Энэ өдөр дэлхийн түүхэнд: Тайландын шинэ оны баяр

Тайландын шинэ оны баяр

Тайландууд Сонгкран буюу шинэ жилийн баяраа дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд албан ёсоор тэмдэглэдэг. Энэ баяраар гол төлөв хүүхдүүд томчуудыг усаар шүршин цацаж, “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг аж. Ус амьдралын эх сурвалж учраас усанд шүршигдсэн хүн бүр баярлан амжилт ирнэ гэж бэлэгшээдэг байна. Мөн бурхадынхаа баримлыг хүртэл тэд усаар шүршин угаадаг. Энэ өдөр мөн Энэтхэгт нарны шинэ оноо угтдаг байна. Энэтхэгчүүд хэдэн мянган жилийн өмнө Ганга дагина газарт бууж ирсэн гэдэгт итгэдэг бөгөөд 13-ны өдөр тэд Ганга мөрөнд усанд орон ариутгал хийдэг ажээ. Цэцгийн хэлхээ зүүж гоёсон хүмүүс шинэ оны мэндийг бие биедээ хүргэн сайн сайхныг хүсэн ерөөдөг байна.

Сонирхолтой үйл явдал

Дэлхийн  рок-н-роллын өдөр

Өнөөдөр Дэлхийн рок-н-роллын өдрийг  (World Rock-n-roll Day)  зөвхөн хөгжмөөр ч биш стиль, амьдралын хэв маягаар санаа нийлсэн хүмүүс тэмдэглэж байна. Дэлхийн  рок-н-роллын өдрийг улс эсвэл улс хоорондын төвшинд хүлээн зөвшөөрөөгүй, НҮБ ч албан ёсоор дэмжээгүй ажээ.

Гэхдээ дэлхийн хэдэн арван сая хөгжмийн хорхойтнууд, рок-н-роллын бишрэгчдэд бие даан үүнийг тэмдэглэхэд нь ямар нэгэн саад байдаггүй аж. Энэ өдрийн үүслийн талаар маргаан бий. 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд Билл Хейли (Bill Haley) «Rock Around The Clock» гэдэг хил хязгаарыг үл огоорон тархсан хөгжмийн урсгалыг үүсгэсэн алдартай синглээ бичүүлжээ. Тэрээр өөрийн хөдөлмөрөө шөнө орой дуусгасан учир дөрөвдүгээр сарын 13-ныг олон хүн энэ өдрийг баяр гэдэг байна.

Харин нэгэн үдэш Кливлендийн нэгэн радио станцын диск-жокей Алан Фрид “бөх зүрх” гаргаж, өргөн нэвтрүүлэгт ритм-энд-блюз маягийн бичлэг тавьж орхисон байна. Сонирхолтой нь тэрээр цагаан арьстнуудыг ухаан алдтал нь цочирдуулахгүйн тулд бичлэгээ шинэ төрлийн хөгжмийн урсгал «рок-н-ролл» хэмээн зарласан аж. Ингээд Алан Фридын гавьяагаар “төрөл арилжсан” ритм-энд-блюз арьс өнгө ялгаварлалгүй бүх хүмүүст таалагдаж эхэлсэн түүхтэй гэдэг.

Рок хөгжим гэж хөгжмийн урсгалын дээд ойлголтыг хэлэх ба 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр хөгжмийн өөр урсгалуудтай (жишээлбэл бит хөгжим, блюз гэх мэт) болон 1960-аад оны сүүлээс рок-н-роллтой холимог байдлаар хөгжиж иржээ.

Рок хамтлаг нь цахилгаан ба акустик гитар, аргил гитар, бөмбөр, дуулалтаас бүрдэнэ. Энэхүү бүрэлдэхүүн дээр төгөлдөр хуур, даралтат хөгжим, хаммонд орган, синтезатор бас нэмэгдэнэ. Хөгжмийн урсгал, чиглэлээс хамааран (жишээ нь фанк рок) үлээвэр хөгжим ч бас ордог. Хөгжмийн онол талаас нь авч үзвэл рок хөгжим нь хомофон хөгжим бөгөөд хэмнэл өгөх бүлгээр дагалдуулан дуу, гитар эсвэл бусад соло хөгжмийн зэмсгүүд нь онцгойрон аялгуугаа авч явна.

