Энэ өдөр дэлхийн түүхэнд: Бенгалийн шинэ жил

Бенгалийн шинэ жил

Бенгалийн шинэ жилийг Пахела Байшах (Pahela Baishakh) гэх ба 13-15-ны аль нэг өдөрт нь тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүс гоёод Рабиндранат Тагорын бичсэн нарны тухай шүлэг дууг дуулан нар гарахыг хүлээнэ. Өдрийг тэд цагаан будааны хөөсөнцрөөр хийсэн сира болон бусад үндэсний хоолнуудаас бүрэлдсэн өглөөний цайгаар угтдаг. Мөн энэ өдөр Бангладешийн бэлгэдлүүдийн нэг болсон илиши гэх шарсан загас их үнэ цэнэтэй. Хүмүүс зах дээр ирэн жагсаал, концерт үзнэ. Тус орон Пакистаны бүрэлдэхүүнд багтаж байх үеэр төв Засгийн газар нь энэ баярыг хориглодог байжээ.

Өнөөдөр Энэтхэгийн нарны шинэ он “Rongali Bihu” баярууд эхэлж байгаа.  Энэтхэгчүүд хэдэн мянган жилийн өмнө энэ өдөр Ганга дагина тэнгэрээс бууж ирсэн гэдэгт итгэдэг.

Сонирхолтой үйл явдал

Өнөөдөр “Рамаяна” туульс хайлах долоо хоногийн сүүлчийн өдөр

Эрдэмтэд Рамаянаг Энэтхэгийн ууган туульс гэж үздэг. Домгийн ёсоор түүнийг зохиогч Ваальмиг аршийг Энэтхэгийн ууган найрагч гэж үздэг байна. Ваальмиг арш Рамаянаг зохиосон гэж домог бий. Энд Ваальмиг арш өглөө босоод ой дотор явж байтал модны мөчир дээр эр эм хоёр тутгалжин шувуу бие биедээ эрхлэн цэнгэж суутал нь гэнэт нэг сум исгэрэн ирж нэгийг нь алчихна. Үлдсэн шувуу үрэгдсэнийхээ сэг дээр уй гашуу болж байгааг харан их өрөвдсөнөөс нэг бадаг шүлэг цээжинд нь оржээ.

Аяа нүгэлт хар гөрөөчин яаж байна чи

Ажиг үгүй наадагч хосын нэгийг алчих чинь

Энэ нүглийнхээ харгайгаар чи хэдий урт наславч

Энхжин орших оронгүй ямагт тэнүүчлэх вий дээ гэж зүхсэн байна.

Үүнээс сэдэвлээд дээд тэнгэр Браахман Раамын туужийг зохиохыг Ваальмиг ар­шид зөвлөсөн гэдэг. Энэ нь хоёр мөрөөр шүлэглэсэн 2400 шүлэгтэй.

“Рамаяны” агуулга их энгийн. Дашаратхи хааны хүү, хаан ширээ залгамжлагч, ухаантай, үзэсгэлэн төгс Рама хүчирхэг баатруудын хоорондын  шударга тэмцлээр гоо үзэсгэлэнт Ситагийн сэтгэл зүрхийг эзэмдэн авдаг. Гэвч хөгшин хааны бага хатан түүнийг эхний шийдвэрээ өөрчлөхөд хүргэн хаан ширээнд Рамаг биш бага хатны хүү Бхаратыг суулгахаар болно. Ийм шийдвэрт гутарсан Рама Сита ба бага дүү Лакшманы хамт эцгийн гэрийг орхин явцгаана.

Дашаратха зовлонгоос болон үхнэ. Бхарата хаан ширээнд суух зүрх хүрэхгүй, тэрээр Рамаг эргэн ирэхийг гуйна. Эцэг нь шийдвэрээ өөрчлөөгүй үхсэн учир Рама  хаан ширээнд суухгүй гэдэг. Рама, Сита, Лакшман гуравын амьдарч байсан ойд ороолонгийн үзэсгэлэнт бүсгүй Рамагийн толгойг эргүүлэхийг оролдоно. Тэр нь бүтээгүй учир уурандаа өөрийн ах мангасуудын хаан Раванаг өшөө авахыг ятган түүнийг Ситагийн гоо үзэсгэлэнгээр толгойг нь эргүүлдэг. Равана Ситаг хулгайлна, Рама түүнийг хайна. Түүнд бичний хүү, салхин тэнгэр Хануман зэргийн ан амьтад, сүнс тэнгэрүүд тусална.

