Ч.Содномцэрэн: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллана

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Энэхүү сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын цаг хугацааны дараалал гарсан. Тус дарааллын дагуу энэ сарын 21-нээс өмнө аймгийн Сонгуулийн хороог байгуулах ёстой. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна" хэмээн заасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 70 хоногийн хугацаа нь энэ ням гаригт дуусаж байгаа юм. 

Хэнтий аймгийн сонгуулийн хороог байгуулсан эсэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа. Тэрээр "Хэнтийн аймгийн сонгуулийн хороог өмнө нь байгуулсан. Тэр бүрэлдэхүүнээрээ ажиллана. Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоолыг хүчин болгосон. Харин Хэнтий аймгийн Сонгуулийн хороог байгуулсан манай тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа" гэв.

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд явуулахаар төлөвлөөд байсан ч Цэц Үндсэн хууль зөрчиж тогтоол баталсан байна гэж үзсэн юм. Ингэснээр нөхөн сонгууль цуцлагдсан. Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль цуцлагдахаас өмнө хийж байсан бэлтгэл ажлынхаа хүрээнд 2018 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тогтоол баталсан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)