"Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллага уламжлал ёсоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр зарлажээ. Нийт 180 орныг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэр хангасан, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулсан эсэх зэрэг хэд хэдэн үзүүлэлтүүдээр нь шалгуур болгон гаргадаг энэхүү индексийг урьдын адил Норвеги, Финланд, Швед, Нидерланд, Дани, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсууд тэргүүлжээ. Харин Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх жилийнхээс нэг байр ахиж 70 дугаарт бичигдсэн байна.
2019 он гарсаар дэлхийн хэмжээнд зургаан сэтгүүлч, нэг иргэний сэтгүүлч, мөн нэг мэдээллийн ажилтан амь насаа алдаад байгаа ажээ. Яг одоогийн байдлаар 170 сэтгүүлч, 150 иргэний сэтгүүлч, 16 мэдээллийн ажилтан шоронд хоригдож байгаа гэсэн мэдээллийг "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллага олонд дэлгэжээ. Тус байгууллага Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2019 оны индексээс харахад сэтгүүлчид үзэн ядалт, хүчирхийлэлд өртөх нь ихэсч, айдас түгшүүр нэмэгдэж байна гэжээ.