Хануман Энэтхэгээс Цейлоны тусгаарласан хоолойг амархан даван Ланка арал дахь Раванагийн хаант улсад  хүний нүднээс далдлан нуусан гунигт Стаг олно. Рама бич, баавгайн армитайгаар Ланкад ирэн  хүчирхэг тулаанд мангасуудыг ялан Раванаг хөнөөн Ситаг сулладаг. Гэвч  түүнийг хардан үнэнч байсан эсэхэд нь эргэлздэг. Доромжлогдсон  Сита  түүдэгт орно. “Гэтэл галын дөлнөөс Сита Агни бурханы гар дээр дахин гарч ирнэ. Гал түүнд гай тарьсангүй, дөлөн тэр шатсангүй,  Сита үнэнч ариун бус уу!”.

Рама өөрийн хаант улсад эргэн ирнэ. Бхарата  түүнд хаан ширээгээ өгнө. Гэтэл ард олон Ситаг дахин сэжиглэж эхлэнэ. Мангасын гар хүрсэн юм чинь. Сита зайлан яваад Рамаас холд  түүний хоёр ихрийг төрүүлнэ. Гэсэн ч ард олон  түүний цэвэр ариуны баримтыг шаардана. Сита тангарагласныг газар дэлхий  батлан түүнийг өвөртөө авна. Рама ганцаар үлдээд зөвхөн үхлийнхээ дараа л дахин Ситатайгаа нийлнэ.

Ингээд, Рама бол баатар, үнэнч нөхөр, ухаалаг хаан, хайрладаг нөхөр. Ста нь эмэгтэй хүний цэвэр нандин чанарын илэрхийлэл, үнэнч энэтхэг эхнэрийн бэлгэдэл юм. Түүний үхэл нь  бас л бэлгэдэл бөгөөд зөвхөн үхэл л сэжиг хардлагыг холдуулах аж. Ситагийн үхэл Рамын  аз жаргалыг  бусинуулдаг ч Рамаяныг  энэтхэгчүүд эмгэнэл гэж үздэггүй. Харин ч эсрэгээр, сайн  үйлс ялна. Хаан өөрт нь ноогдсон  хаан ширээгээ авдаг, үр хүүхдүүд нь залгамжилдаг. Рамын эхнэр Ситагийн хувь заяа  бол эмгэнэл биш. Тэрээр нөхөртөө хайртай үнэнч байсан, үр хүүхдийг нь төрүүлж өгсөн...

Нэг үгээр, “Рамаяна” ба  Рама  өөрөө энэтхэг  хүмүүсийн үндэсний   сэтгэл санаа,  тэдний амьдралын хэм хэмжээ,  угсаатны соёл урлагийн хэмжүүр болдог.  Рама ард түмний  төсөөлөлд бурханчлагдсанд гайхах  зүйлгүй. Тэдний хайртай баатар тэнгэрлэг Вишнугийн аватаруудын (аватар — нирваанд хувирах) нэг болсон юм. Түүнийг магтан дуулах Рам-лили  гэх гайхалтай барууд эдгээр хоногуудад явагдлаа.

Өнөөдөр түүхэнд

МЭ 70 - Иерусалемын бүслэлт: Ромын эзэн хаан Веспасианы хүү Тит Эзэнт гүрний еврейн төв сууринг Ромын легионы дөрвөн ангийг удирдан бүслэв.

