Улаанбаатар хотын нэг сая 300 мянган хүнд өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгжийн 585 такси мөн 3 такси аппликейшн үйлчилгээ үзүүлж буй. Харин бидний нэрлэж заншсан хувиараа такси эрхлэгчид буюу халтуурчид үүнээс тав дахин олон буюу 30-40 мянга бий гэдэг албан бус тоо байдаг. Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл ямар эрэлт хэрэгцээтэй байгааг эндээс харж болно. Харин энэ орон зайг яагаад албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээний компаниуд нөхөж чадахгүй байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Судалгаанаас харахад, дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байгаа юм.
Гэхдээ өнөөдөр иргэдэд үйлчилж буй такси үйлчилгээ хэн хүний санаанд хүрч чадахгүй байгаа нь нууц биш юм. Хотын зам түгжрэлтэй үед, хүйтэн сэрүүний улиралд такси олно гэдэг бол амаргүй даваа. Дуудлагаар иргэдэд ая тухтай үйлчлэхээр тусгай дугаарууд руу утас цохиход удтал цаашаа станцаараа асуусны дараа “Уучлаарай таны байгаа байршилд ойр такси алга” гэх хариуг сонсох нь энгийн үзэгдэл болсон. Яарсан тэвдсэн үед такси дуудах гэсэн хэнд ч гэсэн энэ хариуг нэг биш такси үйлчилгээ амны уншлага мэт хариулах болсон нь харамсалтай.
Хүн амын нягтаршил такси үйлчилгээний хүрэлцээ зэргээс болоод иргэд өнөөх л халтуурчид гэж гоочилдог хувийн такси үйлчилгээнд ханддаг ч тэд үйлчилгээний соёл тааруу, үнэ тарифийн хувьд өөр өөрийн үнэлэмжээр өндөр хэлдэг гээд өөлөх зүйл олон.
Угтаа таски үйлчилгээ иргэдэд хэрэгтэй үед нь хугацаа алдалгүй ирж, ая тухтай үйлчилгээ үзүүлэн зорьсон газар нь хүргэх ёстой ч өдгөө таксины жолооч нарт соёлын довтолгоо явуулмаар санагдах үе олон болжээ. Таксинд суугаад очих газраа хэлэхэд хаана байдаг яаж явж очихоо лавлаж асуух ч энүүхэнд. Зарим нь шууд л өөр хоорондоо станцаараа зам асуун ярилцан зорчигчийн ая тухыг бодох ч сөхөөгүй маазран инээлдэнэ. Мөн тэд зорчигчийг хүсээгүй байхад хэт чанга дуу тавин залхаан, элдэв мэдээ мэдээллийн талаарх өөрийн бодлоо тулган ярина. Азаар нийтэд үйлчилдэг таксины жолооч нар машиндаа тамхи татахгүй халтуурчдаас ялгардаг нэг онцлог гэлтэй.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаагаар хотын төв хэсэгт 07.30-09.20, 12.00-13.30, 16.30-19.40 цагийн хооронд хамгийн их түгжирдэг гэдэг. Энэ үед шатахуунаараа “шатахаас” болгоомжлоод хувь, хувьсгалын аль ч такси үйлчилгээнд гарах нь цөөрнө. Энэ мэт ерөөсөө л бодлого, зохицуулалт үгүйлэгдсэнээс такси үйлчилгээг зохих албад нь хянаж чадахаа байж, халтуурчдын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Үнэндээ сайн дурын халтуурчдын үйлчилгээг зохион байгуулах нь бүү хэл хууль эрх зүйн орчин байхгүй, хяналт сул, аюулгүй байдал, даатгал гээд хариулт хариуцлага нэхсэн түмэн асуудал ундарсан хэвээр л.
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлууд байдаг.
Тэрчлэн автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас хүйдэстэй, зорчигчийн тав тухгүй байдлын талаарх гомдол, зөрчил тасардаггүй аж.
Уг нь зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг юм. Үүнд, такси үйлчилгээгээр иргэд бараа бүтээгдэхүүн хүргүүлэх, мөн хүүхдээ тогтсон цагт цэцэрлэг, сургуульд хүргэж авахуулах зэрэг олон бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн иргэн бүр карт ашиглан бэлэн мөнгө хэрэглэхээс татгалзаж байгаа энэ үед таксины төлбөрөө картаар хийе гэвэл очсон газрынхаа ойр орчмын АТМ хайх хэрэг гарна. Ийм байхад таксины тоог нэмэх хэрэг байна уу гэлтэй.
Өнөөдөр халтуурчдаасаа ялгаагүй албан ёсны такси үйлчилгээнийхэн ч симфор зүүсэн халтуурчид болоод дуусах нь. Албан ёсын эрхтэй компаниуд ажиллах боловсон хүчин дээрээ анхаарч адаглаад л тэдэнд хотынхоо өнцөг булан бүрийг мэддэг байх, шинэ барилга байгууламжийн нэр, хаяг, байршлыг хэлж өгөн харилцааны соёлд сургах гээд хийж засах зүйл зөндөө болжээ. Магадгүй манайх олон жил такси үйлчилгээ эрхэлж байгаа алдаа дутагдал багатай гэж маргах нэгэн байгаа л байх. Гэхдээ иргэд албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг халтуурчдаасаа тоолуур, симфороороо л ялгаатай гэж үзэхэд хүртлээ чанар нь муудаад байгаа болохоор үйлчилгээгээ эргэн нэг хараасай.