийг бүрдүүлдэг үндсэн ашигт малтмал гэдгээрээ алт бусад эрдэс бүтээгдэхүүнээс онцлог.

2019 оны нэгдүгээр сарын байдлаар гадаад валютын нөөц 3624.8 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад төдийлөн хүрэлцээтэй бус юм.

ДНБ-ий 3 орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байгаа алтны салбарын хувьд аливаа үзүүлэлт нь татварын бодлоготой шууд холбоотой. Үүнийг өнгөрсөн 20 гаруй жилийн түүх харуулна. Тухайлбал, 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор алт тушаалт 2010 онд жилд хоёр тонн хүртэл унаж байв. 2014 онд алтны салбарт ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгох хуулийн зохицуулалт хийснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол нэмэгдсэн юм. Аж ахуйн нэгж, иргэд 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.8 тонн алт тушаажээ. Үүнийг дагаад валютын нөөц нэмэгдэж, татварын орлого бүрдүүлэлт сайжирсан байна.

“Алт-2”, асуудал 3

“Mongolia gold 2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн олон улсын бага хурал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны VII чуулган гуравдугаар сарын 22, 23-нд болсон. Энэхүү хурлыг “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулсан юм. 2017 онд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж анх санаачилан зохион байгуулсан уг олон улсын бага хурал энэ удаа Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордны төслүүдэд, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарлаа хандуулсан юм. Мөн алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн
шинэ шатанд гаргах, алт, цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нухацтай ярилцсан. Алтны нөөцийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, хүндрэл, хууль эрх зүйн орчны талаар дээр өгүүлсэн. Нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргах асуудал энэ салбарт байнга яригдаж ирсэн. Энэ чиглэлээр ахиц дэвшил ч гарч байгаа ажээ.

Тухайн компани нөхөн сэргээлтээ хийхгүй бол дараа жилийнх нь уул уурхайн ажлын төлөвлөгөөг баталдаггүй. Энэ зохицуулалт том хөшүүрэг болдог байна.

Энэ жил хоёр дахь шатны үйл ажиллагаа нь эхэлсэн “Алт-2” хөтөлбөрт алтны олборлолт, боловсруулалт, хүний эрүүл мэнд, байгаль орчин, уурхайн хаалтын менежментийн дэвшилтэт техник, технологи, аргачлал, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, алтны хаягдлыг багасган, алтны уурхайн талбайг стандартын дагуу нөхөн сэргээж, уурхайн хаалтыг хийдэг болно гэсэн зорилт бий. Алтны салбарын хувьд нөхөн сэргээлтийн асуудал 100 хувь шийдэгдэж, хүндрэл, бэрхшээл, зөрчил дутагдлууд нь өргөс авчихсан мэт арилаагүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж буй. “Mongolia gold 2019” олон улсын бага хурлын гол чиглэл нь энэ салбарын хөрөнгө оруулалт, технологи асуудал байдаг. Гурав дахь гол асуудал бол нөхөн сэргээлт. Тиймээс энэ үеэр нөхөн сэргээлтэд үндэсний болон олон улсын стандартыг дагаж мөрдөх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл, туршлагаа солилцсон төдийгүй зарим уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Уул уурхайн салбар, тэр дундаа алтны салбарын компаниуд технологийн хувьд нэлээд асуудалтай. Манай ихэнх компаниуд Хятадын хуучирсан технологийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй. Ийн технологийн хоцрогдолд орж байгаа нь хөрөнгө оруулалт хангалтгүй байгаатай нь шууд холбоотой. Уул уурхай бол асар их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Тиймээс “Алт-2” хөтөлбөрийг дэмжиж, Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9, 2018 онд 28 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн жилийн хүү 12 хувь байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд нэг жилийн хугацаатай олгож байсан юм. Харин энэ удаад зээлийг хоёр болон түүнээс дээш жилээр олгохоор болсон нь сайн мэдээ юм. 2019 онд Хөгжлийн банкнаас алтны салбарт 16 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна.

Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр

Хөгжлийн банкны зээл арилжааны банкны зээлээс хоёр үндсэн зүйлээр ялгаатай. Зээл олгоход ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ шаарддаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Алт 2” хөтөлбөрт манай банк санхүүжилт олгосон. Алтны салбар эрсдэлтэй салбар. Тиймээс аль аль талаасаа анхаарах ёстой. Зарим компани, ААН-үүд зээлээ эргэн төлөөгүйгээс болж өнөөдөр шүүхийн шатанд явж байгаа асуудал ч бий. Гэхдээ цаашид энэ хөтөлбөрийг дэмжиж санхүүжилт олгоно.

Алтны компаниудын төлөөллийн ярьж буйгаар Хөгжлийн банкнаас олгож буй зээлийн шалгуур нэлээд өндөр. Ялангуяа барьцаа хөрөнгийн хэмжээ тун өндөр байдаг аж. Үүнийгээ бууруулж, шалгуураа уян хатан болгохгүй бол алтны компаниуд энэхүү зээлд хамрагдах боломж улам л хумигдана гэдгийг салбарынхан нь хэлж байна. Эндээс харахад алтны салбарыг  тэрбум ам.долларын эдийн засаг болтлоо тэнхрүүлэхийн тулд оновчтой, зөв бодлого хэрэгтэй ажээ. Алтны салбарын хувьд хамгийн сүүлийн шинэ мэдээлэл гэвэл алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах нь ашигтай эсэх талаар УИХ-ын гишүүдийн зөрүүтэй байр суурь. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх үед Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн нэг том ажил болох алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах ажил 2018 онд гараанаасаа гарч, энэ бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ гэсэн хүлээлт үүссэн. Гэтэл Монголбанкнаас хийсэн урьдчилсан судалгаагаар Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор алтныхаа цэвэршүүлэлтэд зарцуулах зардал 3-4 дахин өсөх дүн гарсан гэдгийг тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин гишүүдэд танилцуулсан юм.  Энэ талаар хууль тогтоогчдын эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Ер нь энэ үйлдвэр Монголд ашигтай юм уу. Үр ашиггүй байхад заавал хэрэгжүүлэх шаардлага улс орны тусгаар тогтнолтой холбоотой цөөхөн асуудал дээр л гардаг. Харин алтны асуудал цэвэр эдийн засгийн асуудал учраас үр ашгийн асуудал яригдах байх гэж бодож байна. Гадаадад алтаа цэвэршүүлэх зардал харьцангуй бага болчихсон гэсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор их зардал гарна гэхээсээ илүү стратегийн хувьд том ач холбогдолтой. Бид алтны үндэсний системтэй байх ёстой. Ийм систем байхгүйгээс болоод бид алтаа гадагш нь их хэмжээгээр алдаж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор алтаа цэвэршүүлэх зардал нэмэгдэнэ гэж байгаа ч жилдээ 2-3-хан сая ам.доллараар нэмэгдэнэ шүү дээ. Энэ зардлыг бид их хэмжээний алтаа алдаж байгаатайгаа зүйрлүүлж болохгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яаж ч бодсон цэвэршүүлэх нь зөв шүүдээ . Нэг удаа л барина биздээ

    0 0 Хариу бичих