972 - Ариун Ромын эзэнт улсын эзэн хаан аугаа хэмээгдэх I Оттон (912–973) өөрийн хүү бага Оттоныг (955–983) Византийн эзэн хаан I Иоанн Цимисхиягийн (925–976) зээ охин Феофанотай (960–991) гэрлүүлжээ. Иоанн Цимисхия энэ санаачилгыг гарган хоёр том эзэнт улсын холбоог бэхжүүлэх гэжээ. II Оттон хаанчлалынхаа 11 дэх жилд халуун хөөрлөөр өвчилсөн ба  Феофано гурван настай хаан ширээ залгамжлагч III Оттоны дэргэд төрийн хэргийг гүйцэтгэгч нь болсон байна. Төрийн хэрэгт ихээхэн чадвартайгаа харуулсан тэрээр баримт бичгүүдэд өөрийгөө “Бурханы ивээлийн эзэн хаан Феофание” гэж бичиж байсан гэнэ. Эхийнх нь хүмүүжил хүүд нь их нөлөөлсөн бөгөөд  III Оттон (980–1002) Ромын эзэнт улсын баруун зүүн хэсгийг нийлүүлэх эрмэлзэлтэйгээр Ром хотод суурьшиж байлаа.

1294 - Юань гүрний аугаа хаан Хубилайн ач Төмөр Юань гүрний хаан ширээнд сууж, хаан ширээний нэрээ "Өлзийт" хэмээн авч Юань гүрний хаан Өлзийт Төмөр болжээ.

1471 - Английн хаан ширээний тэмцэл: Засаглал нь ганхаад байсан IV Эдуард хаанаар удирдуулсан Йоркчүүд, Уорвикийн гүнгээр удирдуулсан Ланкастерчуудтай Банет орчимд тулалдав. Тулаан IV Эдуардын ялалтаар өндөрлөж, тэр хаан ширээгээ эгүүлэн авчээ.

1561 - Дэлхийн түүхэнд үл мэдэгдэх нисдэг биетийн талаар дурдсан анхны шастир бүтээгджээ. Германы Нюрнберг орчмын тэнгэрт үл мэдэгдэх гэрэл үзэгдэж улмаар хоорондоо дайтаж байсан талаар "Агаарын тулаан" шастирт дурдсан байна.

1816 - Британийн эзлэн түрэмгийллийн эсрэг Барбадосын боолын бослогыг удирдаж байсан Бусса британичуудын гарт амиа алдав. Тэрээр Барбадосын үндэсний баатар болон мөнхөрчээ.

1828 - Алдарт хэл шинжээч Ноа Уебстер толь бичиг зохиож, зохиогчийн эрхээ өөр дээрээ авсан байна.

1865 - АНУ-ын ерөнхийлөгч Абраам Линкольныг Форд театрт жүжиг үзэж байхад нь жүжигчин Жон Уилкс Бут буудав. Буудуулснаас хойш нэг өдрийн дараа А.Линкольн нас баржээ. Америкийн Ерөнхийлөгч Авраам Линьколн тэр өдрийнхөө өглөө Сангийн сайд Хью Маккалахыг хүлээн авсан гэдэг. Сайд хуурамч мөнгө үйлдэгчдээс болон улс орон санхүүгийн сүйрлийн эрмэгт ирээд байгаа учраас тэдэнтэй тэмцэх тусгай бүтэц байгуулах хэрэгтэй гэсэн байна. Ерөнхийлөгч зохих шийдвэрт гарын үсгээ зурсан ба харин орой нь театрт жүжиг үзэж байгаад буудуулан үхлийн шарх авчээ. Сангийн сайдын хөөцөлдөн бүтээсэн алба нь “Америкийн нэгдсэн улсын нууц алба” нэр авсан ажээ.

1890 - АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болон Америк тивийн улс гүрнүүдийн олон улсын бага хуралд оролцогчид Пан-Америкийн холбоог байгуулав.

1894 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисоны зохион бүтээсэн кинетоскопыг арван ширхэгийг суурилуулсан үзвэрийн газар АНУ-ын Нью-Йорк хотод байгуулагджээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн анхны кино театр болсон байна.

1908 - АНУ-ын Монтана мужийн Миссури гол дээр ган төмрөөр барьсан "Хаузерийн хос далан"-гийн эхнийх нь ачаалал даалгүй нуржээ.

1912 - Британийн зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын тэнгист нутгийн цагаар 23:40 цагийн орчимд мөсөн уул мөргөн живжээ.

1921 - Монголын нутгийг гамингаас чөлөөлж, Богд хаанаас итгэл, хүндлэл олсон Барон Унгерн фон Штернберг 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Үл дагагсадыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байв.

