Усан будаг торгон мэдрэмж шаарддаг

Усан будаг хүнийг татах, автуулах ид шидтэй... С.Мөнхбаатар

Олон улсын Усан будгийн холбооны анхдугаар уралдаанд “Бүргэд” бүтээлээрээ оролцож тэргүүн байрт шалгарсан усан будгийн мастер С.Мөнхбаатартай ярилцлаа. Тэрээр 2018 онд Непалд болсон олон улсын усан будгийн зургийн фестивалийн “Топ гурван зураач”-ийн нэгээр шалгарсан. Тэр Монголын усан будгийн хөгжлийг дэлхийд таниулж байгаа бахархалт уран бүтээлчийн нэг. 

Оны өмнө Нипалд оролцсон үзэсгэлэнд шилдэг гурван уран бүтээлчийн нэгээр шалгарсан байсан?

Непалд хоёр дахь олон улсын усан будгийн зургийн фестиваль 2018 оны арванхоёрдугаар сард болсон. Олон улсын уран зургийн холбооны гишүүнчлэлтэй орнуудад усан будгийн фестиваль, терминаль, биенналууд зохион байгуулдаг. Непаль улсын төв Катмандуд болсон хоёр дахь фестивальд 30-аад орны уран бүтээлч оролцон 200-гаад бүтээлийн үзэсгэлэн гарсан. Тэндээс “Топ” гурван бүтээлийг шалгаруулахад миний бүтээл нэгээр нь шалгарч нөгөө хоёр нь Непалын зураач байсан. Тэнд мастер класс хийгээч гэсэн урилгаар оролцож, шагналаа гардан аваад 200- аад уран бүтээлчийн хамт судалбарт явсан. Катмандугаасаа бурхан багшийн мэндэлсэн Лүмбинд очиж судалбар хийсэн. Судалбар зургаар “Топ 10 зураач” шалгаруулахад миний судалбар багтсан амжилттайгаар яваад ирсэн дээ.

Өнгөрсөн жил олон улсын тэмцээн уралдаан хэр оролцов. Олон улсын уралдаанд ямар журмаар оролцох вэ. Гишүүнчлэлтэй орны уран бүтээлчид л ордог уу?

Олон улсын усан будгийн холбооноос усан будгаар зурдаг зураач нартай орнуудыг гишүүнчлэлээр элcүүлж аван хоёр жилд нэг удаа биеннал зохион байгуулах, гурван жилд нэг удаа фестиваль зохион байгуулах гээд улс бүр өөрийн хугацаатай фестиваль, терминаль, биенналууд зохион байгуулдаг. Манай Монгол Улс 2015 онд энэ холбоонд албан ёсоор элссэн. 2014 онд Монголын усан будгийн нийгэмлэг байгуулагдсан. Одоогоор эх орондоо фестиваль, терминаль, биенналууд зохион байгуулах боломж бага байна. Олон улсын арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэгч, зохион байгуулалт гээд том ажил учраас түүний төлөө зориод явах хүн цөөн. Энэ чиглэлээр олон улсын тэмцээнд өөрийн биеэр оролцсон гурван зураач байна. Би олон улсын 10-аад үзэсгэлэнд оролцсон. Түүнээс 7-8-аас нь тодорхой хэмжээний шагнал авсан.

Та өмнө нь 2016 онд Иранд болсон усан будгийн зургийн олон улсын тэмцээний шилдэг бүтээлийн эзэн болж байсан шүү дээ?

Тийм ээ, онлайнаар болсон тэр тэмцээнд оролцож, нэгдүгээр байрт шалгарч байсан. Түүнээс хойш жил бүр л нэг улс руу явж уран бүтээлээрээ оролцох санаатай байна. Сүүлийн дөрвөн жил олон улсын тэмцээнд оролцлоо. Энэ жил Болгарын олон улсын усан будгийн зургийн фестивалийн хоёр дахь нь болж байгаа. Тийшээ зургаа явуулсан, ирээч гэсэн. Албани улсад өөрийн хөрөг зургаараа оролцох сэдэвтэй тэмцээн бий. Тэндээс оролцооч гэсэн байна. Мөн Энэтхэг улсад олимпийн хэмжээний даацтай, том хүрээг хамарсан тэмцээн болох юм билээ. Маш олон тэмцээн болдог. Тэр бүрт оролцоод байж чадахгүй ээ. Учир нь, хувиасаа бүх асуудлаа зохицуулж явдаг учраас хүндрэлтэй. Хэдийгээр бүтээл шалгараад оролцох боломж бүрддэг ч заримыг нь орхиж байна. Арай гайгүй явчих бололцоотой, виз гэхгүй, ойрын хямдхан ч юм уу эсвэл шагнал нь тодорхой тэмцээн рүү л явах юм.

Таны зурсан хөрөг болон байгалийн зургуудаар дамжуулан өөртэй тань анх танилцаж байсан. Ер нь өөрийнхөө хөргийг хэчнээн удаа зурж байв. Бусдыг зурахаасаа өөрийгөө зурах нь амар уу. Албанид болох тэмцээнд өөрийнхөө нэг л хөрөг зургаар оролцох уу?

