VIII Богд Жавзандамбын мэндэлсний 150 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын төр, шашны тэргүүн асан энэ их хүмүүн өнгөрсөн XX зууны эхэнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их үйл хэргийг оройлон манлайлсан гавьяатан юм. Тиймээс VIII Богд Жавзандамбын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Энэ бол социализмын 70 жилд Жавзандамба хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж, харлуулан гутааж нэг ёсондоо хэлмэгдүүлж байсныг залруулсан нэг ёсны том цагаатгал юм хэмээн төрийн шагналт түүхч О.Батсайхан өчигдөр болсон “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр онцолсон юм.

Монголын төр ийнхүү анх удаа сүүлчийн хааныхаа мэндэлсэн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал билээ. VIII Богд Жавзандамбыг Монголын буддын шашны тэргүүн гэдгээр нь дотооддоо ч,  дэлхий нийтэд ч илүүтэй бичиж, судалж иржээ. Гэтэл тэрээр зөвхөн шашны зүтгэлтэн байсангүй. 220 жил Манж Чин гүрний хараат монголчуудын үндэсний ухамсрыг сэрээж, Монгол төрийг сэргээн мандуулах үйл хэргийг тухайн үед бүх монголчуудын дунд амьд бурхан хэмээн шүтэгдсэн VIII Богд Жавзандамба хутагт оройлон манлайлжээ. Тиймээс Олноо өргөгдсөн Монгол Улсыг сэргээн мандуулаад түүнийг хаан ширээнээ өргөмжлөн залсан түүхтэй. Тухайн үед эзэн Чингисийн шууд угсааны Түшээт хан Дашням ч нэр нөлөөгөөрөө Богд Жавзандамбатай зэрэгцэхээргүй байв.

Жавзандамба хутагтын энэ нэр нөлөө, ухаалаг бодлого, үйл ажиллагаа нь шашны хүрээнээс халин гарч түүнийг Монгол төрийн зүтгэлтэн болгосон гэдгийг судлаачид илтгэлдээ онцолж байлаа.

“VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний номын сан санаачлан зохион байгуулсан бөгөөд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Богд хааны мэндэлсний 150 жилийн ойн үйл ажиллагааны салхийг хагалж байгаа ажээ. Цаашид ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Богд хааны хөшөөт цогцолборыг барьж байгуулах, Богд хааны тухай баримтат болон уран сайхны кино хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном бүтээлүүд хэвлэж, үзэсгэлэн гаргах гэсэн дөрвөн чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ бүх ажлын эхлэл болсон “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Үндэсний номын сан, Богд хааны ордон музейн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд, Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм, соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг Богд хааны талаарх судалгааг хийж буй олон байгууллага, хувь хүмүүс оролцсон юм.

Хуралд илтгэл тавьсан судлаачид хос ёст төрийн уламжлал хийгээд 1911 оны үндэсний хувьсгалын эцэг Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор ү үнэлэхүй, Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр бүтээн босгосон бурхан шүтээнүүд, Богдын лүндэнгээр Богд уулын хоёр амыг сар бүр тахих болсон тухай, мөн Богдын ордон дахь алба буюу ордны алба хаагчдын нэршил, ажил үүргийн хуваарь зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)