1927 - Шведийн Гетеборг хотод Вольво компани анхны машин үйлдвэрийн дамжлагаас гарчээ. Яг энэ өдрин Шведийн "Вольво" (VOLVO) компани, төрсөн, тус улсын үйлдвэржилт эхэлсэн гэж үздэг.

Домгоор бол 1924 оны зуны нэгэн орой стокгольмын  "Sturehof" ресторанд шар айраг ууж суусан хоёр авьяаслаг инженерүүд Ассар Габриэльссон, Густаф Ларсон хоёр автомашин гаргахаар ярилцжээ. Тэдний нэг нь "volvere" гэсэн “эргэлдэх, өнхрөх” гэсэн утгатай латин үйл үгнээс авсан "Volvo" гэсэн нэрийг ирээдүйн компанидаа өгөх санал гаргасан байна. Тэд подшипникийн үйлдвэрийн СКФ (SKF) концернд ажиллаж байсан учраас  "Вольво" түүний охин компани нь болов. Концерн ивээлдээ авч санхүүгийн тусламж үзүүлж байжээ. Габриэльссон, Ларсон хоёр ажилдаа орон Шведийн цаг уур, орон нутгийн нөхцөлд таарсан машиныг  бүтээж эхлэн анхдагч загварыг нь 1926 онд гаргав. Компанийн барааны тэмдэг Сум бүхий тойрог буюу “Ангарагийн бэлгэдлийг” зохиосон нь өнөөдөр ч анхдагч нарын радиатор төвд  байрлаж байсан газраа л  загвар  бүрийг чимж байна.  "Volvo" компани бол хамгийн найдвартай, хүч чадалтай, тавлаг машинуудыг бүтээдэг дэлхийн томоохон компаниудын нэг  бөгөөд бүтээгдэхүүн нь  дэлхийн авто үйлдвэрлэлийн чиг хандлагыг тодорхойлж өгдөг.

1929 -  Монакогийн ханхүү Пьер  вант улсын автомобилийн Гран-при тэмцээнийг анхлан нээв.  Дүрмээр 16 авто уралдагчид нийтдээ 318 км замын 100 тойргийг хийх ёстой байв.

Анхны Гран-при уралдаанд ногоон өнгийн Bugatti 35B  унасан Molsheim багийн Уильямс түрүүлэн замыг  80,104 км/цагийн дундаж хурдтайгаар туулжээ. Ингэж  Монакогийн Гран-при ("Формула-1") ба  Монте-Карло раллиийн эхлэл тавигджээ.

1930 – Улаан өндөгний ням гарагт Владимир Владимирович Маяковский өөрийгөө буудан амиа егүүтгэв. Тэрээр өмнөх хоёрдугаар сард нь Пролетарийн зохиолчдын эвсэлд элссэн байлаа.

Түүний үхлийн талаар Марина Цветаева "Арван хоёр жилийн турш  Маяковский хүн өөртөө Маяковский яруу найргаа хөнөөж байв. Арван гурав дахь жилд нь яруу найрагч босоод хүнийг хөнөөв” гэсэн юм. Үхлийн өмнөх зурвастаа “Хайрын завь ахуйн эрэг мөргөн сүйрлээ” гэж Маяковский  бичсэн байлаа.

1931 - Испанийн цэргийн өндөр албан тушаалтнууд эзэн хаан XIII Альфонсын бүх хэргэм зэргийг хурааж, Хоёрдугаар бүгд найрамдах улсыг тунхаглав.

1942 - Шинэхэн байгуулагдсан Мальта улс Жорж хааны загалмайг төрийн далбаандаа ашиглахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн хаан VI Жорж өөрөө Мальта улсад энэ эрхийг гардуулсан байна.

1961- ЗХУ-д “ЗХУ-ын сансрын нисгэгч” цолыг бий болгожээ. Хамгийн анх тэр цолыг Юрий Гагарин авсан ба дараа нь оросууд бүх сансрын нисгэгчдэдээ тэр цолыг олгосон байна. 1991 оны эцэс хүртэл Зөвлөлтийн 72 нисгэгч уг цолыг авсан байв.

1992 оны гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын хуулиар “Оросын холбооны улсын сансрын нисгэгч” цолыг бий болгон энгэрийн тэмдгийн  тэмдгийн хуучин бэлгэдлүүдийг орчин үеийн Оросын бэлгэдлүүдээр сольжээ.

