Халх голын ойн бүтээн байгуулалтад “Роснефть" 8 сая евро хандивлана

Халх голын тулалдааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм. Уг ажилд ОХУ-ын талаас 10 орчим сая ам доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.

Тэгвэл, Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн тухай Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээ гарсан байлаа. Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Төслийн хүрээнд, удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөж байгаа аж. Уг бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэж байгаа гэнэ. Энэ бүхнийг 80 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах ёстой.

Мөн  ОХУ-ын "Ленфильм" кино студи Халхын голын байлдааны тухай өгүүлэх түүхэн киноны зураг авалтаа ирэх зун Монголд эхлэх бол Александровын нэрэмжит армийн дуу, бүжгийн чуулгын тоглолт Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жилүүдэд уг дайны тухай үзэл хандлага тухай бүр өөрчлөгдөж иржээ. Тодруулбал, түүх бичлэгт энэхүү үйл явдлыг хэд хэдэн янзаар нэрлэсээр байгаа юм. Оросууд уг үйл явдлыг “байлдаан” (бои), “мөргөлдөөн” гэж томьёолж байгаа бол япончууд “Номонханы хэрэг явдал”, “хилийн будлиан” хэмээн нэрлэдэг юм байна.

Энэ талаар Япончууд  дайны төлбөр төлөхгүйн тулд Номонханы хэрэг явдал гэдэг нэр гарган Халхын голын дайны ач холбогдлыг бууруулах гэж оролдсон хэмээн БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар бичсэн байна. Тэрээр,
“Халхын голын дайн нь харьцангуй бага нутагт Монгол, Орос, Япон, Манж-го зэрэг дөрвөн улсын цэргийг хамарч, Монгол, Орос, Япон, болон албадан дайчилгаагаар Солонгос, Манж үндэстэн оролцож, Монголын дорнод хилд өргөнөөрөө 70-аад, гүнээрээ 25 км-ийн зурвас талбайд 130 гаруй мянган хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй байлдааны нисэх онгоц оролцсон бүс нутгийн, Монгол Улсын хувьд том дайн байв.

Уг дайнд манай улс төсвийн зарлагынхаа 60,6 хувийг зарцуулсан бөгөөд энэ нь ХХ зуунд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээнд зарцуулсан зардлын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн нөөцийг дайчилсан байдал, нийгмийн уур амьсгал, сэтгэл зүйд нөлөөлсөн байдал, татагдаж оролцсон хүн хүч, дайны үе шат, явц, цар хүрээ, нөлөөгөөрөө Халхын голд болсон үйл явдал нь Монгол Улсын хувьд дайн байсан юм” гэж дүгнэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. kk 8 say euro -goor shine hot baiguulna biz dee.

    0 0 Хариу бичих
  2. БАС ЯМАР НЭРТЭЙ ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ГАЗАРАА АЛДЛАА ?

    0 0 Хариу бичих