УДЭТ-ынхан "Театрын өдрүүд"-ээ Дорнодоос эхэлнэ

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо дөрөвдүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Дорнод, Хэнтий аймгуудад зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын төрөөс соёл, урлагийн талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн уран бүтээлээр хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Театрын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж, үзэгч түмний талархалыг хүлээсээр иржээ.
Энэ удаагийн аялан тоглолт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлт болж байгаагаараа онцлог. 
Аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын шилдэг бүтээлүүд багтжээ. Тухайлбал, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, зохиолч Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” нийгэм уянгын драмын жүжиг, төрийн шагналт зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилууж, орон нутгийн үзэгчдэдээ оюуны хөрөнгө оруулалт хийх юм байна. Үүний зэрэгцээ уран бүтээлч, үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулах ажээ.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд УДЭТ-ын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 70 орчим уран бүтээлчид оролцох юм байна. Аялан тоглолтын зөвлөхөөр төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, аялан тоглолтын ахлагчаар соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, уран сайхны удирдагчаар гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар ажиллах юм байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)