Өөрийнхөө онцлог, техник, арга ажиллагааг харуулсан нэг л хөрөг зургаар оролцоно. Одоогоор сайн судлаагүй байна. Цахим шуудангаар надад оролцооч гэсэн урилга ирсэн. Ерөнхийдөө өөрийгөө сонирхоод завсраар нь зурдаг. Урдаа толь тавин нэг хэсэг зурж байсан. Гэхдээ яг энэ тэмцээнд энгийн судалбар маягаар биш судалж, бүтээлийн хэмжээнд шинэлэг байдлаар хийнэ гэж бодоод байна. Магадгүй өөрийгөө зурах нь арай дөхөм байх. Би ямар хүн билээ, яаж хийвэл миний характер илүү гарах уу гэдгийг мэдэж байгаа учраас тэр талаасаа дөхөм. Бусад хүнийг зурахад тэрхүү зургаар тухайн хүний дотоод сэтгэлийг гаргана гэдэг хэцүү л дээ. 

Таныг уран зурагт юу ингэтэл нь дурлуулав. Магадгүй таны удамд зураач байсан нь нөлөөлсөн үү?

Манай удамд авьяастан хүмүүс бий. Би багаасаа зурдаг байсан. Цаанаасаа өгөгдөл байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ 2013- 2014 оноос л эрчимтэйгээр усан будгаар дагнасан. Усан будгаар зурахад ерөнхий уран зургийн мэдлэг суурь болон дээрээс нь усан будгийн техникийг сурч байна гэсэн үг. Усан будаг өөрөө хүнийг татах, автуулах ид шидтэй юм шиг санагддаг. Ус өөрөө амьд юм. Усгүйгээр хүн амьдарч чадахгүй. Тэр утгаараа усаар зурж байгаа зураг хэрвээ зөв техникийг нь гаргаж чадах юм бол амьтай. Тэрхүү усан будгийн бие биедээ уусан хоромхон зуур гарч байгаа гайхалтай өнгө, техник гаргахыг мэдэрдэг хүмүүс өөрийн эрхгүй л дурлахаар шидтэй. Хүн эмэгтэй хүнд дурладаг шиг би усан будагт нэлээд гүн дурласан хүн. Сурах тусам усан будгийг улам хэцүүг мэдэрнэ. Заримдаа ч яаж хийх үү гээд шантрах үе ч байсан. Усан будаг дээр зааж чиглүүлэх багш байхгүй өөрөө бие даан сурч байгаа учраас мэдэхгүй зүйл дээрээ очиход өөрийн эрхгүй шантрах үе таарна. Тэр үедээ хэсэг хугацаанд орхин хэд хоногийн дараа ямарваа нэгэн гоё бүтээл эсвэл хүний зурж байгааг хараад өөрийн эрхгүй асаад очоод хийдэг. Түүнийхээ далимаар одоо тосон будгийн том түүхэн маягтай зураг зурж байгаа. Тосон зурагт хүртэл миний усан будгаар ажиллаж байсан ажлын үр дүн гарч өнгөнд нь өөрчлөлт орсон. Өмнө нь зурж байсан тосон будгийн ажлаа одоо харахад маш өөр болсон шүү. Маш богинохон хугацаанд өөрчлөгдсөнөө мэдэрч байгаа. Усан будгаар хичээллээд усан будгийг мэдрээд хийгээд эхлэхээр бусад материалуудтай ажиллахад хялбар болох юм билээ. 

Усан будаг тосон будаг шиг тэр бүр давхарлаад засаж болдоггүй учраас хэцүү техниктэй гэдэг.

Усан будагтай ажиллахад торгон мэдрэмж шаардана. Өнгө тооны шилжилтүүдийг дээрээс нь усаар зурж байгаа учраас ус хатна, ууршина. Тэр нойтон технологиудыг барин богино хугацаанд тухайн зурж байгаа зүйлийнхээ өнгө донж төрхийг олох амар биш.

Хөрөг зураг уран зураг дотроо хүнд төрөлд ордог. Зураач бүр хөрөг зураад байдаггүй болов уу?

Хөрөг зураг бол зураачийн чадварыг шалгадаг эд. Ер нь бол хүнд төрөл шүү.

Тэр тусмаа усан будгаар хөрөг зурна гэхээр амаргүй байх. Дүрслэх урлагийн төрлөөс усан будгийн төрлийг техник хэцүү гэдэг. Хуучин ОХУ-д уран бүтээлчид бэлтгэж байхад усан будгаар дагнан зурдаг зураач олон байсан. Харин одоо ховорджээ?

Хуучин манайх улсаас оюутнуудаа явуулж сургадаг байсан бол одоо тийм зүйл байхгүй болсон. Зардал өндөр энэ чиглэлээр нэг жил академик чиглэлээр суралцахад 50 мянган ам.доллар. Одоо бидний үеийн сурч байгаа, сураад ирсэн цөөн залуус бий. Тэр өндөр зардалтай сураад ирнэ гэдэг чинь тухайн хүний чадварыг маш их дээшлүүлдэг. Нөгөө талаар миний анзаарсан зүйл бол зургийн төрлүүд маань олон байдаг учраас орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээл туурвидгаас үүдээд хойшоо цэвэр уран зургийн суурь мэдлэгт дурлах хүмүүс багассан юм болов уу гэж хараад байгаа. Зүгээр хөнгөн хийсвэр сэтгэлгээн дээр тулгуурлаад хялбар арга замаар дүрслэх хэлбэр рүү нэлээд шилжиж байна. Үүнийг буруутгах аргагүй ч би үүнийг үгүйсгэдэг. Бид суурь уран зураг натурал зүйлсээ маш сайн хийдэг байх ёстой. Миний өөрийн барьдаг зарчим бол реалны зураг. Чөлөөтэй ажилласан реалны зурагт дуртай. Чөлөөт орчин үеийн урлаг гэхээсээ илүүтэй суурь уран зургийг илүүд үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гайхамшиг

    1 0 Хариу бичих