Манай улсын эдийн засаг нүүрс гэх томоохон баганатай гэхэд болно. Харин сүүлийн үед дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ танах уриалга гаргаж, шил дараалан цахилгаан станц болон нүүрсний уурхайгаа хаасаар байна.

Дэлхийн номер нэг нүүрс хэрэглэгч БНХАУ хүртэл арав гаруй муждаа цахилгаан станцын төсөл зогсоох шийдвэр гаргаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх бодлого барьж байна. Тэгвэл Герман сэргээгдэх эрчим хүчээ дэмжих санхүүжилтээ нэмснээр нүүрсийг хэрэглээнээс шахаж байгаа. АНУ энэ онд хэд хэдэн цахилгаан станцаа хаахаа мэдэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол толгойн өвчин болж, дэлхий дахин ногоон эрчим хүчийг чухалчилж, нүүрсний цахилгаан станцын санхүүжилт буурч, дагаад эрчим хүчний нүүрс үнэгүйдэж байгаа нь манай улсыг илүү их ухаан зарж, хөдөлмөрлөж, үнэд хүргэхийг, хөгжихийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, “Эдийн засгаа солонгоруулна. Уул уурхайг олон тулгуурт болгоно” гэж ярьж, зорьж байгаатайгаа ижилхэн нүүрсээ зарахдаа богино болон урт хугацааны бодлоготой байхыг анхааруулсан хэрэг юм.

Тиймээс бид чадах чинээгээрээ нүүрсээ гаргаж, мөнгөө олохынхоо хажуугаар үнэд хүрэх боломжийг эрэлхийлсээр байх хэрэгтэй юм. Наанадаж, дотооддоо цахилгаан станцаа нэмж, эрчим хүчний хараат байдлаас гаръя. Тавдугаар цахилгаан станцаа цааснаас нь холдуулъя. Нүүрснийхээ нөөцөө өөрсдөө тултал нь ашиглаж, ашгийг нь үзье.

Дэлхийн томоохон улсууд алтыг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй тул эдийн засгийн хамгийн найдвартай хамгаалагчаар цоллож, Төв банкандаа төвлөрүүлдэг. Тэгвэл нүүрс ч хүн төрөлхтний  хөгжил, хэрэглээнд байсаар байх нь ойлгомжтой. Наад зах нь аль ч улс цахилгаан эрчим хүчгүй байх боломжгүй. Нар, салхинаас эрчим хүчний хэрэглээгээ хангах тухай ярьж байгаа ч тогтвортой байдал талаасаа дан нар, сар, усан цахилгаан станц байх нь боломжгүй юм. Тэгэхээр ойрын хугацаандаа дэлхий нийтээрээ нүүрсийг нүд үзүүрлэх ч урт хугацаандаа үнэ цэнийг нь мэднэ. Тиймээс бид чадах чинээгээрээ нүүрсээ гаргаж, мөнгөө олохынхоо хажуугаар үнэд хүрэх боломжийг эрэлхийлсээр байх хэрэгтэй юм. Наанадаж, дотооддоо цахилгаан станцаа нэмж, эрчим хүчний хараат байдлаас гаръя. Тавдугаар цахилгаан станцаа цааснаас нь холдуулъя. Нүүрснийхээ нөөцөө өөрсдөө тултал нь ашиглаж, ашгийг нь үзье. Эрчим хүчний нүүрсний тухайд нөхцөл байдал иймэрхүү.

Тэгвэл коксжих нүүрсээ ч өрсөлдөх чадвартай болгож, чанарт шилжиж, борлуулж буй нүүрсний үнээ дэлхийн жишигт хүргэе. Тэгэхгүй бол зарсан хэмжээнээсээ олсон орлого гологдоод байж болохгүй. Өнөөдөр манай улсад нэг л компани нүүрсээ дэлхийн жишигт дүйцэхүйц үнээр борлуулж байгаа. Бусад нь бол 100 хүрэхгүй ам.доллараар борлуулаад, зардлаа нөхөх маягаар явдаг. Тиймээс энэ байдалд анхаарлаа хандуулж, компани бүр баяжуулах үйлдвэртэй болбол олох мөнгө нь нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийн орлого олохоор болсон ч төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 1.9 их наядыг төвлөрүүлсэн. Үүний 44 хувийг нүүрсний салбар дангаараа бүрдүүлсэн. Нийтдээ 36.5 сая тонн нүүрс экспортолж, их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн юм. Тэгвэл энэ онд уул уурхайн салбараас гурван их наядыг “горьдож” байгаа. Үүний гуравны нэгийг нүүрсэнд даатгасан. Төсвийн орлогыг нуруун дээрээ үүрч яваа нүүрсний салбар манай улсад цаашид ч өргөжихөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт ашиглалтын лицензийн 19 хувийг нүүрснийх эзэлдэг. Ашигт малтмал газрын тосны газраас өгсөн мэдээллээр энэ онд олборлолтоо эхлэх  найман нүүрсний төсөл байгаа юм. Ингэхээр цаашлаад ч энэ салбарт олборлолт нэмэгдсээр байх нь. Гагцхүү боломжийг хэрхэн ашиглах, яаж ухаан зарах, ямар бодлого барих нь чухал байна.