1961 – “Гайхамшигт долоо” уран сайхны  киноны нээлт болов. Бүтээсэн: The Mirisch Corporation, Alpha Productions. Найруулагч: Жон Стержес. Кинонд тоглосон: Юл Бриннер, Стив МакКуин, Чарльз Бронсон, Хорст Бухгольц, Жеймс Кобурн, Брэд Декстер, Роберт Вон, Розенда Монтерос, Эли Уоллах, Рико Аланис, Пепе Херн, Нативидад Вачио, Жон Алонсо, Хорхе Мартинес де Ойос, Энрике Люсеро, Алекс Монтойя, Роберт Ж. Уилки, Марио Наварро, Вэл Эвери, Уит Бисселл, Дэнни Браво, Бинг Расселл, Владимир Соколов.

Японы “Долоон самуурай” киноны сэдвээр бүтээгдэв. Мексикийн нэгэн тосгоныхон Калверагийн дээрэмчдийн бүлэгт байнга дээрэлхүүлнэ. Тэд хамгаалахын тулд туршлагатай буучдыг хөлслөхөөр шийдсэн ба цуглуулсан мөнгө нь бага гэхдээ хотоос долоон зоригтнууд ирэн  тэднийг хамгаалж чаддаг. 1960 оны Оскарын шагналын Шилдэг хөгжим (Элмер Бернстайн) номинацид нэр дэвшигдсэн байв.

1967 - Того улсын ерөнхийлөгч Николас Груницкийг засгийн эрхээс нь түлхэн унагаснаас хэдхэн өдрийн дараа тус улсын засгийн эрхэнд генерал Гнассингбе Эядема гарчээ. Тэрээр 38 жил тус улсын засгийн эрхийг барьж байлаа.

1981 - АНУ-ын Сансар судлалын "Шаттл" хөтөлбөрийн хүрээнд хөөрсөн STS-1 буюу "Колумбиа" хөлөг туршин нислэгээ амжилттай үйлдэв.

1986 - АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы тушаалаар Ливи улсад агаарын дайралт хийж 60 хүн амиа алдсаныг эсэргүүцэн Баруун Герман улсад ажиллаж байсан Америкийн хоёр иргэнд халдсаны улмаас тэд  Баруун Берлинд амиа алдсан юм.

Түүхэнд бүртгэгдсэн хамгийн том мөндөр Бангладеш улсын Гопалганж дүүрэгт буужээ. Нэг мөндөр 1 кг-ын жин татаж байсан гэдэг. Байгалийн гамшгийн улмаас 92 хүн амиа алдсан байна.

1991 - ЗХУ-аас албан ёсоор тусгаар тогтносны дараа Бүгд найрамдах Гүрж улсад ерөнхийлөгч гэх албан тушаал бий болов.

1999 - Австралийн Сидней хотод хүчтэй аадар бороо сүүлдээ мөндөр болон хувирч 2.3 тэрбум австрали долларын хохирол учруулжээ. Энэ нь Австралийн түүхэн дэх хамгийн их хөнөөл дагуулсан байгалийн гамшиг болсон юм.

2003 - АНУ-ын засгийн газрын тушаалаар хүний генийн бүтцийг тайлах ажиллагааг зохион байгуулж улмаар хүний генийн бүтцийн 99.99 хувийг тайлж чадсан байна.

АНУ-ын цэргүүд Багдад хотыг бүрэн эзлэх цэргийн ажиллагааны үеэр Палестины зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Абу Аббас амиа алджээ.

2005 - АНУ-ын Орегон муж улс ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэрээс яг нэг жилийн өмнө Мултнома сүмд ижил хүйстнүүдийн нууц хурим болов.

2010 - Төвдийн өөртөө засах улсын Юшү хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2700 гаруй хүн амь насаа алджээ.

2014 - Нигерийн нийслэл Абужа хотод болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас наад зах нь 75 хүн амиа алдаж, 141 хүн шархдав. Мөн энэ өдөр Нигерийн Чибок хотын нэгэн дунд сургуулиас 276 сурагч охидыг барьцаалав. Энэ хэргийг Африкийн "Боко Харам" террорист бүлэглэл зохион байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)