Шилжилтийн зөвлөлийн тэргүүн, дэслэгч генералАбдель Фаттах Абдельрахман Бурхан.
Суданд төрийн эргэлт гарч, цэргийнхэн төрийн эрх мэдлийг аваад байгаа билээ. Тэр болтол Шилжилтийн зөвлөлийг байгуулж улсын хэргийг эрхлэн явуулж буй. Тэгвэл Шилжилтийн зөвлөлийн шийдвэрээр Ерөнхийлөгч Омар Баширын үед Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг баривчилжээ. Мөн цэргийн эргэлтийг эсэргүүцэн тэмцэж буй жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй гэж амласан байна.
Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгч Омар Баширыг баривчилж, төрийн эрхийг гартаа авсныг зарлахад гудамжинд жагсаж байсан олон зуун мянган хүн баярлаж хүлээж авсан. Харин одоо төрийн эрх мэдлийг иргэний нийгмийнхэнд нэн даруй шилжүүлэхийг цэргийн эрхтнүүдээс шаардах хөдөлгөөн Суданд өрнөж байна. Хартум дахь Батлан хамгаалах яамны гадна талд дээрх шаардлагыг тавьж буй Тэмцэгчдийн суулт үргэлжилсээр байгаа юм.
Цэргийнхэн төрийн эрх мэдлийг хоёр жилийн дотор шилжүүлнэ гэсэн нь хэтэрхий урт хугацаа гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Цэргийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Шамса Ад-дин Шанто баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ цэргийнхэн Ерөнхий сайдыг томилохгүй. Сөрөг хүчний зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилно“ хэмээн мэдэгдэж, шаардлага тавьж буй жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй гэж амласан. Гэхдээ жагсагчид хууль журмыг биелүүлж, бусдын амгалан тайван байдалд саад болох ёсгүй хэмээн онцолжээ.
Тэрээр мөн Шилжилтийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулсан юм. Үүнд:
-Арми, цагдаагийн байгууллагын шинэ удирдлагыг томилсон,
-Үндэсний аюулгүй байдал, тагнуулын газрын шинэ удирдлагыг томилсон,
-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг томилж, хуучин засгийн үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн хэргийг шалгаж эхэлсэн,
-Хэвлэлийн байгууллагад тавигдсан байсан бүх хязгаарлалт, цензурыг цуцалсан,
-О.Баширыг эсэргүүцэгчдийг дэмжээд баривчлагдаж хоригдсон цагдаа, цэргийн алба хаагчдыг сулласан,
-АНУ, Швейцарьт суух Элчин сайдуудыг халж, орны хүмүүсийг томилсон зэрэг ажлуудыг танилцуулжээ.
Суданд цэргийн эрх баригчид, иргэний нийгмийнхний хооронд үүссэн эрх ашгийн зөрчил хурцдах вий хэмээн олон улс санаа зовниж байна. Их Британи, АНУ, Швейцар гурван улс Суданы асуудлыг шийдэхэд зуучлагчийн үүрэгтэй оролцохыг хүсч байгаа бөгөөд талуудыг өргөн хүрээтэй хэлэлцээр хийж, асуудлыг байж болох хамгийн зөв замаар шийдвэрлэхийг уриалжээ.