Насанд хүрэгчдийн сонголтын золиос хүүхэд болох учиргүй

А.Отгонболд: “Дайн дажин байхгүй хирнээ Монголд минь өрх толгойлсон эмэгтэйчүүд яасан олон болчихов”

Сэтгэл судлалын төвд  нэгэн ээж найман настай охиноо дагуулан ямар мэргэжилтэй сонговол ирээдүйд амжилт олох боломжтой талаарх сорил бөглүүлэхээр дагуулан иржээ. Харин охиноос сорил авсан сэтгэл судлаач ээжид нь хандан “Таны охин үнэхээр авьяаслаг юм. Гэхдээ ямар ч чадвар, авьяасаас илүүтэйгээр түүнд эр хүн, эрэгтэй хүн гэх ойлголт огт алга бөгөөд энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс аав нь бий бол уулзуулах үгүй бол өвөө, хамаатан ах нартай ойрхон байлгахыг зөвлөж байна” гэжээ. Энэ бол монголд сарын өмнө болсон явдал.

Ийнхүү хэрвээ эцэг эх нь салсан бол хүүхэд сэтгэлийн шархтай, ам бүл цөөтэй бол эр хүний тухай огт ойлголтгүй өсч өндийж байна. Энэхүү сэтгэлийн шарх насан туршид нь арилахгүй, яагаад гэвэл зарим хүүхэд гэр бүл салалтыг өөрөөс нь болсон хэмээн буруутгадаг.

Хуулиар хүүхдэд тэтгэмж олгох асуудлыг л ярьдаг болохоос сэтгэл зүйгээрээ дээрх шиг нөхцөлд ордгийг хэн ч сөхдөггүй.

Монгол улсын хэмжээнд нийт 750 гаруй мянган өрхтэйгөөс 81 мянган эмэгтэй үрээ үүрээд хорвоог туулж байна. Эдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 23.8 мянга нь Улаанбаатар хотод байдаг бол үлдсэн 57,400 нь орон нутагт байна гэсэн тоог статистикийн байгууллага гаргажээ. Эдгээр эмэгтэй нуруун дээрээ 350 мянга гаруй хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байна.

Хүмүүс хүүхдийн тухайд тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа зөвхөн тэтгэвэр тэтгэмжийн тухайд л ам уралдан ярилцдаг. Гэтэл хүүхдийн хувьд хэдийгээр бяцхан юм шиг боловч агуу уудам дотоод ертөнцөд нь эцэг нь эсвэл эх нь хэдэн төгрөг өгөөд алга болдог байхаас илүүтэйгээр тэдний өсч өндийх явцыг хамтдаа хуваалцаж сэтгэл санааны дэм болох ирээдүйдээ итгэх итгэлд нь өгөх хувь нэмэр гэх мэт мөнгөн дүнгээр үл хэмжигдэм асар том үнэ цэнэ бүхий зүйл гэж байдаг!

Бодит тохиолдол: Хамгийн сүүлд яг энэ асуудлаараа олон нийтийн дунд шуугиан тарьсан дуучин Нара “Хүүхэд өсч хүн болох процесс өөрөө тэр чигтээ эцэг эхийн асар өндөр хариуцлага тэр бүрт оролцох оролцоо байдаг юм” гээд тухайн оролцоог энэ хуульд онцгойлон шигтгэхгүй л юм бол “таван цаас” шидсэнийгээ хариуцлага хүлээсэн гэж боддог, нөгөөтэйгүүр хэдхэн төгрөг өгөөд хаядаг энэ байдалд хүлээж ядах хариуцлага ч гэх зүйл хомс учир өнөөдөр энд маргааш тэнд хэсүүчлэн дараа дараагийн эмзэг зүрхийг төрүүлэгчид байсаар л байдаг хэмээн бичсэн байна.

“Мэргэн хуульч” нөхөрлөлийн зүгээс дуучин Нара-д эрх зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах болсноос хойш маш олон өрх толгойлсон ээжүүдийн  зүгээс тэдэнд  хандсан байна. Тэдний тоо их боловч  асуудал нь хоорондоо ижилхэн байсныг хуульчид хэллээ.

Хуульчид “Ганц бие эхийн бусдад ил болгож чаддаггүй сэтгэлийн дарамт, зовлон шаналал ямар болохыг үрээ тэвэрсэн энгийн эмэгтэй хэдий ч зовлон дарамтыг нууж, түүнийгээ аль болох гадагш илэрхийлэхгүй байхыг хичээж, тэвчиж явдгийг мэдэрсэн” гэв.

Тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт үнэхээр нимгэн байгаа учир төдийлөн асуудлаа шүүх руу явуулахыг хүсдэггүй юм байна. Хуулийн дагуу эцэг тогтоох, тэтгэлэг гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр байгаа ч үүнд хүүхдийн эрхийн болон эхийн эрхийг орхигдуулахаар байдаг гэнэ.

Бодит үйл явдал: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар анхааралдаа авч байгаагаа зарлан УИХ, Засгийн газар зэрэг хууль тогтоогчдод хандан дараах  шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Хамгийн эхэнд, УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардлаа. Гэр бүлийн харилцааг тогтворжуулах үүрэгтэй энэ хуулийг батлуулснаар хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад нэн шаардлагатай байгаа аж.  Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн байгаа. Гэтэл эмэгтэйчүүд голдуу хүүхдээ авч үлддэг бол Эцэг эрх ижил үүрэг хүлээж тэгш эрх эдэлнэ гэж заасан байдаг ч мөрдөгддөггүй.

Хүүхдээ анхаарч өсөх явцад хамт байхгүй, дээрээс нь шүүхээс шийдвэр гарсан ч биелүүлдэггүй эцгүүд байдаг. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог болохыг шаардаж байгаа юм.

Нэгэнт л эцэг эх болсон бол тэдний сонголт. Гэхдээ энэ сонголтын золиос нь хүүхэд байх учиргүй.

Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тухайлбал: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх; хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;.. ./ Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас/ 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)