Рок хөгжим нь рок-н-роллоос гаралтай бол, рок-н-ролл нь өөрөө кантри хөгжим ба ритм-энд-блюзын нэгдлээс бий болжээ. Rock  гэдэг үг эртний англи (Old Nordic rykkja)  хэлээр бол “татах, урах, хөдлөх” гэсэн утгатай үг бол Roll  гэдэг нь латин үгнээс гаралтай  “жижиг дугуй” гэсэн утгатай. Харин “rocking and rolling,” гэх үг хэллэг бүр 17-р зууны үед далайчид хөлөг онгоцныхоо далбааг дэлгэн урагшлахыг хэлсэн утга санаа байсан бол 1920 оны үед энэ үгийн утга бүжиглэх, эсвэл сексдэх болон шилжсэн байна. Харин хар арьстай дуучин Триси Смитийн 1922 онд дуулсан  “My Man Rocks Me (With One Steady Roll)” блюз дуунаас эхлэн рок-н-ролл гэсэн үг хэллэг гарсан гэдэг байна.

1950-иад оны рок-н-роллын олны танил дуучдад Билл Хейли, Элвис Пресли нараас гадна Чак Берри, Жерри Ли Льюис, Литл Ричард, Бадди Холли нарыг нэрлэж болно. Энэ үеэс эхлэн Чак Берри гитарыг гол хөгжмийн зэмсгээ болгон ашигласан нь, тухайн үеийг хүртэл рок хөгжмийн үндсэн хөгжмийн зэмсэг байсан саксофоныг түрэн гаргасан байна.

Помпей хотод малтлага хийн нэн ховор олдворууд олжээ

Везувийн дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгасыг аль эрт 1599 онд Ром хотын нэртэй уран барилгач Доменико Фонтана олжээ. Тэрээр дарагдан булагдсан толгойн гүнд газар доогуур усан хоолойг хоолойг тавьж яваад балгастай тулгарсан байна. Харин хотын малтлага 19-р зуунд л эхэлжээ.

Манай эриний 79 онд Везувийн галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгаст 1895 онд хийсэн малтлагийн үеэр нэгэн араг яс олдсоныг хэн нэгэн “Эртний харамч баатар” гэж нэрлэсэн нь их оновчтой нэр байв. Тэр араг ясыг ховор нандин эрдэнэс дундаас олсон юм. Нийтдээ алт, мөнгөн 108 эдлэлийг олсон нь Помпейн тухай ойлголтыг улам тэлж өгөв. Сонирхолтой нь олсон олдворуудыг Францын баячуудад нууцаар худалдсан байна. Ам султай хүн энэ тухай хэлснээс болоод Италид ихээхэн шуугиан дэгдсэн боловч тэднийг буцаах замгүй болсон байжээ. Ингээд түүхийн энэ ховор нандин эдлэл Луврын музейнх болсон түүхтэй.

Өнөөдөр түүхэнд

1204 - Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.

1742 оны энэ өдөр буюу өнөөгөөс 277 жилийн өмнө Дублины “Мюзик-холл”-д немцийн хөгжмийн зохиолч Георг Фридрих Генделийн “Мессия” гэх магтаал хөгжим анх тоглогджээ.

Тэрээр өөрийн бүтээлийн библийн судраас үндэслэн бичсэн байна. Анхны тоглолтод үзэгчид маш ихээр ирж байсан учир шахцалдахгүйн тулд хатагтай нарыг уян цээживч бүхий даашинзтай, эрчүүдийг гэртээ сэлмээ орхиод ирэхийг хүсч байсан гэнэ. Анхны тоглолтод 700 хүн ирж, буяны үйлст 400 фунт стерлинг цуглуулсан байна. Түүний магтаал хөгжим нь дэлхийн хөгжмийн урлагийн энэ төрөлдөө тэргүүлэгч болж чадсан билээ.

1829 - Английн парламент хэлэлцээд Ромын католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.

1849 - Унгарын Үндэсний ассемблейн хаалттай хуралдаанаар Лахос Коссут Унгарын тусгаар тогтнолын тунхагыг уншиж танилцуулжээ.

1870 - АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.

