Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Уг айлчлалын бэлтгэлийг хангахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсад ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр мэдээлэл хийхдээ хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр БНХАУ-тай хэд хэдэн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж эцэслэн батлахаар төлөвлөөд байгаа юм байна. Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр УИХ-д өргөн бариад байгаа юм. Төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжсэн. Энэ үеэр Монголын талын ажлын хэсгийн ахлагч Шадар сайд Ө.Энхтүвшин “Хэрэв УИХ Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн төслийг дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.