“Жайка”-гийн нэрийг ашиглан мөнгө залилжээ

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-30-ны өдрүүдэд “Залилан” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэх юм. Цагдаагийн газраас хийсэн шалгалтаар эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтнуудтай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан байна гэж худлаа хэлж мөнгө залилсан хэргийг илрүүлэн Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.. 

“М” нь "Таныг “Жайка” ОУ-ын байгууллагын тусламж авах хүмүүсийн жагсаалтад оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг тусламжинд хамруулахаар болсон” гэх мэтээр хуурч мөнгө залилжээ. Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашигласан нь тогтоогдсон байна. 

Иймд танруу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж, хэн нэг утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. 

Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягнаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэт шалтгаан бичиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)