1902 - Алдарт бизнесмэн Жеймс К.Пенни Вайоминг мужийн Кеммерер хотноо анхны дэлгүүрээ нээжээ.

1904 - “Өөрийн биеэр бүхнийг мэдрэн, ялалт, ялагдалд оролцож, өлсгөлөн, өвчин, шархыг туулах ёстой. Өөрийн цус, махаа золиослохоос айх хэрэггүй. Эс тэгвээс миний зурагнууд юу ч биш байх юм” (Оросын зураач Василий Иванович Верщагин дөрөвдүгээр сарын 13-нд ажлаа хийж байгаад амь алджээ)

В.И.Верщагин дайны зураач болохоосоо өмнө Японд очин зургаа зурж байжээ.  

“Завиар зугаалж байгаа эмэгтэйчүүд”, 1903 он

Верщагин Орос-Японы дайны тухай зураг зурахаар Порт-Артурт ирээд цэргийн хөлөг онгоц дээр зураг зурж байх үеэр нь тэр онгоц Японы минатай дайралдан  дэлбэрээд живсэн юм.

1909 - Оттоманы эзэнт гүрний армийн удирдлагууд төрийн эргэлт хийсний улмаас Султан II Абдул Хамид хаан ширээнээсээ буув.

1941 - Зөвлөлт болон Япон улсын хооронд хамтын ажиллагаа, харилцан үл довтлох гэрээ байгуулагджээ.

1943 - АНУ тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч, Америкийн гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсоны 200 жилийн ойгоор Вашингтон хотын “Баруун Потомак” цэцэрлэгт түүнд зориулагдсан дурсгалын цогцолборын нээлт 1943 оны энэ өдөр болсон байна.

Уран барилгач Жон Рассел Поуп эртний Ромын Пантеоны хэлбэрээр неоклассик дугуй дацанг бүтээжээ. Тэр нь Жефферсоны бүх насаараа эрмэлзэж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнол ба тэгш эрхийг харуулах ёстой байв. 1934 онд АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт уг цогцолборын суурийг тавьсан юм. 1947 онд дугуй дацан дотор 5,8 метрийн өндөртэй Жефферсоны хөшөөг байрлуулжээ.

1944 - ЗХУ болон Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтоов.

1945 - Дэлхийн II дайн: Зөвлөлт, Болгарын хамтарсан цэргийн хүч Вена хотыг чөлөөлөв.

1948 - Шейх Жаррагийн Арабын хөдөлгөөний дайчид Хадасса эмнэлэгт халдан довтолж эмч, сувилагч, өвчтөн, оюутан нийлсэн 78 еврей үндэстнийг хөнөөжээ.

1953 - АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аллен Даллес бодол унших "MKUltra" төслийг хэрэгжүүлж эхлэв.

1964– Америкийн кино академийн шагналын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.

1974 - АНУ-ын Сансар судлалын агентлаг болон Хьюс нисэх онгоцны компани хамтран Вестерн Юнион компанийн захиалгаар "Вестар 1" хиймэл дагуулыг хөөргөв. Энэ нь дэлхийн түүхэнд арилжааны зорилгоор навигацийн  анхны хиймэл дагуул болсон юм.

1975 - Палестины ардын чөлөөлөх армийн 26 гишүүнийг Фалангист хөдөлгөөнийхөн хороосон нь 15 жил үргэлжилсэн Ливаны иргэний дайны эхлэл байлаа.

1976 - АНУ-ын Сангийн яам суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 233 жилийн ойг тохиолдуулан түүний хөрөг бүхий хоёртын шинэ долларыг гүйлгээнд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.

Финландын "Лапуа" сумны үйлдвэрт дэлбэрэлт болж 40 ажилтан амиа алдав. Энэ нь орчин үеийн Финландын түүхэнд гарсан хамгийн хөнөөлтэй үйлдвэрийн осол байсан юм.

1987 - Португали болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулж, Макаог 1999-нд Хятадын талд эргүүлэн өгөхөөр болжээ.

1997 - Гольфийн Мастеруудын цувралд Америкийн гольфчин Тайгер Вүүдс түрүүлж, уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Nuguu teneguud chini Thailand-d ochij hulgai hiih vii de.

    0 0 Хариу бичих