Орон сууцны үнэ өсөж, гэмт хэргийн тоо буурч, экспортын орлого нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн хоёр жилд манай улсын эдийн засгийн ихэнх үзүүлэлт өсөлттэй гарч байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засаг өсөлт 6.9 хувьд хүрч, экспортын орлого долоон тэрбумаар хэмжигдэж, гадаад валютын албан нөөц 3.5 тэрбум ам.доллар болж, нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 36.5 сая тонн болсон. Энэ өсөлт он гарснаар ч үргэлжилсээр байгаа. Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн өсөлт ойрын хоёр жилдээ тогтвортой үргэлжлэхийг ч хэлээд буй. Гэвч нөгөө талаар НҮБ-ийн Эдийн засаг, нийгмийн газраас Монгол Улсын энэхүү өсөлт нь иргэдийн амьжиргаанд бодитоор нөлөөлөхгүй байгааг анхааруулсан. Ингээд энэ оны эхний улирлын тайлангаас зарим үзүүлэлтийг танилцуулъя.

Төсвийн орлого 2.1 их наяд төгрөгт хүрэв

Энэ хугацаанд Улсын төсвийн орлого 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэгвэл зарлага 1.9 их наяд төгрөг болжээ. Ингэснээр төсөв ашигтай гарлаа.  Төсвийн орлогын 81 хувийг татварын орлого, 7.9 хувийг татварын бус орлого, 10.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.6 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Экспортод алт, нүүрсний орлого жин дарлаа

Гадаад худалдаа 3.1 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.8, импорт 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэгвэл зөвхөн гуравдугаар сард гэхэд  экспорт 678 сая ам.долларт, импорт 448.2 сая ам.доллараар өсжээ. Экспортын өсөлтөд  чулуун нүүрсний экспорт 132.3 сая ам.доллар, алтны орлого 71.6 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн аж. Харин импортод дизелийн түлш 29.2, машин, механик, төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 30.0, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 87.9 сая ам.доллараар өссөн нь жин даржээ.

Орон сууцны үнэ өсжээ

Төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсжээ. Харин Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.

Тээврийн салбарын ачааны хэмжээ нэмэгдэж, зорчигчийнх багасав

Тээврийн салбар I улиралд 399.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ хугацаанд тус салбарт 16 сая тонн ачаа, зорчигчид давхардсан тоогоор 42.3 сая хүн болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа хоёр cая тонноор өсөж, зорчигчид 4.8 сая хүнээр буурсан байна. Ангилбал, авто тээврээр 9.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 41.5 сая хүн тээвэрлэсэн нь бол төмөр замын тээврээр тээсэн ачаа 6.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 554.5 мянгад хүрсэн байна.

Хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөг байгаа юм. Тэгвэл чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Ингэснээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Харин хугацаа хэтэрсэн 913.7 тэрбум төгрөг болжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байгаа юм.

Эдийн засгийн онцлох үзүүлэлтийг танилцууллаа. Тэгвэл нийгмийн салбарт нөхцөл байдал ямар байсныг хүргэе.

Залилах гэмт хэрэг буурав

Энэ улиралд зарим төрлийн гэмт хэргийн тоо буурчээ. Өөрөөр хэлбэл, 9.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 848-аар буурсан үзүүлэлт болжээ. Тодруулбал, залилах гэмт хэрэг 266, мал хулгайлах гэмт хэрэг 247, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 214, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 53-аар өссөн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 961, хулгайлах гэмт хэрэг 1522, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 329-өөр буурсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 378 иргэн ажил хайж байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 31.8 мянган иргэн байна. Үүнээс 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа.

Мөөгөнцрөөр өвчлөгчид ихсэж, тэмбүүгээр өвчлөгсөд буурчээ

Төрөлт буурсан байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 18.2 мянган эх амаржжээ. Ингэснээр амаржсан эх өмнөх оны мөн үеэс 321-ээр буурсан байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгсөд нэмэгджээ. Тодруулбал, эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгсөд 10.2 мянга иргэн  болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 565-аар нэмэгдсэн байна. Өвчний төрлөөр ангилбал, салхин цэцэг, цусан суулга, мөөгөнцрөөр өвчлөгчид нэмэгджээ. Тэгвэл гар, хөл, амны өвчин, тэмбүү, трихомониазаар өвчлөгчид буурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)