Сүүлийн үед дотоодын ажиллах хүч гадагшаа явж, гаднаас ажиллах хүч авахад хязгаарлалт байхгүйгээс үүдэн хөдөлмөрийн зах зээлд тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Зарим салбар бүр ажиллах хүчний хомсдолд ороод буй. Тиймээс энэ салбарт зохицуулалт хийх үүднээс гадаадаас авах ажиллах хүчийг тодорхой хэмжээнд бууруулах зорилт тавьсан. Тухайлбал, гадаадаас авах ажиллагсдыг ирэх онд 20 хувь, 2030 онд 30 хувь бууруулахаа салбарын сайд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэйчүүд юм. Эдгээр иргэдийн дийлэнх нь буюу 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын иргэн байгаа аж. Тэгвэл таван хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк, 3.5 хувь нь Канад, 3.5 хувь нь Филиппин, 3.2 хувь нь Их британийн иргэн бол 15.7 хувь нь бусад улсын харьяат юм. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна. Ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 2.5 мянга нь мэргэжилтэн байгаа бол хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан хамгийн бага байгаа юм байна.