УИХ дахь АН-ын зөвлөл гурван асуудал хэлэлцжээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэснээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо УИХ-аас байгуулахтай холбогдуулан санал, дүгнэлт хүргүүлэхээр болжээ. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар байр сууриа нэгтгэсэн байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ерөнхий дүгнэлтээ хийлээ. Нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3-хан хувьтай байна. Дэндүү хангалтгүй үзүүлэлт. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын хийсэн гол ажил хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ.Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн. Эдийн засгийн өсөлт байгаа инфляцийн түвшин буурахгүй 10 хувь руу өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг голчлон ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох зээлээс эрх баригчид зохион байгуулалттай авсан хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй.
Уул уурхайн чиглэлийн том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Тавантолгойн нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй. Мөн өнөөдөр төмөр замын асуудал шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна.
С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж асуудлыг тавих болно. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгээд ардуур нь хулгайлдаг хэвшил уламжлал болж байна.
Үндсэн хууль тойрсон асуудал өнөөдөр маш эрчимтэй яригдаж байна. Өнөөдөр ганц эрх баригчтай, бүлэгтэй, сөрөг хүчингүй болсон. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийг өөрчлөхөд нэг л шаардлага бий. Энэ нь УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин нэгдмэл саналтай, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө явбал бид эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.